СҮҮЛИЙН 42 ЖИЛД ХАМГИЙН ДУЛААН 11 ДҮГЭЭР САР 1994 ОНД ГЭЖ ТЭМДЭГЛЭГДЖЭЭ

2021-11-01  

Цаг уурын байгууллагаас 2021 оны 11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ. Өвлийн улиралд ордог цасны хэмжээ, тэр дундаа  11 дүгээр сард цас орсон өдрийн тоог 1981–2020 оны  хооронд тооцоолон зураглан гаргажээ.  Их нууруудын хотгор, Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газар болон Дорнод, Монголын тал нутгаар сард дунджаар 5–7 өдөр гэж тогтоосон байна. Эндээс уул зүйн нөлөөгөөр уулынхаа ард талд бага хэмжээний бага даралтын орон гүнзгийрч хотгор газрууд болон гол нуурын хөндийгөөр цас орох тохиолдол харьцангуй их байдаг нь харагдсан байна. Бусад нутгаар 1–5 өдөр цас ордог ажээ. Манай оронд X сараас эхлэн цасан бүрхүүл үүсч, 11 дүгээр сарын сүүл гэхэд цасны зузаан 3,5–4,5 см хүрч нэмэгддэг юм байна. Арваннэгдүгээр сарын агаарын температурын ОЖД нь Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -16…-20°C, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар -2...-8°C, бусад нутгаар -8...-16°C хүйтэн байдаг аж.

Дэлхийн цаг агаарын байгууллагаас олон жилийн дундаж (ОЖД) гэдэгт 1981-2010 оныг багтаасан байна. Арваннэгдүгээр сарын агаарын дундаж температур 1980, 1983, 1988, 1994, 1995, 2001, 2005–2008, 2010, 2020 онуудад ОЖД–аас дулаан байсан байна. Харин 1979, 1981, 1984–1987, 1989, 1993, 1996, 2000, 2003, 2009, 2012, 2016 онуудад ОЖД–аас хүйтэн байсан байна. Харин 1979 оноос хойшхи  буюу сүүлийн 42 жилд хамгийн дулаан 11 дүгээр сар 1994 онд гэж тэмдэглэгджээ. Тухайн жилийн 11 дүгээр сар ОЖД-аас 3°C-аар дулаан байсан байна. Харин энэ хугацааны хамгийн хүйтэн   11 дүгээр сар 2000 онд тохиожээ.  Тэр жилийн 11 дүгээр сар ОЖД-аас 4.5°C-аар хүйтэн байсан байна.  

Монгол Улсын нутаг дэвсгэрийг доорх дөрвөн бүсэд хувааж цаг агаарын  урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэдэг. Тэгвэл:

Баруун аймгуудад: (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төвийн аймгуудад: (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн  аймгуудад: (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говийн аймгуудад: (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэж тайлбарлажээ. Цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллийн тулах цэг нь болдог энэ нэршил алхам тутамд хэрэглэгдэнэ.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан. Баян–Өлгийн нутаг, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр чийг (хур тунадас) ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй гэжээ. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан.  Мөн нийт нутгаар чийг (хур тунадас) ОЖД–аас бага байх төлөвтэй гэжээ. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, зарим үед түр зуур 10–12 м/с хүрч ширүүснэ. 

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард Дорнодын нутаг болон Сүхбаатарын зүүн хагаст ОЖД–ийн орчим, бусад нутгаар агаарын температур дунджаас дулаан (Зураг 6), хур тунадас Дорнод, Сүхбаатарын нутгаар чийг (хур тунадас) ОЖД–ийн орчим,  бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй гэжээ. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, зарим үед түр зуур 10–12 м/с хүрч ширүүснэ. 

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард нийт нутгаар агаарын дундаж температур ОЖД–аас дулаан. Дорноговийн зүүн хэсгээр чийг (хур тунадас) ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй гэжээ. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим газраар түр зуур 12–14 м/с, ялангуяа нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй гэсэн төлөв гарчээ.

Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хувь хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх утгаар ойлгох нь чухал юм байна.  

ОЖД-аас агаарын дундаж температур 11 дүгээр сард ихэнх нутгаар дулаан, харин нутгийн зүүн хэсгээр буюу Дорнодын нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр ОЖД-ийн орчим байна.  Ихэнх нутгаар чийг (хур тунадас ОЖД-аас бага байх бололтой. Гэвч Баян-Өлгийн баруун, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр буюу нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун хэсгээр, дунд үеэр төв болон говь талын нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. Мөн нэгдүгээр арав хоногийн дунд үеэр агаарын температур бага зэрэг сэрүүсэх бол хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байгааг цаг агаарын байгууллагаас гаргасан 11 дүгээр сарын  зөвлөмжид  анхааруулжээ.

Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?