Хөзөр, уг нь, сонирхолтой тоглоом. Ухаан шаардана. Тархи толгойгоо ажиллуулна. Тиймээс хөзрийг оюун санааны спорт ч гэж нэрлэдэг. Харин энэ уран зурган дээр бол нэг л биш ээ. Даан ч муухай тоглож байна. Өд хатгасан улаан малгайтай хархүү заль хэрэглэнэ. Түүний хамтрагч нь эсрэг тоглогчийнх нь ардаас хөзрийг харж, хуруугаараа дохин "шпи" өгөх аж. Ингэж булхайцвал яаж тоглосон болох билээ дээ. Улаан малгайт энэ аргандаа бүр дадсан шинжтэй, өрсөлдөгчөө басан дээрэлхсэн харцаар сонжин харна. Хоёр луйварчны дунд суугаа ягаан цамцтай хөвүүн овоо хэдэн зоос цуглуулсан нь өмнөх тоглолтондоо хожсоныг илтгэнэ. Гэвч тэр хэдийгээ буцаагаад алдах нь нэгэнт тодорхой. Харин энэ залуу луйвардуулсан гэдгээ илрүүлж чадах болов уу?
Дундад зууны "Алтан үе"-ийн сонгодог зураачид хөзөр тоглодог хүмүүсийн зан авирыг илчилсэн олон уран зураг үлдээсний нэг бол яах аргагүй зураач Булоний 1615 онд бүтээсэн "Хөзөрчид" зураг юм. Хөзөр тоглохдоо башир арга хэрэглэж заншсан хүмүүс амьдрал дээрээ яадаг бол!!! Ингэхэд, хөзөр тоглох нь тухайн хүний үнэн дүр төрхийг нээн харуулдаг юм биш биз. Хүн төрөлхтөн ч хөзөр тоглосон хэвээр. Хүнээс нууцалдаг далд санаа нь хөзрийн тоглоомоор дамжиж илэрдэг ч байж болох юм. Бүгд бие биенээ гадарладаг байж таарна.
Ө.РАГЧААСҮРЭН
Дархан хот, 2021 он