Македоны агуу жанжин Александр хорин найман нас хүртлээ олон ч гоё үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй учирч аль дуртайгаа эхнэрээ болгох боломжтой байлаа. Гэвч эмс хүүхнүүдийг шохоорхдоггүй тэрбээр “Улс төрийг хаадуудтай л ярихаас хатадтай хэлэлцэхгүй” гэсэн алдартай үгээ хэлсэн удаатай. Тэгсэн хэдий ч залуу жанжин нэг л өдөр дурлав. Перс улсыг эрхэндээ оруулсан аян дайнаа дуусгах үедээ тэр хааных нь өргөөнд орж ирэнгүүтээ анх харсан залуу охинд шууд л сэтгэл татагдан гарыг нь атган авлаа. Хайр дурлалын сахиусан тэнгэр бяцхан Амур тэнгэрээс нисэн ирж жанжины зүрх рүү сумаа харвахаар чиглүүлснийг бид харж байна. Шивэгчин нь гүнжийн хөлд суун улавчийг нь өмсүүлнэ. Энэ үед жанжины ард зогсох асрагч авгай долоовор хуруугаа уруулдаа хүргэн “Учир ургалаа” гэсэн дохиог бидэнд сэмхэн өгч байна. Арван зургаатай гүнжийн нэр Роксана. Ингээд манай тооллын өмнөх 327 онд Александр жанжин түүнтэй гэрлэжээ. Францын зураач Пьер Миньяр энэ зургийг 1660 онд зурсан юм. Их Александр үнэхээр дурласан уу, эсвэл улс төр байсан уу гэдэг нь тайлагдалгүй үлджээ. Уран зургийг хараад үзэгч та нэгийг хэлэх биз ээ.