ВЛАДИМИР ПУТИН АРД ИРГЭДДЭЭ ХАНДАЖ ҮГ ХЭЛЛЭЭ.

2020-07-01  

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх бүх нийтийн санал асуулгын шийдвэрлэх өдрийн өмнө ард иргэддээ хандаж үг хэллээ.

 

Оросын төрийн тэргүүн Тверь мужийн Ржев хотоос ард иргэддээ хандан үг хэлсэн байна. Тус хотод Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын хөшөөг нээх ёслол болсон бөгөөд В.Путин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хамт уг цогцолборыг нээжээ. Энэ үеэр В.Путин Зөвлөлтийн дайчид үр хойчоо "өвөрмөц соёл иргэншил, агуу соёлтой Орос улсаараа бахархан, амар тайван амьдрахын төлөө тулаанд оролцсон хэмээн онцлон хэлсэн байна.

 

В.Путин сүүлийн үед оросуудад хандан нэг бус удаа үг хэлснээ сануулаад дахин үг хэлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдэгдэв.

 

“Бид зөвхөн хууль эрх зүйн тодорхой заалтуудад өөрчлөлт оруулахын төлөө саналаа өгөөгүй ээ. Бид боловсрол, эрүүл мэндийн орчин үеийн тогтолцоотой, иргэд нь нийгмийн найдвартай хамгаалал бүхий, хариуцлагатай эрх баригчид, хариуцлагатай нийгэмд амьдрахыг хүсэж буй улсынхаа төлөө саналаа өгч байна. Бид үр хүүхдүүд, ач зээ нартаа өвлүүлэн өгөхийг хүсэж, ажиллаж, амьдарч буй эх орныхоо төлөө саналаа өгч байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.

 

Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн иргэд дэмжсэн тохиолдолд л хүчин төгөлдөр болно гэдгийг цохон тэмдэглэжээ. Түүнчлэн Оросын бүх иргэн шийдвэр гаргахдаа улс орныг нэгтгэдэг үнэт зүйлс болох үнэн ба шударга ёсыг дээдлэх, ахмад үе, хүний хөдөлмөрийг хүндэтгэх, үр хүүхдээ асран хүмүүжүүлэх зарчимд тулгуурлана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. “Үндсэн хуульд оруулах гэж буй нэмэлт, өөрчлөлт нь эдгээр зарчмуудыг үндсэн хуулийн гарцаагүй баталгаа болгон нэгтгэж буй юм” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.

 

Эцэст нь тэрбээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын төлөө саналаа өгөхийг уриалаад сонголтоо хийсэн бүх хүнд талархлаа илэрхийлэв.

 

ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх Бүх Оросын санал асуулгын эцсийн шат өнөөдөр эхэлж байгаа бөгөөд тус улсын иргэд гол хуульдаа өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэх сүүлийн өдөр юм.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ 

https://www.montsame.mn/mn/read/230036

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?