С.БОЛД-ЭРДЭНЭ: "МОНГОЛ ХААН" ЖҮЖГИЙГ АНГЛИ ХЭЛЭЭР ТОГЛОНО

2023-06-28  

Хүн бүрийн сэтгэлд хүрсэн түүхэн сэдэвтэй бүтээл болж тайзнаа амилсан "Тамгагүй төр" жүжиг удахгүй Английн Лондон хотын театрт тавигдах гэж байна. “Зууны мэдээ” сонин “Урлаг” буландаа тус жүжгийн гол дүр, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнийг урилаа.

-“Тамгагүй төр” жүжиг үзэгчдийн хүртээл болоод жилийн хугацааг үджээ. Тэгвэл энэ сор болсон бүтээл анх хэдэн онд үзэгчдийн хүртээл болж байв?

-“Тамгагүй төр” жүжиг бол Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт зохиолч Б.Лхагвасүрэн гуайн бүтээл  гэдгийг үзэгч, уншигчид андахгүй байх. Анх 1998 онд “Тамгагүй төр” жүжгийн зохиол бичигдэж УГЗ найруулагч Ч.Найдандорж найруулсан. Жүжгийн гол дүрд Л.Жамсрандавга, П.Цэрэндавга ах нар тоглож, хөгжмийн зохиолчоор М.Булган, тайзны зураачаар нь Т.Ганхуяг нар ажиллаж үзэгчдийн хүртээл болгож байсан. Тайзны бүтээл бий болоход багагүй цаг хугацааг туулдаг. Эхлээд зохиол нь бичигдээд уншлага хийгдэнэ.  Дараа нь дүрээ сонгоно, хувцас, бүжгийн хөдөлгөөн, хөгжим гэсэн олон шат дамжлагатай. Одоогоос жил гаруйн өмнө тавигдсан “Тамгагүй төр” жүжиг нь УДЭТ, "Херо" энтертаймент, ҮДБЭЧ-ын хамтын бүтээл болж мэндлээд 140 гаруй тоглолт үзэгчдэд хүргэжээ. Энэ хугацаанд хүмүүс их зорьж үзэж, сэтгэгдэл өндөртэй байсан шүү. 

-Тус жүжиг шинэ хувилбараар тоглогдох гэж байгаа гэсэн. Өмнө нь тоглогдсон жүжгээс ямар ялгаатай вэ?

-Энэ удаад “Тамгагүй төр” жүжиг нь “Монгол хаан” гэсэн шинэлчилсэн найруулгаар тавигдах гэж байгаад уран бүтээлчийн хувьд баяртай байна. Найруулагчаар Б.Баатар ажилласан. Ирэх сарын 1-9 хооронд УДЭТ-ын тайзнаа тоглогдоно. Энэ нь арваннэгдүгээр сард Лондон хотын  Coliseum Theatre-т тавигдах хувилбар юм. Мөн өмнөх жүжгээс гэрэл, хөгжим, бүжиг нь шинэчлэгдсэн. Манай театрт байгаагүй гэрэлтүүлэг гаргахаар олон улсын чадварлаг мэргэжилтнүүд ажиллаж байна. Тиймээс хамгийн сүүлийн үеийн гэрэл, хөгжмийн дуугаралтаар тоглогдоно. Үүнийг бүтээхийн тулд хөдөлмөр, санхүү, цаг хугацаа их орсон. 

-Лондон хотод  тоглогдох  “Монгол хаан” жүжиг нь тухайн орны хэлээр тавигдах байх. Өмнө нь манай уран бүтээлчид англи хэлээр тайзны уран бүтээл тавьж байгаагүй санагдаж байна? 

- Монголын урлагийн түүхэнд хийж буй том алхам гэж хэлмээр байна. Өмнө нь англи хэл дээр жүжиг тоглогдож байгаагүй. Жүжигчид анх удаа англи хэл дээр тайзны тоглолт хийх гэж байгаа нь том дэвшил. Англи хэл нь дэлхийн хэл. Тиймээс жүжигчид бэлтгэлдээ шамдаж, таван багшийн дамжлагаар үг хэллэгээ сурч байна. Алдаа гаргахгүй тоглохын тулд жүжигчин бүрд том хариуцлага болохоор сайн жүжиг тавихын тулд хичээж байна. Бид монгол хүмүүс болохоор унаган англи хэлтэй иргэнтэй адил сайн ярихгүй байх. Гэхдээ туульсын жүжиг болохоор гол санаа нь ойлгогдоно. Мөн жүжигт олон хүний хөдөлмөр шингэсэн. Бүжигчний уран нарийн хөдөлгөөнөөр дүрийн сэтгэл хөдлөл, дотоод сэтгэлийг нь илэрхийлж гаргаснаараа онцлог. Бид уран бүтээлээ бусад улсад таниулж, тунхаглах ёстой. Үзэгчид өөрсдийн дүгнэлтээ өгнө гэж найдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?