ЦАХИМ МЭРГЭЖИЛТЭН, БИО ИНЖЕНЕРИЙН ЭРИН ҮЕ

2023-07-05  

Нийгэмд эрэлттэй байгаа мэргэжил цаг үеэ даган тогтмол хурдацтай хувьсан өөрчлөгдөж байдаг. Өчигдөр эрэлттэй байсан мэргэжил маргааш хэрэгцээгүй болох үе байх учир нарийн судалгаанд тулгуурлан ирээдүйн мэргэжлээ сонгох нь чухал ажээ. Тиймээс ч дэлхийн боловсролын тэргүүлэх байгууллагуудаас 2050 он хүртэл хамгийн хэрэгцээтэй, эрэлттэй байх мэргэжлүүдийг нэрлэсэн байна. Түүнээс Монгол Улсад аль мэргэжил нь чухал байгаа тухай тоймлон хүргэе. 

Цахим орчны аюулгүй байдлын мэргэжилтэн

Дэлхий тэр чигээрээ цахим сүлжээний ноёрхолд автсан энэ цагт дэлхий дээрх хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг нь цахим орчны аюулгүй байдлын мэргэжилтэн болоод байна. Учир нь дэлхий дахинд банк, худалдаа үйлчилгээ, боловсролын салбар өдрөөс өдөрт тоон системд хөрвөж байна. Үүнийг дагаад цахим орчин дахь хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах нэн шаардлагатай болоод байгаа юм. Тухайлбал, манай улсад цахим гэмт хэргийн тоо жил бүр нэмэгдэж, 2016 онд 97, 2017 онд 195, 2018 онд 659 байсан бол өнгөрсөн онд энэ үзүүлэлт 2.5 дахин нэмэгдсэн дүр зураг харагдаж байна. Тиймээс цахим орчны аюулгүй байдлын мэргэжилтэн манай улсад ч хэрэгтэй байгаа юм.

Хот төлөвлөлтийн менежер

НҮБ-ын судалгаагаар 2025 он гэхэд дэлхий дахинд хотжилт 77 хувь хүртэл нэмэгдэх бол дэлхийн томоохон 30 хотын хүн ам 27 хувиар өсөх ажээ. Энэ нь дэлхий дахинд хотжилт асар хурдацтай явагдана гэсэн үг. Тиймээс энэ салбарын мэргэжилтнүүд нэн шаардлагатай байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд манай улсад хөдөөнөөс хот луу чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Статистикаас харвал 1.5 сая гаруй иргэн Улаанбаатар хотод үндсэн зургаа, нийт есөн дүүрэгт хуваагдан амьдарч байна.Энэ нь манай улсад нийслэл хотын нягтаршилыг буруулах нэн шаардлагатайг харуулж байна. Үүний тулд дагуул хотуудыг бий болгох, гэр хорооллыг дахин төлөвлөх, хөдөө орон нутагт дэд бүтэц дээр тулгуурлан бага хүн амтай хот суурин, суурьшилын бүсийг төлөвлөх, хөдөөнөөс хот руу чиглэсэн хөдөлгөөнийг багасах нэн шаардлагатай байгаа нь уг салбарын ажил мэргэжилтэн манай улсад эрэлттэй байгааг харуулж байгаа юм.

Био технологи, био инженер

Шинжлэх ухааны салбар жилээс жилд хөгжихийн хэрээр тэдгээрт шаардлагатай нарийн мэргэжилтнүүдийн эрэлт шаардлага нэмэгдсээр байна.Үүний нэг жишээ нь био технологи, био инженер юм. Био технологи нь, хүний зорилгод нийцүүлэн амьд организмыг өөрчлөхтэй холбоотой, өргөн хүрээг хамарсан ойлголт билээ. Жишээлбэл, хүний эд эрхтэнг лабораторийн аргаар ургуулахаас эхлээд их олон зүйлс энэхүү салбарт хамаарагдана. Ялангуяа манай орны хувьд хомсдолд орсон мэргэжлийн нэг нь энэ юм. Судалгаанаас харахад анагаахын  сургуулиуд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх нь ховор бөгөөд илүү мэргэшихийн тулд гадны оронд сурах шаардлага тулгардаг ажээ. Тиймээс энэ нарийн мэргэжилтнүүд одоогоор манай улсад ч хомс байгаа юм.

Байгалийн нөхөн сэргээлт

Байгаль орчны инженер нь төрөл бүрийн инженерийн ухааныг ашиглан хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулах сөрөг үр дагавараас сэргийлэх, хяналт тавих, байгаль орчныг сэргээх шийдлийн хэрэгжилтийг үзэх, зохион бүтээх, зөвлөх, удирдах үүрэгтэй. Тиймээс ч дэлхийн эрэлттэй мэргэжлийн нэг юм. Тэд барилга угсралт, барилгын инеженерчлэлийн төслийн байгаль орчны үнэлгээ судалгаа хийх, бохирдолд тавих хяналт, дахин боловсруулалт, хог хаягдлын устгалд инженерчлэлийн зарчмыг ашигладаг. Ялангуяа эдийн засгийн хувьд уул уурхай түшиглэсэн манай орны хувьд байгалийн нөхөн сэргээлт хамгийн чухал билээ. Харин энэ төрлийн мэргэжилтнүүдийг одоогоор ХААИС болон МҮИС бэлтгэдэг болов ч мэргэжилтнүүд дутмаг учир эрэлт хэрэгцээ ихтэй хэвээр байгаа юм.

Тусгай хэрэгцээт боловсрол

Дэлхийд 2050 он хүртэл ноёрхож, эрэлттэй байх мэргэжлүүдээс дараагийн онцлох нь тусгай хэрэгцээт боловсрол гэсэн мэргэжил байв. Өдөр өнгөрөх бүрт дэлхий дахин дауны хам шинж болоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн тухай хөндөж, дуу хоолойгоо нэгтгэх болсон. Манай улсын хувьд ч эдгээр хүүхдийн сурч боловсрох эрх, нөхцөл нь нэн тэргүүний шийдвэрлэх асуудал. Өнгөрсөн оны статистик мэдээллээр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй  0-18 насны 11835 хүүхэд байна. Тэдний 1720 нь тусгай сургуульд, 402 хүүхэд тусгай цэцэрлэгт суралцаж байгаа бол 3000 орчим хүүхэд гэртээ, эцэг эхийн асаргаанд байна. Харин улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах 584 багш, ажилчин байдаг. Тиймээс л энэ мэргэжил эрэлттэй, үнэ цэнтэй, чухал мэргэжлийн нэг юм.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?