“ЧАНГА” ТОДОТГОЛТОЙ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭНД УМАРД СОЛОНГОС ЦОЧИРСОНГҮЙ

2016-05-23  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ оны 1-р сарын 6-ний өдөр Умард Солонгосын эрх баригчид цөмийн туршилт хийснээ албан ёсоор зарласан нь дэлхий улс гүрнүүдийн жихүүцэл, дургүйцлийг зэрэг хүргэв. Умард Солонгосын зүүн хэсэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн нь Өмнөдийнхнийг мөн цочроож Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл нь яаралтай хуралдсан төдийгүй АНУ-ын Батлан хамгаалах яам Хойд Солонгосын цөмийн туршилтын талбайн орчим газар хөдөлснийг судлан шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Үүнээс өмнө Умард 2006, 2009 онуудад хийсэн цөмийн туршилтандаа плутони ашигласан юм. Энэ нь Японы Хирошима хот дээр хаяж байсан атомын бөмбөгтэй ижил бүтэцтэй гэсэн үг. Сүүлийн туршилтынхаа дараа  Умардын удирдагч цөмийн туршилтаа шинэ шатанд гаргаж агаар дахь изотопын нягтралаар цөмийн туршилт хийнэ гэдгээ мэдэгдэж байсан бөгөөд энэ удаад ард иргэдээ өлсгөлөнд бэлэн байхыг уриалж бүсийг нь дахин чангалуулснаар ямартаа ч санасандаа хүрэх шиг боллоо. Умардын энэхүү туршилт нь тус улсын үйлдэл дэлхийн улс гүрнүүдийн хяналтаас гарч байгааг харуулсан үйл явдал боллоо хэмээн зарим шинжээчид дүгнэхэд хүргээд байгаа юм. 

БНАСАУ-ын энэхүү үйлдлийн улмаас НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Нью-Йорк хотноо онцгой хуралдаан хийсэн юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээ болон энэхүү цөмийн туршилтын дараагаас Зүүн хойд Азид ямар өөрчлөлт гарах бол гэдэг нь  судлаачдын анхаарлыг татаж байгаа юм. Юуны түрүүнд Хойд Солонгосын гадаад харилцаанд НҮБ-аас хориг тавьснаар тэртэй тэргүй ядуурч, ард иргэдээ хоол хүнсээр хангаж чадахгүй байгаа энэ орон айхавтар өлсгөлөнд нэрвэгдэж магадгүй боллоо. Үнэндээ сүүлийн жилүүдэд Хойд Солонгос сансрын уудмыг эзэмших төлөвлөгөө, алсын тусгалтай пуужингийн хөтөлбөртөө тоймгүй их хөрөнгө зарж эдийн засгаа гаргуунд нь хаясан. Мөн дөнгөж өнгөрсөн 7 хоногт Ким Чен Ун ард иргэдээ өлсгөлөнд бэлэн байхын зэрэгцээ өрх бүр улсдаа нэг килограмм цагаан будаа тушааж байхыг үүрэгдсэн нь олон улсын санааг улам ихээр зовоож эхлээд байна. 

Хориг арга хэмжээнд юу тусгагдав? 

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл БНАСАУ-ын эсрэг 2270 дугаар тогтоолыг шинээр батлав. Энэхүү хуралдаанаар Хойд Солонгосын Нэгдүгээр сарын 6-нд хийсэн цөмийн цэнэгт пуужингийн туршилт нь Цөмийн зэвсгийг нэмэгдүүлэхгүй байх (NPO) Энхийн гэрээг зөрчиж тухайн бүс нутаг болон бусад улс оронд тогтворгүй байдал үүсгэсэн гэж үзсэн юм. Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын хөөргөсөн тив алгасагч пуужинг буруушааж, Умард Солонгосыг маш яаралтай олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардав. Энэ удаад НҮБ-аас БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахаас аргагүй нөхцөл байдалтай тулаад байгаа юм. Энэхүү хориг арга хэмжээнд ачаа тээврийн хяналт болон нисэх онгоцны түлштэй холбоотой зэрэг олон заалтууд тусгагдсан байна.

Тухайлбал улс орнууд өөрийнхөө нутаг дэвсгэр дээр тээвэрлэгдэж байгаа болон дамжин өнгөрч гарч байгаа Умард Солонгосын бүх ачаа тээшийг шалгах эрх, үүрэгтэй талаар тусгагджээ. Үүнд онгоцны буудал, далайн боомтууд, чөлөөт худалдааны бүс зэрэг газруудыг багтаан ойлгох юм. Уг хориг арга хэмжээгээр НҮБ-ын гишүүн орнууд өөрийн болоод улсынхаа  харъяат усан онгоц, нисэх онгоц мөн түүнчлэн багийн үйлчилгээг түрээсээр болон ямар нэгэн хэлбэрээр Умард Солонгост ашиглуулахгүй байхыг заасан байна. 

Энэ шийдвэрийг зөрчвөл аливаа улс орон Умард Солонгост дэмжлэг үзүүлсэн буюу цөмийн зэвсгээр хөөцөлдөх арга хэмжээг дэмжсэн хэрэг болно. Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр улс орнууд төрийн туг далбаагаа Умард Солонгосын усан онгоцуудад ашиглуулах эрх олгох болон нутаг дэвсгэртээ нэвтрэхийг хориглох тухай тусгагдсан байна. 

Түүнчлэн бүх улс орнууд Умард Солонгосын агаарын тээврийн онгоцыг  зөвхөн онцгой шаардлагатай ослын буулт хийх тохиолдолд л газардахыг зөвшөөрөх бөгөөд бусад бүх тохиолдол буюу  хориг арга хэмжээг дагаж мөрдөх учиртай. Умард Солонгосын хүнсний хангамж, худалдаа, солилцоо болон экспортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэж буй нисэх онгоцыг газардуулах, хөөргөх болоод нутаг дэвсгэр дээгүүрээ нисгэхийг мөн хориглов.

Аюулгүй зөвлөлийн шийдвэрийн дагуу Умард Солонгос нүүрс, хүдэр, төмрийн хүдэр, алт, титаны хүдэр, ванадий хүдэр гэх мэт газрын ховор ашигт малтмалуудыг худалдах болон худалдан авах эрхгүй бөгөөд улс орнууд уг арга хэмжээнд багтсан ашигт малтмалуудаар Умард Солонгостой худалдаа эрхлэх,  хангахыг хориглох ёстой. Мөн нисэх онгоцны түлш буюу нисэх онгоцонд ашигладаг керосины төрлийн болоод пуужингийн төрлийн бүх түлшийг өөрийн оронд үйлдвэрлэсэн эсэхээс үл хамааран Умард Солонгос руу нийлүүлэхийг хориглосон. Бусад олон улсын гэрээ конвенци болон Аюулгүйн зөвлөлөөс шинээр баталсан уг хориг арга хэмжээг зөрчиж ямар нэг хэлбэрээр Умар Солонгост дэмжлэг туслалцаа үзүүлсэн НҮБ-ын гишүүн орнууд болон түүнд оролцсон Пёнъяны дипломатууд болон засгийн газрын төлөөлөгчид эсхүл засгийн газрын харъяа албадын төлөөлөгчдийг албадан гаргах шаардлагатай болж байгаа юм. Гишүүн орнууд Умард Солонгосын иргэдийг нутаг дэвсгэртээ цөмийн зэвсгийг бүтээх, хөгжүүлэх утгатай тусгай сургалт, тусгай бэлтгэлд хамруулахгүй байх нь зүйтэй зэрэг олон анхаарал татахуйц хориг арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. 

Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэрх  улс орнуудын байр суурь 

АНУ-ын төлөөлөгч :  Бидний өнөөдөр баталсан энэхүү хориг арга хэмжээ нь сүүлийн 20 жилд байгаагүй өргөн хүрээг хамарсан том хориг  боллоо. Энэ нь Пёнъяныг цөмийн зэвсэггүй болгох тухай хэлэлцээрийн ширээнд дуудан авчрах нөхцлийг бүрдүүлж магадгүй юм гэж мэдэгджээ. Тэрээр “Умард Солонгос сүүлийн 20 жилд цөмийн зэвсгийн туршилт хийсэн цорын ганц орон. Тус улсын зүгээс бусад улс орнуудад цөмийн зэвсгээр далайлган сүрдүүлж заналхийж буй нь ард иргэдийнх нь амьдрал ахуйд сөрөг нөлөөллийг авчирч байна. Үүнийг өөрчлөх эсэх нь  тус улсын засгийн газрын шийдвэрээс шууд хамааралтай” гэв.

БНСУ-ын төлөөлөгч : “Пёнъяны зүгээс хийж буй үйлдэл нь Цөмийн зэвсгийг  бууруулах тухай олон улсын гэрээг зөрчиж байгаа төдийгүй, энэ нь цаашлаад тухайн бүс нутагт зэвсэгт сөргөлдөөнийг эхлүүлж ч мэдэх юм. Хүн амын дийлэнх нь ядуу нөхцөлд амьдардаг төдийгүй байгалийн ховор нөөцөө зэвсэг үйлдвэрлэхэд ашиглаж байгаа нь харамсалтай. Хориг арга хэмжээний үр нөлөөгөөр өөрчлөгдөж,  хүн амынх нь амьдралын хүнд байдал нь дээрдэнэ гэдэгт найдаж байна” гэжээ.

Их Британийн төлөөлөгч :  Зөвлөлийн зүгээс шийдвэрлэсэн энэхүү тогтоол нь урьд өмнө байгаагүй хатуу хоригуудыг багтаасан.  Хориг нь  хүмүүнлэгийн бус шинж чанарыг агуулах ёсгүй бөгөөд хориглоогүй үйл ажиллагаанд нөлөөлөх эсвэл олон улсын тусламжийн байгууллагын хүсэл, хүчин чармайлтыг үгүй хийхэд чиглэгдээгүй болно” хэмээн цохон тэмдэглэв. Мөн тэрээр шинээр нэмэгдсэн Ачаа тээврийн шалгалтын тухай заалтууд нь Венийн конвенцид тусгагдсан Дипломат Харилцааны тухай гэрээтэй зөрчилдөхгүй байгааг нэмж хэлэх нь зүйтэй гэсэн байна.

БНХАУ-ын төлөөлөгч : Уг тогтоол нь Солонгосын хойгт болж буй хурцадмал байдлыг тогтворжуулахад чиглэгдсэн нь зүйтэй бөгөөд ингэснээр болж буй үйл явцыг энх тайвны замаар шийдэх яриа хэлэлцээр болоод цаашлаад цөмийн зэвсэггүй орон болгох талаарх хэлэлцээрүүдийг хийх боломжийг эргүүлэн авах нөхцөл болно гэж үзэж байгаа тухайгаа мэдэгдсэн байна. ОХУ-ын тал БНХАУ-тай санал нэгтэйгээр уг хориг арга хэмжээг “бага зэрэг чанга” боловч зургаан талт шинэчлэл болон Пёнъяныг хэлцлийн арга замд хүргэхэд гол үр нөлөөтэйг дурьджээ. 

 

 

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?