ДУР ЗОРГЫН МАЛ АЖ АХУЙГ ЗОГСООХ ЦАГ БОЛСОН

2023-06-12  

Өнөөгийн Монголд буй нүүдэлчний гэх тодотголтой мал аж ахуйг дур зоргын мал аж ахуй гэж Өдрийн сонин бичээд удаж байна. Нүүдэлчний мал аж ахуйн өв соёлоо хадгалан хамгаалж ЮНЕСКО-д бүртгүүлнэ гэх маягтай ярьцгаадаг хүмүүс бий. Яг үнэндээ манайд цэвэр нүүдлийн мал аж ахуй гэж байхгүй гэж бид үздэг. Монголд мал маллаж байгаа байр байдлыг харвал юуных нь нүүдлийн соёл, зүгээр л дур зоргын мал аж ахуй юм. Хамгийн амархан бөгөөд өлсөж үхэхгүй байх арга бол мал дагах, тэр дундаа хэдэн хонь хариулах. Таван хошуу малаас адуу бол ямар ч хэрэггүй мал. Хөлийг нь гүйцдэггүй болохоор хариулахаас төвөгшөөдөг, тусдаа хэдэн залуус л адуучин гэж явж байгаа харагддаг. Адуу ашиг шим багатай болохоор орчин үед аж ахуйд хэрэг болохгүй гэдгийг манайхан ойлгодоггүй. XV, XVI зууныхаа сэтгэхүйгээр л адууг шүтэж орилолдоод байдаг. Үүний нэг тод жишээ бол, адууг амьдаар нь хилээр гаргахгүй гэсэн шийдвэрийг одоогийн Ерөнхийлөгч хэдэн жилийн өмнө Шадар сайд байхдаа гаргаж байх вэ дээ.

Дунд зууны үед адуу бол стратегийн чухал хэрэгсэл байсан нь яалт ч үгүй үнэн. Дайн дажинд ялалт байгуулах эсэх нь хэр шандастай адуутай байхаас шууд хамаардаг байсан цаг. Харин одоо бол мал амьтан адгууснаас илүүтэй шинжлэх ухаан, техник, технологийн ололт амжилтыг шүтэж байна. Жишээ нь, дайнд адуу биш тагнуулын, сөнөөгч, үл үзэгдэгч зэрэг тусгай үүрэг гүйцэтгэдэг дронууд эрэлттэй байна. Үүнээс харахад адуу стратегийн хэрэгсэл байхаа больсон учир ерөнхийдөө мал амьтан талаас нь тоонд шүтээд өсгөөд байх мал ч биш. Ямааг ч бас хариулж маллахад ажил ихтэй. Гүйгээд тогтдоггүй, уул хад руу авираад араас нь хөөцөлдөхөд бэрх гээд малчид цааргалангуй л байгаа харагддаг. Хариулахад амархан, дагаад явж байхад хоногийн хоол залгуулаад байдаг мал бол хонь. Гэхдээ хонио хариулаад сүйд болоод ч байдаггүй. Бэлчээр рүү хөөж гаргачихаад уул юм уу, талын мухартаа очоод хэвтчихдэг. Мал хариулдаг нэртэй, хамгийн сайхан байгальтай газар очиж гэрээ барьчихна, хамгийн онгон дагшин уул, ус, цэцэг ургамалтай газарт бууцгаадаг. Хог новшоо цэвэрлэнэ гэж байхгүй. Хонины ноосоо түүж, сэг зэмээ устгаж булж ариутгахыг хүсдэггүй. Ялаа батгана шуугиулаад байхаар нь тэгдэг юм уу бууцаа нүднээс далдруулах гэж шатааж хаячихаад явчихна. Өнөөх нь түймэр болж байгаль орчинд хохирол учруулж сум суурин, эргэн тойрныхноо сандаргана. Бууцаа овоолоод шатааж байгаа нь бол үнэндээ арай ажилтай, хүрз тармуур мэтийг гартаа барьдаг овоо хөдөлдөг айлууд нь юм даа. Малчид гэх мал дагасан дур зоргоороо амьдардаг ийм хүмүүс үнэндээ байгаль орчныг маш ихээр сүйдэлдэг. Малчид горхины эх хашаалж сэргээж, малаа бэлчээж хөрсийг нь цагаан шороогоор нь эргүүлсэн газартаа нөхөн сэргээлт хийсэн гэж сонссон удаа байна уу. Юун уул уурхай вэ, байгаль орчныг сүйтгэдэг аюултай хүмүүс бол малчид.

Мал нь ямар ч хариулга маллагаагүй учир зам дээр өнөөдүүл нь шаваад хороод зогсчихно. Хөдөөний замаар давхихад хонь мал л зам дагуу ярайдаг. Энүүхэн хойшоо Зүүнхараа орохын зуурт л зам дээр дайруулж үхсэн хонь, үхэр дүүрэн байна лээ. Мөргөсөн машин нь байхгүй, дөрвөн хөл нь тийчлээд босчихсон гэдэс нь цэрийчихсэн үхсэн малыг харахаар сэтгэл эмзэглэм. Зам дээр машинаараа давхиж явахад мал гэнэт гарч ирээд мөргүүллээ, осол гарлаа гэхэд жолооч нь малын эзнээс машиныхаа хохирлыг гаргуулж авах ёстой юм. Энэ тухай заасан хуулийн заалтууд ч бий. Гэтэл жолооч нар нь өөрсдөө голдуу малчин гаралтай, багадаа мал малладаг

байхдаа малаа бас зам дагуу хаячихдаг байсан болохоор ч тэр үү өнөө хамаг юм нь хонхойж хагарчихсан, санжсан машинаа асаагаад бушуухан л ослын газрыгорхиод зугтчихдаг.

Малчид бол нэг биш хэдэн зуу, мянга мянгаар нь амьтны амь насыг хариуцаж, дааж авч байгаа хүмүүс. Хэдийгээр малынхаа ашиг шимийг тогтмол хүртэж, идэж уудаг ч гэсэн цаана нь хариуцлага давхар явж байдаг. Ганц хонины амийг ч малчин хүн даадаг. Харамсалтай нь малчид ийм хариуцлага үүрдгээ огтхон ч ухамсарладаггүй. Хаврын хаварт л малаа зуу зуугаар нь, мянгаар нь үхүүлчихдэг. Зуднаар заавал мал үхдэг, хэвийн үзэгдэл гэсэн ойлголттой. Малаа өлсгөж алдаг, хөлдөөж алдаг. Эзэнгүй явуулснаас хонь малаа чоно, нохойд тоглуулж сэглүүлдэг. Малын хулгайчдад геноцид хийлгэж байгаа юм шиг суурь сууриар нь нядлуулдаг. Энэ болгон дээр малчид хэзээ ч хариуцлага хүлээж байгаагүй. Ийм болохоор дур зоргын мал аж ахуй гэж томьёолоод байгаа юм шүү.

Аль л бэлчээр сайтай, өвс ургамал тэгширсэн байгальтай газарт дур зоргоороо малаа оруулдаг малчдаас болж Монгол Улсын байгаль сүйрлээ. Энэ хавар хатуу ч байсныг ч хэлэх үү, малын хөлөөс

үүдэлтэй бэлчээрийн цөлжилтийн асуудал нийгмийн анхаарлын төвд орж ирсэн. Дур зоргын мал аж ахуйг хориглож, малын тоог цөөрүүлж, хариуцлагагүй

гэгдэх ийм хүмүүсийг ч болиулах хэрэгтэй байна. Одоо бол малыг чанаржуулах тухай биш зөвхөн тоо толгой нь олон байх ёстой гэж үзэж амьд байлгадаг. Таргалснаас нь хааяа ганц нэгийг барьж идчихээд заримдаа хүнд зарчихаад л суугаад байдаг. Малыг мах, сүү, ноос, ноолуур, арьс ширнийх гэж төрөлжүүлдэг, ашиг шимийг нь нэмэгдүүлбэл эдийн засгийн асар их өгөөжтэй, нөгөө талдаа байгаль экологид тустай талаар ойлголт түй ч байдаггүй. Тийм юм яривал “Монгол ёс заншлыг минь устгах гэлээ чи. Юун фермер” гэж заамдахын наагуур хилэгнэдэг. Угтаа хөгжил дэвшлийн зургаараа бол малыг төрөлжүүлж, суурин хэлбэрт орцгоож, фермерийн аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй юм. Эдгээрт тус бүрд нь уялдсан хууль, дүрэм журам, стандартыг баталж мөрддөг баймаар байна. Бүр хаагуур ямар мал, ямар төрлийн малтай фермерүүд нь байрших вэ гээд нарийн заагаад өгчих хэрэгтэй. Дур зоргын мал аж ахуйгаас салахын тулд малчдыг хариуцлагатай байлгах тал дээр нэгдүгээрт ажиллах ёстой. Түймэр тавихгүй, хог

хаяхгүй, ус бохирдуулахгүй шүү гэдгийг зааж, цөлжилтийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр зөвлөх зэргээр байгаль орчны хариуцлагыг нь хэлж өгч үүрэг хүлээлгэ. Хоёрдугаарт, малдаа, аж ахуйдаа хариуцлагатай байлгаж сургамаар байна. Өвлийн бэлтгэл гэж маш том хариуцлага юм. Өвс тэжээл, хадлан татах, дулаан байр сууц, саравч, хашаа барих зэргээр малчин хүн маш том хариуцлагыг нуруундаа үүрэх ёстой. Үүрэх ёстой гэдгийг нь сайн хэлж заа. Малчдыг ингэж хариуцлагажуулж дур зоргын мал аж ахуйг нь даруй болиулж байгаль орчноо аварцгаая.

Чаддаггүй нь биш чаддаг нь мал дээр гарах цаг болсон. Дур зоргоороо, ямар ч хариуцлага хүлээхгүй хээр хөдөө бэлчээр тахалж тэнэж явдаг малчдын татварыг нь нэмж, байгаль орчны нөхөн төлбөрийг гаргуулах зэргээр төр анхаарлаа хандуул. Сүүлийн жилүүдэд эрчимтэй тэлж буй цөлжилттэй тэмцэхийн тулд дур зоргын мал аж ахуйг шахаж, фермер, суурин мал аж ахуйн чиглэл рүү оруулах эхлэл нь хүссэн хүсээгүй улсын хэмжээнд тавигдчихлаа гэж харагдаж байна. Дорвитой өөрчлөлт, шинэчлэлтийг яаралтай эхлүүлэхгүй бол 70 сая мал хадгалдаг, хадгалсан тэр 70 сая малынхаа аясыг харсан л хүмүүс болчихлоо, монголчууд. Монгол Улс 70 сая малыг хадгалахын төлөө л оршин тогтнож байгаа ч юм шиг өрөвдөлтэй дүр зурагтай байна. 70 сая мал минь тэгчих вий, 200 мянган малчин минь ингэчих вий гэж царайчилсан, аргадсан өнгө аястай юм цухалзуулдаг болчихсон. Одоо хангалттай. Наад малынхаа тоог цөөрүүлж, малчдыг хариуцлагатай болго. Цөлжилтийг зогсооё гэвэл малчдыг хариуцлагажуулж, дур зоргын мал аж ахуйг суурин мал аж ахуй руу шилжүүлэхээс өөр гарц байхгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?