ТОМ УЛСУУД ХОЁР ТУЙЛД ЭРЧИМТЭЙ ШИЛЖИЖ БАЙНА

2022-05-03  

Германы канцлер Олаф Шольц ОХУ-ыг тойрон нисэж, Японд айлчилж, ерөнхий сайд Кишида Фумиотой хэлэлцээ хийв. ОХУ-ын Украин руу довтолсон явдал, Хятад олон улсын худалдааны гол зам болох далайд үйл ажиллагаагаа нэмэгдүүлж байгаа асуудал Шольц болон Кишида нарын гол хэлэлцэх сэдэв болсон гэж ажиглагчид үзэж байна. Энэ хоёр улс зэвсэглэнэ гэдгээ ил тод зарлаад байгаа бөгөөд Европын холбоо Ази тивээс анхаарлаа салгаагүй гэдгээ харуулах мессэж гэж олон улсын судлаачид дүгнэж байна.

Олаф Шольц өнгөрсөн арванхоёрдугаар сард албан тушаалаа авснаас хойш анх удаа Азийн оронд хоёр өдрийн хугацаатай айлчилж буй нь энэ юм. Тэрбээр Ерөнхий сайд Кишидатай уулзсан бөгөөд Оросын түрэмгийллийн талаар ярилцаж, Германы удирдагч “G7”-г даргалах улсын хувьд тус байгууллагын Азийн цорын ганц гишүүн Япон улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гэж байна гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Хоёр улсын тэргүүн Орос-Украины дайнаас гадна Хятад улсын дэлхий дахинд үзүүлэх нөлөөний талаар хэлэлцсэн гэж албаны хүмүүс мэдээлэв. Мөн Батлан хамгаалах чадвараа эрс сайжруулна гэж зарласан Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл ирэх сарын 21-ний өдөр Сөүл хотноо АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай дээд хэмжээний анхны уулзалтаа хийх гэж байна. Энэ уулзалтаар хоёр улсын хоорондын харилцаа, Хойд Солонгосын бодлого, эдийн засгийн аюулгүй байдал болон бусад олон улсын чанартай асуудлуудыг хэлэлцэнэ гэж мэдэгдлээ. Ерөнхийлөгч Жо Байден ирэх сарын 20-22-нд Өмнөд Солонгост айлчлах нь тодорхой болсон юм. Харин ерөнхийлөгч Юн Сук Ёл тавдугаар сарын 10-нд албан тушаалаа хүлээж авна.

Иймээс Юн албан тушаалаа хүлээж авч, тангараг өргөснөөс хойших анхны уулзалтаа ийнхүү хийх гэж байна. АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд ч мөн өнгөрсөн оны нэгдүгээр сард албан тушаалаа хүлээж авснаас нь хойших анхны Өмнөд Солонгосын айлчлал болох юм. “Энэ удаагийн уулзалт хоёр орны цаашдын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх түүхэн эргэлтийг бий болгоно” гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Бэе Хьюн Жин мэдэгдээд байна.

БНАСАУ тив алгасагч баллистик пуужингаа амжилттай харваж Солонгосын хойгт хурцадмал байдал үүсээд байгаа үед энэ уулзалт болох юм. Мөн өнгөрсөн долоо хоногийн эхээр Хойд Солонгос цэргийн парад зохион байгуулж, умардууд ямар ч дайнд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа билээ.

Хятад, Иран улс АНУ-ын шахалт улам ихэсч байгаа тул батлан хамгаалах салбар, цэргийн сургуулилтаа нэмэгдүүлэх талаар хэлэлцэн тохиров. Ираны Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Мохаммад Багери Хятадын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэтэй уулзан хоёр улс цэргийн сургуулилт, мэдлэг солилцох чиглэлээр хамтран ажиллана гэж мэдээлэв. Хятадын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, Вэй Фэнхэ Тегеранд айлчилж, ерөнхийлөгч Эбрахим Раиситэй уулзан, өнөө цагийн асуудлаар ярилцсан бөгөөд Вэй “Энэ удаагийн айлчлал нь Хятад, Ираны харилцааны ач холбогдлыг илэрхийлж, харилцан тууштай дэмжин хамтран ажиллах ахиц дэвшил гарсныг харуулж байна” гэсэн байна. Мөн “Хятадын арми Ираны талтай стратегийн харилцаа холбоогоо хадгалж, хамтын ажиллагааны механизмыг сайн ашиглаж, бодит хамтын ажиллагааг ахиулж, хоёр армийн харилцааг илүү өндөр түвшинд гаргахад бэлэн байна” гэв.

Украины нөхцөл байдлын талаар Хятад улс Оросыг буруушаахаас татгалзаж байгаа нь хүний эрх, худалдааны дайн, Өмнөд Хятадын тэнгис, Тайвань, Хонконг, Шинжааны асуудлаарх маргаан дээр нэмэгдэн Хятад, Америкийн хурцадмал байдлын шинэ шижүүр болж байгаа юм. Ийнхүү том улсууд яг л хүйтэн дайны үе шиг хоёр туйл руу ялгаран хуваагдах явдал улам эрчимжиж байна.

Монгол Улсын хувьд нэгдүгээрт, монголчуудын өнгөрсөн зуунд сонгож авсан Ардчилсан тогтолцоо. Энэ нь нэгдмэл нэг бас ардчилсан улс учир АНУ, Европын холбоо, Швейцарь, Австрали, Канад, Япон, Энэтхэг, БНСУ гэх мэт ардчилсан улсууд Монголд хэзээ ч тусална гэсэн үг. Хоёрдугаарт, Ардчилсан нэгдмэл нэг улсын хувьд НҮБ-ын 194 гишүүн улсын 193-тай дипломат, гол таван том улстай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж чадсан явдал. Үүнд нь бусад улстай газар нутгийн ямар нэг маргаангүй байдал чухал нөлөө үзүүлсэн. Гуравдугаарт, хоёр хөрш нь адил хүчтэй байхад монголчуудад ашигтай байдаг байсан уламжлалт нөхцөл АНУ ОХУ-ыг гол дайсан, БНХАУ-ыг гол өрсөлдөгч хэмээн албан ёсоор зарлан эдгээр улсыг ганцаардуулах бодлого эрчимтэй явуулж буй шинэ нөхцөл байдлаар солигдсон явдал. Дөрөвдүгээрт, Украин, Тайвань гэх зэвсэгт мөргөлдөөний цэг монголчуудын яг эсрэг тал руу чиглэж буй явдал. Тавдугаарт, монголчууд хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдлаа хангаж чадах бүрэн боломжтой гэдгээр бусад улсаас ялгарч байна.

Энэ нь Монголын төр, засаг аль нэг туйл руу үсрээд орчихгүй бол аюул холуур өнгөрнө гэсэн үг. Харин Монголын иргэд аль талыг дэмжих нь тэдний бүрэн эрх юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?