Сая баярын өмнөх хоёр хоногийн амралтыг тааруулаад хагас амралтын байдалтай Воронеж хот ороод ирлээ. Та бүхэнд энэ хотыг бага зэрэг танилцуулахаар шийдэв.
Зургаан дүүрэгтэй Воронеж бол хот Москва хотоос өмнөд зүгт 534 км-ийн зайд оршдог. Уг хот нь Воронеж муж болдог. Дон мөрөн дундуур нь урсаж буй энэхүү хот 1,3 сая хүнтэй. Москвагаас Воронеж орохын тулд галт тэргээр 12 цаг явах ба билетийн үнэ нь 1000 рубль, харин орон нутгийн автобусанд 1000 рубль төлөөд 8 цаг явж байж хүрнэ. Хот газарзүйн байрлалын хувьд хиймлээр бий болгосон нуурын хоёр эрэгт хуваагдаж байрладаг. Оросын анхны тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцыг барих, усан онгоц зогсох зогсоол үүсгэх зорилгоор хотын дундуур урсаж байсан дон голын усыг зориудаар боож нуур үүсгэжээ. Тийм учраас хотын иргэд баруун, зүүн эрэг гэж ярилцах ба нуурын нарийн хэсгээр барьсан 4 гүүрээр хоорондоо холбогддог.
Энэ хотод профессор Н.Е.Жуковский болон Ю.А.Гагарины нэрэмжит "Агаарын цэргийн академи" сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Мөн хотод буй 37 их, дээд сургууль, 53 тусгай сургуульд нийтдээ 127 мянган оюутан залуус суралцдаг. Эдгээр сургуулиудын заримд нь 60 гаруй Монгол оюутан залуус суралцдаг.
Хотын үүсэл гарал, түүхийн хувьд цөөн хэдэн баримт дурдах нь зөв болов уу. 17 дугаар зууны төгсгөлд Оросын эзэнт гүрний холбоотон болох Австри, Венец улсууд Испани улстай дайтах эрчимтэй бэлтгэл хийж байв. Харин энэ цаг хугацаатай давхцан Оросын I Петр царь /хаан/, Османы эзэнт гүрэнтэй хийж болзошгүй тулаанд бэлэн байх зорилгоор тэнгисийн цэргийн байнгын флот байгуулах шийдвэр гаргажээ. Энэ үед баруун зүгт Оросууд Шведтэй тулалдах нөхцөл байдал үүсээд байсныг мартаж болохгүй. Тийм учраас тэнгисийн флот байгуулж, стратегийн чухал ач холбогдол бүхий азовын тэнгисийн чиглэлийг тэнгисийн хөлөг онгоцнуудаар хүч нэмэгдүүлэх нь Османы эзэнт гүрэнтэй хоёр фронтод зэрэг тулалдахаас сэргийлэх зорилготой байжээ. Ингээд 1696 оны 10 дугаар сарын 20-нд "Боярын дум" байлдааны усан онгоц барих шийдвэр гарган ажил эхэлсэн ба 3 жилийн дараа эхний хөлөг онгоцоо барьж дууссан гэж Оросын түүхэнд үлджээ. Воронеж хотод 1696-1711 оны хооронд нийтдээ 250 нэгж орчим байлдааны усан онгоц хийсэн байна.
Хотод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгал олон тааралдах ба зам талбай, гүйлтийн болон дугуйн замын байдал харьцангуй гайгүй санагдав. Хотод цэцэг навч дэлгэрч, зүлэг, талбай ногоорч ялалтын баярын арга хэмжээнд зориулан туг, далбаа, самбараар өнгө оруулж, чимэглэсэн байсан нь үзэсгэлэнтэй харагдуулж байлаа. Та бүхэн хожим Воронеж хотод ирвэл үзэх зүйл мундахгүй олон байна.
Тухайлбал хотын албан бус билэг тэмдэгт I Петрийн хөшөө, Лизюковын гудамжинд байх муурын баримал, хар чихт цагаан Бим нохойны хөшөө, ялалтын баярт зориулсан талбай, "Гото Предестинации" усан онгоцон музей зэрэг үзэх зүйлс ихтэй хот.
Р. ЭНХБОЛД