Н.ОТГОНБАЯР: БИДНИЙ ДАРААГИЙН ЗОРИЛГО БОЛ МАЛЧДЫН UBCAB

2023-06-28  

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаагийн зочноор UBCab компанийг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Отгонбаярыг урилаа. Тэрбээр “Таван хүүхэдтэй айлын “Отгонбаяр” нь би хэмээн өөрийгөө танилцуулж бидний ярилцлага эхэлсэн юм.

ИНЖЕНЕР ААВЫН БИЗНЕСМЭН ХҮҮ

-Хүүхэд нас, багын дурсамж хүний хамгийн нандин, эрхэм зүйл. Та бага насны дурсамжаасаа хуваалцаач?

-Миний хүүхэд нас зах зээлийн шилжилтийн үед өнгөрсөн. Инженер аав, ээжийн отгон хүү. Гурван ах, ганц эгчтэй. Хүүхэд байхдаа л хувиараа бизнес эрхлэх ёстой юм байна гэж бодсон. Тиймдээ ч үеийнхэнтэйгээ самарт явчихна. Ундааны цехээс 50 төгрөгөөр ундаа аваад хүүхдийн паркад очиж 150 төгрөгөөр зардаг байлаа. Ундаагаа хүйтэн байлгах гэж усанд сойно гээд тэр үеийн сайхан дурсамжууд бий. Мэдээж ах нартаа “алуулна”. “Бид чамайг өлсгөөд байна уу” гээд загнуулах үе бишгүй. Хэдийгээр бага байсан ч хүн хөдөлмөрлөж, зүтгэж байж л сайхан амьдрах юм байна гэдэг бодолтой болсон хэрэг л дээ.  Нийгмийн шилжилтийн тэр үе монголчуудад олон зүйлийг ойлгуулсан бас бий болгосон гэж боддог. Тухайн үед тог, цахилгаангүй болчих ч энүүхэнд. Орон сууцанд амьдардаг атлаа цонхоороо яндан гаргаад гал түлдэг байсан гэвэл орчин үеийн залуус гайхах биз.

Миний аав Москвагийн эрчим хүчний сургуулийг инженер мэргэжлээр төгссөн Намсрайдорж гэдэг хүн байлаа. Намайг хүүхэд байхаас өөрийнхөө мэргэжлийг өвлүүлнэ гэдэг байсан. Инженер болгоно гээд Монгень сургуулийн математикийн ангид оруулсан юм.  Би ч тухайн үед сонголтгүйгээр аавынхаа мэргэжлийг эзэмшинэ гэдэгтээ итгэчихсэн. Намайг 16 нас хүрсэн жил аав минь бурхан болж ээж минь өрх толгойлсон эмэгтэй болж үлдсэн юм. Ямар нэг бизнес эрхэлдэггүй. Төрийн албанд насаараа ажилласан эмэгтэй таван хүүхдээ өсгөж, гэр бүлээ авч явна гэдэг амар биш л дээ. Гэсэн ч миний ээж энэ ачааг үүрч, амьдралд нугаралгүй хүүхдүүдээ сайн сайхан амьдралд хүргэж чадсан.

Инженер болно гээд бодож явсан би ээжтэйгээ ярилцахад “Сургууль төгсөөд шууд л инженер болохгүй. Анхан шатнаас нь л ажиллаж эхэлнэ шүү дээ” гэсэн юм. Хэсэг бодсоны эцэст “Ээж би монтёр болж чадахгүй. Харин бизнесмен болно” гэлээ. Ээж минь өөрийнхөө хийж чадах зүйлээ л хий гэсэн учраас аялал жуулчлалын чиглэлээр суралцсан юм.

-Инженер болох гэж байсан хүү яагаад бизнесмен болохоор шийдсэн бэ. Таныг веб хөгжүүлдэг компанитай байсан гэж сонссон юм байна?

-Гол шалтгаан нь аав, ээж минь улсад насаараа ажилласан хэрнээ хүүхдүүддээ өвлүүлэх, үлдээх зүйлгүй байж болохгүй гэж бодсон. Бас нэг шалтгаан гэвэл зах зээлийн нийгэмд бизнес хийх хэрэгтэй юм байна гэдэг бодол надаас салаагүй. Ингэхдээ хүний төлөө гэхээс илүүтэй өөрийнхөө төлөө л зүтгэх ёстой гэж бодсон хэрэг. Өнгөрсөн хугацаанд янз бүрийн л ажил хийж үзсэн.

Анх 2011 онд вэб хөгжүүлдэг компани байгуулан 200 орчим вэб сайт хийсэн байдаг. Гэхдээ би IT инженер биш учраас борлуулалт хийдэг байлаа. Эхлээд "focusnews" гэдэг домайн нэрээрээ мэдээллийн сайт хийлгэх гэж байсан юм, уг нь. Тухайн үед сайт хийх үнийн санал 500 мянган төгрөг гэж нэг нь хэлэхэд нөгөөх нь 15 сая гэх жишээтэй харилцан адилгүй. Эндээс л яагаад дундын хувилбар байж болохгүй гэж гэсэн бодол төрж л вэб хөгжүүлэлт рүү орохоор шийдсэн хэрэг л дээ. ШУТИС-ийн КТМС-иас нэг ангийн 5-6 оюутан ажилд авч байсан юм. Манай залуус код бичнэ. Харин би захиалга олно. Ингэж л эхлүүлсэн юм шүү дээ.

FOCUSNEWS-ЭЭС ЭХЛЭЛТЭЙ ТЕХНОЛОГИЙН КОМПАНИ

-Энэ компани нь технологийн салбарын анхны гэж хэлэхээр үүсгэн байгуулагдсан юм байна шүү дээ. Яагаад үргэлжлүүлж ажиллаагүй юм бэ?

-Технологийн салбарт одоо ч гэсэн цөөхөн компани үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд хоёр шалтгаан бий гэж хардаг. Нэгдүгээрт, дотоодод технологийн бүтээгдэхүүн борлуулах зах зээл бага. Хоёрдугаарт, боловсон хүчний чадавхийг нь хангалттай үнэлэх боломжгүй учраас гадаад зах зээл рүү алдаж эхэлсэн. Хэдийгээр компаниуд хангалттай хэмжээний цалин, хөлс өгөхийг хүссэн ч IT инженерүүдийн чадвар олон улсад үнэлэгдээд эхэлсэн. Тэд өөрсдийн хийсэн бүтээлээ гадаад зах зээл дээр борлуулж чаддаг болсон. Тэгэхээр анх байгуулсан компанид миний оролцоо шаардлагагүй болсон гэсэн үг. Манай компанид ажиллаж байсан инженерүүд маш чадвартай сайн мэргэжилтнүүд байсан учраас тэд олон улсад үнэлэгдэж ажиллаж байна.

Технологийн компаниа үргэлжлүүлээгүй шалтгаан бол хүнд суурилсан учраас тухайн ажилтны чансаа, чадварыг үнэлэх хэмжээнд цалин өгч чадахгүй бол боломжтой өөр газарт алдах нь зах зээлийн зарчим. Мэдээж хүн өөрийнх нь чадварыг илүү үнэлэх, боломж олдох тэр газарт ажиллахыг зорих нь зүйн хэрэг. Тиймээс л манай залуус олон улсын томоохон компаниудад өндөр цалинтай ажиллаж байна. Би тэр залуусаараа бахархдаг.

-Та сэтгүүл зүйн салбартай хэр ойр вэ. Мэдээллийн сайттай болно гэдэг бодол хаанаас төрөв?

-"focusnews"-ийг эхлүүлж байх үедээ өдөр тутмын сонины мэдээллийг цахим хувилбарт нэгтгэн төлбөртэй уншуулдаг болгохыг зорьсон юм. Өөрөөр хэлбэл, редакцитай биш. Гэхдээ сэтгүүлчид өөрийнхөө бүтээлийг тэнд оруулж, түүнийг нь уншихын тулд төлбөр төлдөг зарчмаар ажиллахыг хүссэн юм. Яг үнэндээ одоогийн UB cab-ийн зарчим гэсэн үг. Хүн өдөр бүр хоол идэхийн тулд түүнийгээ худалдаж авдаг. Түүнтэй адил бодитой, эх сурвалжтай сайн мэдээлэл авахын тулд сэтгүүлчийн сайн бүтээлийг төлбөр төлөөд уншдаг байх хэрэгтэй гэж бодсон юм. Харамсалтай нь энэ санаа минь огт бүтээгүй. Одоо ч энэ төрлийн шийдэл гарч ирэхгүй байна. Хэвлэл мэдээллийн салбар хэн нэг улстөрч эсвэл бизнесээс хамааралтайгаар хөгжихгүй гэж хардаг. Тиймээс л өөр гарц, шинэ санаа хэрэгжүүлэхийг хүссэн юм. Яахав, тухайн цаг үед хэрэглэгч нь бэлэн биш байсан байх.

“УЛС ТӨР АМЬДРАЛ БИШ”

-Нийгмийн идэвхи сайтай байна гэдэг чухам юуг хэлэх вэ. Таныг нийгмийн идэвхитэй. ИТХ-ын гишүүн байсан гэж сонссон?

-Дунд анги хүртлээ сахилгагүй хүүхдүүдийн нэг байлаа. Ахлах ангид орсон жил Скаутын холбоонд ажилладаг байсан багш маань намайг элсүүлсэн юм. Магадгүй намайг скаутаар хүмүүжүүлэхийг зорьсон байх гэж одоо боддог. Анх сургалтдаа оролцохоор очиход надаас “хөгшин” /инээв/ ах нар хүүхдийн тоглоом тоглоод хөгжилдөж байхыг хараад “Ямар сонин юм бэ” гээд эгдүүцэж байлаа. Төд удалгүй нөгөө хэдийнхээ нэг нь болчихсон давхиж явна гэж тухайн үедээ төсөөлөөгүй л дээ. Эндээс л олон нийтийн ажилд идэвхитэй оролцож нийгмийн идэвхитэй хүмүүсийн эгнээнд элссэн гэж боддог. Ингээд Хан-Уул дүүрэгт скаутын зөвлөлийг хариуцаж ажилладаг байлаа.

Ингэж яваад улс төр гэдэг айлын хаалгаар алхсан юм шүү дээ. Сонгуулийн үеэр аль л харилцаа, холбоо сайтай, бусдад хүлээн зөвшөөрөгдөх нийгмийн идэвхитэй залуусыг нэр дэвшигчид авч ажиллуудаг. Энэ л зарчмаар найзуудтайгаа хамт 2008 оны сонгуулиар Хан-Уул дүүрэгт ажилласан юм. Ингээд 19 настайдаа УИХ-ын гишүүн Л.Болдын Хан-Уул дүүрэг дэх бие төлөөлөгч болсон. Энэ миний амьдралд багагүй өөрчлөлт авчирсан. Тухайн үед Л.Болд гишүүн “Чамд би цалин л өгч чадна” гэж хэлсэн. Миний хувьд энэ цаг хугацааг өөрийгөө хөгжүүлэх боломж болгон ашиглах хэрэгтэй гэж л харсан. Ингээд 2012 онд АН-аас Хан-Уул дүүргийн ИТХ-д нэр дэвшин сонгогдож байлаа. 2016 оны сонгуулийн дараа Ц.Ганболд ах “Отгоо улс төр амьдрал биш. Хийж бүтээх насаа энд дэмий өнгөрөөх хэрэггүй” гэж хэлсэн нь миний амьдралын дараагийн хуудсыг нээж өгсөн гэж боддог.

-Улс төрийн “амьдрал”-аас гараад юу хийсэн бэ?

-2016 онд улс төрийг бүрмөсөн орхисон. Тэгээд бизнес эхлүүлэхээр шийдэн унаж явсан машинаа зарж санхүүжилт босгосон. Гэхдээ тэр маань бүтээгүй учраас надад юу ч үлдээгүй. Үндсэндээ дампуурчихсан гэсэн үг. Ингэж яваад тэр жилийнхээ намар дуудлагын жолоочийн үйлчилгээ эхлүүлсэн юм. Би өөрөө оператор хийнэ. Дуудлагад явна. Гарсан жолооч нараа очиж авна гээд бас ч амар биш. Тэгж явахдаа би сэтгэлээр нэг их унаагүй. Мэдээж гишүүнээ, зөвлөхөө, даргаа гэж дуудуулж явсан хүн дуудлагын жолооч хийнэ гэдэг бас л сэтгэлийн тэвчээр шаардана. Үнэн хэрэгтээ хүмүүсийн хэлдэгээр тэнгэрийн амьтан газарт буучихсан гэсэн үг шүү дээ.

Миний хувьд бага залуу байхдаа энэ байтугай л зовлон бэрхшээлийг давж туулсан учраас үүнийг давж гарах хэцүү биш байсан. Ер нь хүнд сэтгэлийн тэнхээ, урам зориг хамгийн чухал. Бүх зүйлийг багаас, дороос эхлүүлэх илүү амттай байдаг. Миний эхлүүлсэн дуудлагын жолоочийн үйлчилгээ бодсоноос сайн явсан. Үүний дараагаар UB cab-ынхантайгаа хамтраад үүсгэн байгуулагч болж такси дуудлагын үйлчилгээ болгож өргөжүүлсэн. Эргээд харахад 30 мянган жолоочтой. Ubcab аппликейшны маань хэрэглэгч 700 гаруй мянгад хүрсэн байна

БОЛОХГҮЙ ГЭХЭЭР ГОМДОХ ХЭРЭГГҮЙ

-Улстөрч байх бизнесмэн байхын ялгаа юу вэ. Та аль алийг нь л хийж үзсэн байна шүү дээ?

-Би тодорхой хугацаанд төрийн байгууллага болоод хууль тогтоох байгууллагад ажиллаж байсан учраас нарийн агуулга, бүтцээ ойлгож байгаа юм. 2020 онд ИТХ-д бас сонгогдсон юм шүү дээ, би. Гэхдээ бизнес нь хөгжихийн тулд улс төрийг дагах ёстой. Эсвэл улс төр сайн хийхийн тулд бизнестэй байх ёстой гэдэг байж болохгүй гэж боддог. Тиймээс өөрийн саналаар төлөөлөгчөөсөө бууж байсан юм.

Бизнесийнхэнд хууль, дүрэм, журамд заагаагүй, болохгүй юм байна гэдэг хариулт сонсохоороо шантардаг, төрдөө гомддог байдал анзаарагддаг. Харин миний хувьд шийдвэр гаргах процесс яаж явдаг вэ гэдгийг мэдэж байгаа учраас аливаа зүйлийг болгох талаас нь ямар гарц гаргалгаа байж болох вэ гэдэг шийдлийг хайдаг. Хэрэв дүрмээр хориглогдсон бол түүнийг өөрчлөх шаардлагатай гэж үзвэл хийчихдэг байх хэрэгтэй юм. Гэхдээ хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой.

-Ubcab такси үйлчилгээг нэг шат ахиулсан жишиг болж чадлаа. Тэгвэл олон улсад ямар байдаг вэ. Бид аль хэсэгт нь яваа бол?

-Олон улсад болж байгаа зүйл манайд болох л ёстой. Учир нь анх Ubcab-ыг эхэлж байхад “болохгүй” л гэсэн. Буруу талдаа рультэй бол бүртгэж болохгүй. Нийтийн тээвэрт зөвхөн такси ордог. Такси зөв талдаа рультэй байх ёстой гэх мэтчилэн “болохгүй, болохгүй”. Хэрэв болохгүй гээд суугаад байвал болох нэг ч зүйл байхгүй. Харин болгож бүтээхийн тулд хуулийн хүрээнд юуг өөрчилж, яаж хийж хэрэгжүүлэх вэ гэдэг хүмүүсийн хандлага, харилцаанаас л хамаарна.

Бид үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд манай үйлчилгээ нийтийн тээвэрт хамаарахгүй. Үүнийг олон улсад хэрэгжүүлэхдээ хувьдаа автомашинтай хүмүүсийг энэ системд нэгтгэдэг зохицуулалттай юм билээ. Үндсэндээ манай системд бүртгэлтэй 30 мянган жолооч нэмэлт орлого олохоос эхлээд үндсэн ажлаа болгоод ч явж байна шүү дээ. Тиймээс энэ салбарыг зохицуулдаг эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлага үүссэн гэсэн үг. Тиймээс бид хуулийн фирмээр бүхий л талын судалгаа хийлгэж зохицуулалт гаргахаар ажиллан холбогдох бичиг баримт, хүсэлтээ Зам тээвэр, хөгжлийн яаманд хүргүүлсэн хариугаа хүлээж байна. Ойрын хугацаанд бидэнд мэдээлэл өгөх байх гээд хүлээж л байна.

-Бизнесийн зарчим, ёс зүй, засаглал орчин үед хамгийн чухал. Магадгүй энэ нь банкны барьцаанд тавьдаг эд хөрөнгөөс ч үнэ цэнтэй гэдэг. Та залуу бизнесмений хувьд энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Бизнесийн орчин гэдэг манай улсад 30 жилийн түүхтэй гэж боддог. Одоо харахаар эздийн өмч байсан компани илүү нээлттэй болох тал руугаа хандаж байна л даа. Нөгөөтэйгүүр аль ч салбарын бизнесийг манай үеийнхэн удирдаж байна шүү дээ. Бизнес хийнэ гэдэг богино хугацаанд ямар ч хамаагүй аргаар ашиг олохыг эрмэлздэг байсан үе бий. Гэхдээ монголчууд “Нэр хугарахаар, яс хугар” гэдэг. Энэ хоосон үг биш. Урт хугацаанд тогтвортой бизнес эрхлэхийн тулд нэр хүндтэй байх ёстой гэж хардаг.

“ГАРГАЛГАА”

-Ингэхэд асуудлыг шийддэг удирдах гол арга чинь юу вэ. Мэдээж компани удирдаж байгаа учраас хариуцлага тооцох, магадгүй хатуурхах ч үе гардаг байх?

-Манайх бол олуулаа хамтраад үүсгэн байгуулсан компани. Хүмүүст харагдах дүр нь л би юм шүү дээ. Мэдээж янз бүрийн л асуудал тулгарна. Системтэй холбоотой гомдол ч ирнэ. Такси үйлчилгээтэй холбоотой ч гомдол ирнэ. Цаашид төрийн байгууллагуудтай холбоотой ч асуудал үүснэ. Энэ бүхэнд манайхан “Цаад гаргалгаадаа хэл” гэдэг болчихсон. /инээв/ Гэхдээ би асуудлыг шийдвэрлэж чаддаг гэхээс илүүтэй миний харилцаа холбоо, хүрээлэл ажлыг минь бүтэх зам болдог болов уу гэж боддог. Адаглаад л найман жил Төрийн ордонд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч гээд ажиллаж байсан хүнд танихгүй хүн бараг л байхгүй болно. Дээрээс нь хүний харилцаа хандлага өөртөө хүрээлэл бий болгох уу, ганцаараа үлдэх үү гэдэг сонголтыг өгдөг гэж боддог.

Би ямар ч хүнтэй ярилцаад хийж байгаа зүйлээ ойлгуулаад ямар нэг шийдвэр гаргах алхмыг хийчихдэг. Энэ нь манай залуус надад итгэж байгаагийн хүч нөлөөлж байгаа гэсэн үг шүү дээ. Намайг бүтээж чадна даа гээд хүн итгэж байхад би итгэлийг нь алдахгүй хүлээсэн үүргээ ягштал нь л биелүүлэхийг зорино.

Би дээр хэлсэн анх бидний үйлчилгээг такси үйлчилгээнд хамруулах гээд байсан. Гэхдээ энэ бол такси биш замын унаа гэж үзээд Иргэний хуулиар хориглосноос бусад үйлчилгээ зөвшөөрөгдөнө гэж үзэх жишээтэй. Хэдийгээр зүтгүүлээд бүтээчихэж байгаа боловч зохицуулалтын газрууд хууль хэрэгжүүлэхээс гадна тухайн салбараа хөгжүүлэх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ мэтчилэн төрд ажилласан жилүүдэд өөрийгөө хөгжүүлэх боломж гэж харсны маань үр дүн гэж боддог доо.

Би нэг жишээ хэлье. Нийслэлд бүртгэлтэй 200 гаруй л такси бий. Учир нь хуульд зааснаар такси үйлчилгээ эрхлэхийн тулд зөв талдаа рультэй машин байх ёстой. Гэтэл бид замын унаа гэж нэрлээд 30 мянган “такси”-тай болчихсон байгаа биз дээ. Тэгэхээр төр нь нийгмийн хөгжлөөс хоцорч болохгүй гэсэн үг. Зөвхөн хуульд баригдаж "болохгүй" гэж суухаар хэрхэн бүтээх вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа юм. Нөгөөтэйгүүр би өөрийнхөө асуудлыг төрийн байгууллагынханд зөвөөр ойлгуулж, харилцан ярилцаж, зөвшилцөж асуудлаа шийдвэрлэх гарц, гаргалгаа олж чаддаг. Төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхийн тулд аль аль талдаа ойлголцож, сайтар ярилцах хэрэгтэй. Ойлголцохгүйгээс л “хуульд тэгж заагаагүй” гэдэг хариулт сонсдог юм болов уу гэж боддог.

-Түгжрэлийн үндэсний хорооны гишүүн гэж сонссон юм байна?

-Сүхбаатар сайд руу урт, урт захиа бичсэн. Тэгтэл ямар олон юм ярьдаг нөхөр вэ. Үндэсний хорооны гишүүн бол гэсэн юм. Би ч өөрт нь хэлсэн “Түгжрэлтэй хамгийн их сонирхлын зөрчилтэй хүн, би. Хэрэв нийслэл түгжрэлгүй болвол миний бизнес хөгжих боломж бүрдэнэ” гээд ямар шийдэл байгаа тухайгаа ярьсан юм. Ингээд Сүхбаатар сайд энэ хороонд заавал байх ёстой хүн гэж үзсэн юм билээ. Би энэ хороонд байх хугацаандаа замын унааны үйлчилгээг албажуулах ажлыг хийх болно.

Хэрэв энэ ажил бүтвэл зөвхөн замын унааны жолоочийн асуудал биш түүний цаана байгаа олон асуудлыг шийдвэрлэх гарц нээгдэх юм. Тухайлбал, тухайн замын унааны үйлчилгээ үзүүлж байгаа хүний талаарх мэдээллийг төрийн мэдээллээр нягталж цаашид ажиллаж болох эсэхийг шийдвэрлэх хэрэгтэй. Учир нь тухайн машины жолооч ядаж л замын хөдөлгөөний дүрэм зөрчдөггүй байх ёстой. Энэ нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Энэ мэтчилэн маш олон асуудлыг шийдвэрлэж болно.

ХӨДӨӨ АЖ АХУЙН “UBCAB”

-Бид амьдралд хугацаатай ирсэн гэж та хэлсэн байна лээ. Тиймээс үлдэх нэр төр, үр хойчдоо үлдээх өв гээд олон л зүйлийг эргэцүүлмээр санагддаг. Тэгвэл амьдралд ирсэн хугацаагаа залуус яаж ашиглаасай гэж боддог вэ? 

-Би амьдралыг таньж мэдсэндээ тэгж хэлсэн юм биш. Би аавынхаа ээж дээр өссөн. Эмээ, аав хоёр минь жил дараалан өнгөрч би мөнх бусыг мэдэрч, ойлгосон. Аав минь дөнгөж 50 гаран насандаа л бурханы орныг зорьсон ч хүмүүс Намсрайдорж гуайн хүү юмуу гээд надад тус дэм болдог. Хүмүүс танай аав надад ингэж тусалж байлаа. Аав нь бусдад үлгэрлэлтэй, нэр хүндтэй байсан юм шүү гээд дандаа л хайр, хүндлэлийг аавынхаа нэр хүндээр мэдэрч ирсэн. Тэгэхээр хүний хамгийн том капитал бол нэр хүнд. Тэр дундаа удмын нэр хүнд юм байна гэж боддог болсон. Удмын нэрээ бэхжүүлэхийн тулд бусдад тус, дэмтэй, хүндлэлтэй байх ёстой гэж өөрийнхөөрөө хичээдэг.

Бид богино хугацаанд амьдрахдаа ургийн овгынхоо үнэ цэнийг хадгалж явна гэдэг хүндтэй бас амаргүй даваа юм байна гэж бодож байгаа. Аав минь бидэнд хүмүүсийн хүндлэлийг үлдээжээ. Тиймээс гэр бүлийнхээ нэр хүндийг сэвтээхгүй хичээж амьдрах ёстой. Нэгэнт л бид амьдралд хугацаатай ирсэн юм бол эд агуурс, хөрөнгө мөнгөнд шунаж нэгнээ шархлуулах, өнөөдрийн хожлоо бодож амьдрах шаардлагагүй гэж бодож байна. Тэгэхээр залуус гэр бүлийн нэр буюу ургийн овгоо сэргээж, өндөрт өргөж явах учиртай. Зөвхөн энэ цаг үедээ бус ирээдүй хойч үедээ сэвтсэн нэр үлдээх хэрэггүй л гэж боддог.

-10 жилийн дараах Н.Отгонбаяр хэн байх вэ. Ирээдүйн төлөвлөгөө?

-Хүүхэд байхдаа уншсан номонд минь 5, 10 жилийн дараа хэн байх вэ гэдгээ харж төлөвлө гэсэн байсан юм. Тиймээс би бүхий л ажлыг төлөвлөж хийдэг. Тэр нь ч амар байдаг юм шүү дээ. Энэ цаг үед мөнгөгүй байх хамгийн их айдсыг дагуулдаг. Ялангуяа энэ нийгэмд хөрөнгө, мөнгөгүй байгаа бол өвдөх эрхгүй гэвэл хатуудахгүй болов уу. Бидний багад хоолгүй хонох ч энүүхэнд байсан. Мөнгөгүй байх, эд юмс байхгүй бол ямар хэцүү вэ гэдгийг тэр цаг үе бидэнд харуулсан гэж боддог. Аливаа зүйлийг төлөвлөчихөөр айдасгүй болчихдог. Ер нь ямар нэг зүйл тодорхойгүй байх л хэцүү. 

Одоо бол надад идэвхитэй ажиллах таван жил байгаа гэж хардаг. Ubcab-ыг бид байгуулахдаа 10 мянган жолоочтой байх болов уу л гэж төлөвлөсөн. Гэтэл бидний төсөөллөөс ч хол давчихсан. Ингээд цаашид бид хоол хүргэлт, лизингийн үйлчилгээ, хадгаламж зээлийн хоршоо зэрэг салбаруудад ажиллаад эхэлсэн.

Хүнээс хамааралтай менежмент хамгийн буруу гэдгийг их сургуульд сурч байхдаа ойлгож авсан ухагдахуун. Тиймээс манай залуус өөр өөрийн хариуцсан ажлаа Н.Отгонбаяр гэдэг хүний шаардлагагүйгээр аваад явчихна. Тэгэхээр миний дараагийн таван жилд хийхийг хүсч байгаа зүйл бол малчдын "Ubcab".

Малчдын хоршоолол болгож бүртгээд хэрэглэгчийг холбож дундын дамжлагагүйгээр шийдэх боломжийг эрэлхийлж байна. Энэ хүрээнд бид саяхан европийн орнуудаар явж байгаад ирсэн.  “Хөгжлийн замаар” нэвтрүүлэг хийж ирсэн. Ингэхдээ хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ гэдгийг харахыг хүссэн. Эндээс харахад ирээдүйн 10 жилд Н.Отгонбаяр гэдэг хүн дэлхийг тойрч хөдөө аж ахуйн хүнсний сүлжээ, мах бэлтгэл зэрэг энэ салбарыг түшиж хөгжих боломжийг бусдад харуулахыг зорьж байна. Сая явж ирчихээд монголчууд хөдөө аж ахуйн орон гэдэг ч үнэндээ малтай л улс юм байна гэж бодсон. Манай улсын хөдөө аж ахуйн салбар шинжлэх ухааны түвшинд дэлхийгээс хоцорчихсон юм байна гэдгийг л харлаа. Хөдөө аж ахуй олон улсад технологижсон байгааг харсан. Жишээлбэл, гэр бүлийн хоёр хүн 300 хонийг өдөрт 2.5 цаг зарцуулаад маллачихаж байна шүү дээ. Эдгээрийг харахад бид хийж чадахгүй, очиж чадахгүй зүйл биш. Тиймээс бид 30 мянган жолоочийг нэгтгэж чадсан юм чинь 10 мянган малчныг нэгтгэж чадна. Тэдгээрийн ард байгаа дөрвөн сая малыг бүртгэлжүүлж чадахгүй гэх шалтгаан байхгүй. Бид дөрвөн сая малыг мөшгилтийн систем ашиглан дэлхийд гаргах жимийг засч чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бид аливаа зүйлийг болохгүй байна гээд хойш суухын оронд хийж хэрэгжүүлж үзэх хэрэгтэй. Ер нь аливаа зүйлийг болохоос нь болохгүй хүртэл нь хийх нь бидний дэврүүн мөрөөдлөө биелүүлэх хүч гэж боддог.

Шуурхай хүргэлт

Нийслэл хотын түгжрэл, замын ачаалалтай холбоотойгоор бараа бүтээгдэхүүнийг хүргэлтээр авахад маш их цагийг зарцуулдаг. Тэгвэл Юбикаб Экпресс компани энэхүү асуудлыг шийдэхээр Улаанбаатар хот, цаашлаад хөдөө орон нутагт бүсчилсэн хүргэлтийн системийг туршиж, үйлчилгээндээ нэвтрүүлж эхлэснийг та мэдэх үү? Улаанбаатар хот болон орон нутаг хооронд хэд хэдэн шуудан хүргэлтийн бааз байршдаг бөгөөд бүсчилсэн бааз хооронд таны бараа бүтээгдэхүүн богино хугацаанд хүргэгдэж, эцсийн хүргэлт захиалагчийн гарт хүргэдэг.

Авто угаалга

Таксины жолооч өөрийн автомашинаа оффис шигээ бодож угааж арчиж байх ёстой л доо. Гэхдээ өдөр бүр 25-30 мянган төгрөгөөр олсон мөнгөөрөө машинаа угаалгаад байх хэцүү, тиймээс UBCab-Онлайн такси үйлчилгээнд явдаг жолооч нартаа зориулсан авто угаалгын үйлчилгээ үзүүлдэг. Хэрэв таны дуудсан такси бохир бол апп дээрээ шууд үнэлгээ өгөөрэй жолооч угааж байж үйлчилгээнд явуулах журам мөрдөгддөг. Жолооч нар 24 цагаар ажилладаг 10 гаруй салбарт автомашинаа өөрөө угаах боломжтой.

Унаа түрээс

UBCab Rent үйлчилгээ нь хоёр жилийн өмнө хэрэглэгчдэд хүрч эхэлжээ. Та #UBCab аппликэйшны унаа түрээслэх цэсээс өөрт хэрэгтэй байгаа тээврийн хэрэгслийг сонгож цаг заваа хэмнэж болно. Хүн бүрт хувийн жолооч уриатай энэхүү үйлчилгээ нь дугаарын хязгаарлалттай өдөр хэрэглэгчдийн хамгийн их ашигладаг үйлчилгээ болжээ. Суудлын тэрэгнээс эхлээд шаардлагатай бол ачааны машин ч хөлсөлж болох юм байна. Үнийн хувьд цагийн болон олон цагийн багц үйлчилгээ санал болгосон байна лээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?