МОД ТАРЬЖ УРГУУЛАХАД ЭРДМИЙН ЦОЛ, ӨНДӨР БОЛОВСРОЛ ШААРДАГДАХГҮЙ

2021-11-08  

 Шотландын Глазко хотноо үргэлжилж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн чуулганы” индэр дээрээс Монгол улсын маань ерөнхийлөгч У.Хүрэлсүх “2030 он хүртэл Монголчууд нэг тэрбум мод тарина” гэж НҮБ-ын индэр дээрээс хийсэн амлалтаа дахиад батламжилчихлаа. Хэлэхэд амархан хийхэд хэцүү дээ. Одоо яана даа, монголчууд аа! Энэ ачааллыг нуруун дээрээ үүрдэг гол хүмүүс нь энэ долоо хоногийн турш “Яаж?” гэдгээ ярилцаж хэлэлцэхээр цуглаж байна. Үүнтэй холбогдуулан өөрийн бодлоо хуваалцаж, саналаа дэвшүүлье гэж бодлоо. Сануулахад, ерээд оны ардчиллын залуучуудын жалга руу таягдаад чулуудчихсан Бал даргын социализмын үед ойн ашиглалттай зэрэгцээд нөхөн сэргээлт, мод үржүүлгийн ажил муугүй хийгддэг байлаа. 70-аад оны үед байгуулагдсан Ой модны аж үйлдвэрийн яам удирдан мод ихээр хяргаж байсан нь үнэн. Тэр үед одоогийнхтой адил газар нутгаа ухаж төнхөж, хамаг баялгаа гадагш нь зөөдөг уул уурхай байгаагүй . Ядуу Монголд эдийн засгаа ойгоо ашиглан нөхөхөөс өөр нөөц бололцоо байгаагүй. Тэр үед ойн баялагаа ашиглан төсвийнхөө 10 хүртэл хувийг бүрдүүлдэг байсан нь хөдөлшгүй баримт. Гэхдээ үүнтэй зэрэгцээд Завхан, Архангай, Булган Сэлэнгэ, Төв, Хэнтий... гээд аймгуудад мод үржүүлгийн аж ахуйг олноор нь байгуулж, мэргэжлийн боловсон хүчин ажилчдыг бэлтгэн сургаж, ойн нөхөн сэргээлтийг жинхэнэ номынх нь дагуу хийдэг байлаа.

Ерээд онд , энэ системийг төрөөс зориуд зохион байгуулалттайгаар дампууруулж, Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумд, Хялганат орчмын нутагт ургадаг жаахан тужийн нарсаа сорчлон хядаад өмнөд хөрш рүү ачуулсан. Тэр үед мод гаргаснаар Монголын эдийн засаг сэхсэн сэргэсэн гэвэл тэрнээс худлаа юм байхгүй. Дараахан нь Хялганат, Түнхэл тосгоноор явж байхдаа тэр үед мод гарган “цулайж” байсан хүмүүсийн амьдрал яаж доройтсоныг нь харахаас нүд хальтирмаар болчихсон байсан. Нөгөө лус савдгийн хараал тусчихсан юм уу гэлтэй. Муруй хазгай, эв хавгүй бие бялдартай байсныхаа ачинд Хятадуудад гологдон амьд мэнд үлдсэн жаахан хар мод маань хулгай, түймэрт автаж, өт хорхойнд идүүлээд, өтөлж хөгшрөөд өнөөдөр амь тавихад тун ойрхон байна. Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Завханы их ой байнга жил болгон шахуу түймэрт өртдөг. Түймрийн эзэн холбогдогч нь тогтооддоггүйгээс гадна ихэнх нь хойноос орж ирдэг боловч бид оросуудаас “айгаад” дуугаа хураацгаадаг. Өөрчлөх цаг нь одоо болсон, үүнтэй холбоотой гэрээ хэлцэл манай хоёр орны хооронд байдаг эсэх нь бүү мэд. Дэлхийн баячууд уур амьсгалын өөрчлөлтөнд хүчин зүтгэсэн орнуудад тэрбум тэрбумаар нь ч хамаагүй доллар хандивлана гэдгээ сая Шотландын Глазго хотын чуулганы индрээс мэдэгдлээ. Түүний дотор бидний сайн мэдэх “Амазон” компани 10 тэрбумыг өгнө гэдгээ бүр уржнан зарлачихсан. Хулхидчих вий дээ, энэ нөхдүүд. Байнга сануулж байхад гэмгүй л байх. Үг олдож үхэр холдов, үндсэн асуудалдаа оръё. Нэгэн зүйл. Юуны өмнө ирэх арван жилд үлдсэн жаахан ой модоо яаж хамгаалахав нөхөн сэргээхэв гэдгийгээ давхар бодолцсон төрийн бодлого хэрэгтэй байна. Тэртээ 50-60 жилийн өмнө тайраад хаячихсан модны хожуулын үндэс өгөрч ялзраад дээр нь мод ургуулах таатай орчин бүрдсэн. Түүнийг нь ашиглаад “нэг хожуул-нэг мод” гэсэн төсөл хэрэгжүүлбэл ямрав? Ингэвэл хожуул бүрийг газартай нь тэгшлэн тайрч боловсруулж борлуулаад тэрбум мод төслийн санхүүжүүлэлтэнд нэмэрлэх, нөгөө талаас ойн цэвэрлэгээ хийж нэг сумаар хоёр туулай буудаж болно. Нэгэн зүйл. Тэрбум модыг цөөхөн хүн амдаа хуваагаад үзвэл аманд багтахааргүй аймшгийн тоо гарна.

Мод тарих ажлыг албан газрууд, пүүс компани, цэргийн ангиуд гээд компаничлах юм бол амархан л даа, гэхдээ яаж арчилж ургуулахав гэдэг л шүдний өвчин болно. Юуны өмнө мод тарихаар санаа шулуудсан иргэн бүрт “Яаж, ямар аргаар?” гэдгийг нь зааж сургах анхан шатны экологийн боловсрол олгох ёстой. Тэгэхгүй бол сохор хүнд хүрз бариулсантай адил юм болно. Харандаан чинээ модыг аягынхан чинээ нүхэнд суулгачихаад манай албан газар тэдэн мод тарилаа гээд одоогийнх шиг дэвхцээд байвал энэ ажил яваандаа нуран унах нь гарцаагүй. Нэгэн зүйл. Мал дагавал ам тостоно гэдгийг мэдэх Монголчуудад мод таривал амьдрал нь дээшилж болдгийг харуулахын тулд хамгийн гол нь эдийн засгийн хөшүүрэг чухал. Хятадууд жилдээ хэрхэн мянга мянган км ногоон хэрэм босгоод байгаагийн учрыг хоёр жилийн өмнө Ордосд уулзсан өвөр монгол залуугийн ярианаас ухаж ойлгосонсон. Хятадын төрөөс зохион байгуулан таван жилээс дээш настай, 1 метрээс доошгүй өндөртэй модыг ард иргэдээсээ өндөр үнээр худалдаж авч тухайн айлыг урамшуулсан аж. Энэ бодлого нь хүн бүрийг мод тарих эрмэлзэлтэй болгосон байна. Яагаад гэвэл хүний өөрийн хаа ч байсан ялгаагүй мод л бол мод. Тэд хүний өөрийн ялгаагүй ургасан орчныхоо агаарыг цэвэршүүлдэг, дэлхийн дулаарлын үндсэн шалтгаан болсон нүүрсхүчлийн хий болон утаа тоос дуу чимээ шингээдэг учраас. Мөн Хятадын төр засгийнхан шинээр тарих гэж байгаа модоо нэгбүрчлэн үнэлээд тарих газрыг нь сонгож, усалгаа, бордооноос авахуулаад ургах нөхцлийг нь бүрдүүлэх зардлыг нь өгчихөөд таван жилийн хугацаатай хатуу гэрээ хийдэг юм байна. Тарьж ургуулж чадах модных нь тоогоор 30 хувийнх нь урьдчилгааг шууд өгчихдөг, гэрээнийхээ дагуу жил бүр 10 хувийг нь урсгал зардал маягаар авсаар модоо ургуулж , улсад тушаасныхаа дараагаар үлдэгдэл мөнгөө 100 хувь авдаг жишиг тогтжээ. Энэ нь тухайн айл өрх хот суурин газарт шилжиж очоод байр орон сууц худалдаад авчихад хүрэлцээтэй хуримтлалыг бий болгожээ. Нэгэнт модны “амтанд орчихсон” хүмүүс хэдэн малаа ч тоохоо байчихдаг гэнэ. Хүнээр өтчихсөн Хятад улс ийм маягаар жил бүр мянга мянган га-гаар хэмжигдэх газар ойжуулалт хийж, элсэн цөлийг бүү хэл хад асгатай уулыг хүртэл ногооруулж байгаагаас санаа авахад илүүдэхгүй. Нэгэн зүйл. Мод үржүүлэг эрхэлдэг аж ахуйнуудад мөнгийг зүгээр тараагаад өгчих биш төсөл шалгаруулах замаар дээрх маягаар гэрээгээр санхүүжилт олгож, хамгийн гол нь санхүүжилтийг нь шилэн болгочихвол энэ ажил инерцээрээ өөрөө явчих боломжтой. Одоогийн мод үржүүлгийн газруудын хамгийн том бэрхшээл бол газрын асуудал юм.

Хамаг өнгөтэй өөдтэй газрууд нь наймааны сүлжээнд орчихсон болохоор усны боломжтой үржил шимтэй хөрс бүхий газрууд нь одоо үнэд орчихсон. Газрын асуудлыг шууд шууд шийдээд өгчих юм бол энэ ажил цаашаа явна. Харин мод тарина гэж газар авчихаад байшин барилга бариад эхлэх юм бол шууд хураадаг хууль нь үйлчлэг. Нэгэн зүйл. Мод тарьж ургуулахад нэг их эрдмийн цол зэрэг, өндөр боловсрол хэрэггүй. Түүнийг ургуулах гэсэн тухайн хүний чин сэтгэл, дадлага туршлага юунаас илүү чухал. Би хашаандаа хэдэн мод тарих гэж 15 жил ноцолдлоо. Надад МГУ-д (Москвагийн Их Сургууль) 10-аад жил сурсан эрдэм боловсрол айхтар тусалсангүй, харин шороотой хутгалдсан хүч хөдөлмөр, хэлний мэдлэг маань л тус дэм боллоо. Ямар модыг яаж тарьдгийг заагаад зөвлөөд өгчих комьпютер , гар утас, интернет хааяагүй байна. Гагцхүү орчуулагчгүй уншаад ойлгочих хэлний мэдлэг л эхний ээлжинд хэрэгтэй. Мод тарих орчин үеийн технологи үсрэнгүй хөгжжээ. Дрон ашиглаад ганцхан жилийн дотор сая сая га-д мод тарьчихаж ч болно. Харин яаж ургуулах вэ гэдэг дээр л ухаан санаагаа уралдуулцгаая даа. “Манай дэлхий сансраас харахад мөн гоё үзэсгэлэнтэй шүү. Тэгэхдээ өчүүхэн жижигхэн юм билээ. Хайрлаж яваарай, Хүмүүсээ” гэж сансарт ниссэн анхны Монгол хүн хэлсэн. Тэр гоо үзэсгэлэнг бүрдүүлэгч нь ой мод юм шүү дээ.

Монголдоо нэг тэрбум мод тарьчихвал мөн сайхан аа...

Ш.Пүрэвсүрэн 2021-11-07

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-11-10
DR. PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?