ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАСАН ЗОХИЦУУЛАЛТЫГ ЗАСНА

2020-08-20  

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, УИХ-ын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа. 

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачлан боловсруулж, зохих журмын дагуу УИХ-аар хэлэлцүүлсэн бөгөөд төслөөс дэмжигдэн батлагдсан нэг заалт нь Үндсэн хуулийн 26.1 дэх хэсэгт орсон “хууль санаачлах ...эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэсэн энэхүү нэмэлт, өөрчлөлт юм. Үүнийг Үндсэн хуульд оруулах болсон гол үзэл баримтлал нь эрүүгийн болон иргэний хууль, төсөв, татварын хууль зэрэг мэргэжлийн яамны боловсруулбал зохих хууль, тогтоомжийг УИХ-ын гишүүн, мөн түүнчлэн Ерөнхийлөгч санаачилдаг байдлыг болиулах, Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх ач холбогдол бүхий хуулиудыг мэргэжлийн өндөр түвшинд хийдэл, зөрчилгүйгээр боловсруулан баталж, сайжруулдаг байх, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг дэлхийн улс орнуудын жишиг, өөрийн орны онцлог нөхцөлд нийцүүлэн хуулиар зөв тогтоох зэрэгт чиглэсэн болно.

Гэтэл УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” хэмээсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Ерөнхийлөгчийг сонгох зарчим, журмыг өөрчлөөгүй тохиолдолд хэрэгжих ямар ч бололцоогүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, ҮАБЗ-ийн тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан зохицуулалт болсон гэжээ. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 33.1.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан байна. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн дээрх хоригийг хэлэлцэж, хүлээн авахыг дэмжсэн байна. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Ганбат, Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, Ц.Туваан, Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Т.Аюурсайхан, Б.Энхбаяр, Ш.Адьшаа, С.Ганбаатар нар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос асуулт асууж тодруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байгааг илэрхийлээд, бүх ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх хүрээг хязгаарласан заалтыг засах шаардлагатай гэдгийг тэмдэглэсэн. Мөн Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйлтэй холбоотой асуудлаар ард иргэдийн дунд нэгдсэн ойлголт өгөх шаардлагатай байгааг хэллээ. Мөн ижилхэн УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн, дэд дарга Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн үг хэлэх эрхийг хасаж байгаа нь сонгогчдыг төлөөлж буй эрхийг нь хязгаарлаж байгаа үйлдэл хэмээн шүүмжиллээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт гишүүний асуултад хариулахдаа, хэн нэгний эрхийг хааж боосон зүйл байхгүй гэдгийг тодотгоод, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эвдэрчихсэн байсан засаглалын тогтолцоог зассан. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан эрхээс гадна 44 хуулиар нэмэлт эрх эдэлдэг байсан.  Үндсэндээ, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгохоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд УИХ-ын тухай хуулийг баталсан. Ингэхдээ, Ерөнхийлөгч зөвхөн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн хүрээнд хууль санаачлах эрхтэй болгож өөрчилсөн нь хэт хязгаарласан байгаа тул Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан гэлээ. Үүнд бага зэргийн алдаа гаргасан, түүнийгээ засаад явах нь зүйтэй хэмээлээ. 

Мөн тэрээр, Ерөнхийлөгч санал гаргаж Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйлд "төрийн нийтийн" гэдэг томъёоллыг оруулсан хэмээгээд, энэ нь байгалийн баялаг нь төрийн нийтийн өмч буюу ард түмний болон улсын өмч гэсэн агуулгатай гэдгийг тайлбарлав. Төрийн болон орон нутгийн тухай хуульд, "төрийн нийтийн" өмч гэсэн нэр томъёоны тодорхойлолтыг өөрчилснөөр асуудал цэгцэрнэ гэдгийг онцлов. Тиймээс Үндсэн хуулийн заалтыг мушгин гуйвуулж популизм хийх шаардлагагүй гэлээ. Тэрбээр, "Энэ УИХ-ын танхимаас өөрсдийн хийсэн ажлаа мушгин гуйвуулаад байвал ард иргэд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчдөө итгэх итгэл буурна. Тиймээс танхимдаа гишүүд үг, үйлдлээ зөв илэрхийлдэг байгаасай" хэмээв. 

Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үндэслэлтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр эрх баригчдын олонх алдаа гаргасан гэдгээ ухамсарлаад, засах нь зүйтэй гэж байгаад талархалтай байгаагаа хэллээ. Гэхдээ алдаа гаргаад засаж болдог гэсэн хандлаг гаргах нь өрөөсгөл гэв. Гишүүд Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогддог мөртлөө иргэдэд тулгарсан асуудлыг шийдэхдээ хууль санаачлах эрхгүй болно гэдэг нь логикын хувьд гажуудал болж буйг дурдав. Мөн УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэнд мөн хязгаарласан зохицуулалт орсон байгааг хэлээд, үүнийг цаашдаа эргэн харах шаардлагатай гэдгийг сануулж байв.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэхдээ, Ерөнхийлөгч хууль санаачлаад шууд баталчихлаа гэсэн үг биш, УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд батлах эсэхийг шийддэг гэдгийг тодотгоод, Ерөнхийлөгч зөвхөн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн бүрэн эрхийнхээ хүрээнд бус УИХ-ын хууль санаачлах эрхийг нь бүрэн хадгалах нь зүйтэй хэмээв. Тэрбээр, "Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт учруулж буй сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч маш чухал санал оруулж, бид баталж байсан. Ерөнхийлөгч Шүүхийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор хууль санаачилж, одоо хууль хяналтын байгууллага томоохон хэргүүдийг шийдвэрлэж байгаа бодит үр дүн гарсан. УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулсан парламентад МАН бүлэггүй байхад Ерөнхийлөгч хууль санаачилж бүлэгтэй болгох эрхийг нь хангаж өгсөн байдаг. Тиймээс Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг нь хадгалах нь зүйтэй" хэмээсэн юм. 

Мөн тэрээр, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн чуулганы хуралдаанд оролцох эрхийг хассан асуудлаар тайлбар өгөв. УИХ-ын хэвийн ажлыг алдагдуулсан бол тухайн өдрийн чуулганы хуралдаанд оролцох эрхийг нь хасдаг зохицуулалтыг УИХ-ын дэгийн тухай хуульд байгааг тэмдэглээд, энэ үйлдэл нь олон удаа давтагдаад байвал тодорхой эрхийг нь хязгаарлапдаг байх нь зүйтэй гэв. Энэ бол зөвхөн нэг гишүүний эрхийн асуудал биш, Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хууль хэлэлцэж батлах УИХ-ын гишүүдийн онцгой эрхэд халдаж байгаа асуудал гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй хэмээгээд, хэд хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэй сануулав. Тэрээр, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарласан үндэслэл шаардлагад дүгнэлт хийх ёстой. Тодруулбал, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Ерөнхийлөгч Засгийн газрын ажил руу хэт цөмөрч ордог байсан. Өөрөөр хэлбэл, өөрийн бүрэн эрхийг тэлсэн хууль санаачлах замаар Ерөнхий сайдын дээрх Ерөнхий сайд болж хувирсан. Тиймээс энэ алдааг засахын тулд УИХ-ын тухай хуулийг баталсан тул хоригийг хүлээж авсны дараа анхаарах хэдэн асуудал бий гэв. Тухайлбал, Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд УИХ-аас томилогдсон албан тушаалтанд хориг тавьж байсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын санал болгосноор томилж буй албан тушаалтанд хориг тавьснаар, Ерөнхий сайдын эрхэнд халдаж байгаа хэрэг. Түүнчлэн УИХ-аас хоригийг хүлээж авахгүй гэсэн тогтоолд хориг тавьдаг. Ийм эрхийг нь хязгаарлах зайлшгүй шаардлага байна гэв. 

Ингээд гишүүд асуулт асууж тодруулга авсны дараа УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ж.Батсуурь, Ш.Раднаасэд, Н.Энхболд, Д.Ганбат нар үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, асуудлыг эрх мэдэл талаас нь харахаас илүүтэй үүрэг хариуцлагынх нь талаас ярих хэрэгтэй хэмээгээд, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг нийгмийн бүх түвшинд хэрхэн хэрэгжиж байгаад үнэлгээ дүгнэлт хийх шаардлагатай, эрдэмтэн судлаачдыг оролцуулж нухацтай хандах хэрэгтэйг онцолж байв.

Ийнхүү УИХ-ын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тухай тогтоол батлагдлаа.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?