МОНГОЛД МЯНГА ОРЧИМ ИРВЭС БАЙНА

2021-03-17  

Монгол Алтай, Говь-Алтай, Хангай, Соёны нуруудыг дамнан ойролцоогоор 328 000 км квадрат газар нутагт нас бие гүйцсэн ирвэс ойролцоогоор 953 буюу тоо толгой нь 806-1127 хооронд тархан амьдарч байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар санаачлан манай орны цоохор ирвэсийн тархац нутгийг нарийвчлан тогтоох, тоо толгойг үнэлэх өргөн цар хүрээтэй судалгааг Монголын ирвэс хамгаалах сан, Олон улсын ирвэс хамгаалах сан, ШУА-ийн Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэн хамтран 2017 оноос хийж, ийнхүү тоо толгойг тогтоов. Үүнд МУИС-ын эрдэмтэн судлаач, Тусгай хамгаалалттай газар нутгуудын мэргэжилтэн, байгаль хамгаалагч, нутгийн иргэд гээд 500 орчим хүн 40 гаруй удаагийн хээрийн судалгаа хийсэн байна. 

Төв Азийн 12 оронд цоохор ирвэс бий. Тэдгээр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр баталсан “Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-т дэлхийн хэмжээнд цоохор ирвэсийн тоо толгой, тархац нутгийг тогтоох зорилго тавьжээ. Монгол Улс дээрх орнуудаас анхлан шинэлэг арга зүйгээр том талбай хамарсан судалгаа хийсэн онцлогтой юм. Ингэснээр Монгол оронд дэлхийд цоохор ирвэсийн хоёр дахь том популяц бүхий улс болж байна. 

Ирвэсийн хээрийн судалгаа хийх амаргүй аж. Ирвэс уулын хамгийн бартаа саад, хад асгатай, явахад бэрх газар нуугдан амьдардаг. Иймд нүдээр харж тоолох боломжгүй тул судалгааны өвөрмөц аргуудыг ашиглажээ. Тухайлбал, цоохор ирвэсийн ул мөр тогтоох тохиолдоц, автомат камерын судалгаа, амьдрах орчны загварчлал, хүзүүвчилсэн цоохор ирвэсийн шилжилт хөдөлгөөний зураглалаар эзэмшил нутгийг нь тогтоох, нутгийн иргэдээс ирвэсийн талаар асуулга авах зэрэг арга, аргачлалаар мэдээлэл цуглуулжээ.

“Цоохор ирвэсийн ул мөрийн судалгаанд цоохор ирвэс байх магадлалтай Монголын 10 аймгийн 406 800 км квадрат нутгийг хамруулсан бол автомат камерын судалгааг нийт 29 ууланд хийсэн. Асар их тооцоолол, шинжлэх ухаанд суурилсан ач холбогдолтой судалгаа юм. Энэ үр дүнгээр цоохор ирвэс аюулд өртөөд буй газар нь хамгааллын ямар үйл ажиллагааг хэрхэн явуулах арга замаа тогтоож, үр дүнтэй ажиллах боломж бүрдэнэ” гэж ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүйлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор /Ph.D/ Б.Гантулга ярьсныг тус төлөөлөгчийн газрын цахим хуудаснаа нийтэлжээ.

Мөн БОАЖЯ-ны Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн дарга П.Цогтсайхан “ Судалгааны үр дүнг үндэслээд өндөр уулын экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалах дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх боломжтой”-г дурджээ. 

Цоохор ирвэс нь эзэмшил нутгаа тогтоон, амьдралынхаа ихэнх хугацаанд ганцаар амьдардаг. Хоёр жилд нэг удаа 2-4 гүем төрүүлдэг ч бүгд нас биед хүрэх нь ховор. Гүемүүд нь эхтэйгээ 1,5-2 жил хамт амьдраад, эзэмшил нутгаа олохоор ууланд, эсвэл уулс хооронд тэнүүчилдэг. Ихэнх тохиолдолд эр ирвэсийн эзэмшил нутаг эм ирвэсийнхээс том гэнэ. Эр ирвэсийн эзэмшил нутаг давхцах нь ховор, тогтсон хил хязгаартай, ойролцоогоор 100-400 км квадрат хэмжээтэй. Ирвэсүүд хил хязгаараа ул мөр үлдээн тэмдэглэдэг. Тиймээс цоохор ирвэсийн нягтшил харьцангуй бага, тоо толгой нь ч цөөн аж.

Түүнчлэн, цоохор ирвэс өндөр уулын экосистемийн гол махчин амьтан. Тухайн ууланд ирвэс байх нь уулын экосистем эрүүл, унаган төрхөө хадгалж байгаагийн нотолгоо болдог. Тэнд байгаа аргаль, янгир, нэн ховор ургамал зэрэг биологийн олон янз байдлын оршин тогтох зохилдолгоо хүртэл цоохор ирвэстэй холбоотой гэнэ.

Ирвэс байхгүй бол өндөр уулын өвсөн тэжээлт амьтдын тоо толгойн зохилдлого алдагдаж, уул хэт талхлагдан, хөрсний элэгдэл ихсэх зэргээр унаган төрх, экологийн хувьд тааламжгүй нөхцөл үүсэхийн дохио аж. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?