Парис-Каир чиглэлд нисч явсан Египетийн зорчигч тээврийн MS804 онгоц чиглэлээсээ гарч, сураггүй болсон тухай гадны хэвлэл мэдээллүүд мэдээлсэн. Египетийн MS804 зорчигч тээврийн сураггүй болсон онгоцонд 66 хүн байсан бөгөөд 56 зорчигч, нислэгийн багийн 10 гишүүн, хоёр нялх хүүхэд байсан гэсэн мэдээллийг Египетийн агаарын тээврийн дэд захирал Ахмед Адель өгчээ.
“Хэрвээ онгоцонд ямар нэг зүйл тохиолдсон бол онгоцны багийнхан тэр даруй мэдээлэх байсан. Онгоц Египетийн агаарын бүсээс 16 км-ийн өндөрт нисч байсан учраас мэдээлэл өгөх боломж тэдэнд байсан” гэж CNN агентлаг дахь нисэх хүчний шинжээч, тоймч Мэри Шайво мэдэгджээ.
Парис-Каир чиглэлийн MS804 зорчигч тээврийн онгоц нь Парис хотоос орон нутгийн цагаар лхагва гарагийн 23:09 цагт хөөрч, Каир хотноо пүрэв гарагийн 3:15 цагт газардах ёстой байжээ. Одоогоор нислэгт чухам юу тохиолдсон нь тодорхойгүй байгаа ч Египетийн тусгай хүчин нислэгийн бүсэд хайгуулын ажил эхлүүлж, аврах ажиллагаа явуулах чиглэл аваад байгаа тухай Риа Новости мэдээлжээ.
Х. АЯЛГУУ