ДЭЛХИЙ ДАЯАР ЧИХЭРЛЭГ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ 1990 ОНОО ХОЙШ 16 ХУВИАР ӨСЖЭЭ

2023-10-04  

Хийжүүлсэн болон чихэрлэг ундааны дэлхий дахины хэрэглээ 1990 оноос хойш 16 хувиар, түүний дотор Африкийн зарим бүс нутагт бараг хоёр дахин нэмэгдсэн болохыг олон улсын эрдэмтдийн баг тогтоожээ.

Энэ талаар АНУ-ын Тафтсын их сургуулийн хэвлэлийн алба цахим хуудсандаа мягмар гарагт мэдээлсэн байна. Судалгааны тайланг  мөн “Nature Communications” сэтгүүлд нийтэлжээ.

"Сүүлийн хэдэн арван жилд хийжүүлсэн болон чихэрлэг ундааны хэрэглээг багасгахаар оролдож байгаа боловч хэрэглээ илт өсөж, зарим бүс нутгийн хүн ам үүнд онцгой ихээр өртөж байгаа нь нотлогдлоо. Бидний судалгааны дүн үндэсний болон дэлхийн хэмжээний бодлого боловсруулахад тусална хэмээн найдаж байна" гэж Tафтсын их сургуулийн профессор Дариуш Мозафариан ярьжээ.

Профессор Д.Мозаффариан болон түүний багийнхан Дэлхийн хоолны мэдээллийн сангийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Энэ бол 1990 оноос өнөөг хүртэл НҮБ-ын гишүүн 185 оронд хоолны дэглэмийн талаар хийгдсэн бүх томоохон судалгааг цуглуулж, боловсруулдаг мэдээллийн сан юм.

Судалгааны баг уг санг ашиглан дэлхийн болон бүс нутгийн түвшинд 1990-2018 оны хооронд чихэрлэг ундаа хэрэглэх зуршил хэрхэн өөрчлөгдсөнийг судалжээ. Дэлхийд хэрэглэж буй чихэрлэг ундааны дундаж хэмжээг 2018 онд 1990 оныхтой харьцуулахад 16 хувиар өссөн бөгөөд улс орон, бүс нутгуудын үзүүлэлт жигд бус байна. Ялангуяа Сахарын цөлөөс өмнөх бүсийн Африкийн орнуудад 81 хувиар өссөн бөгөөд боловсролтой, чинээлэг давхаргынхны хэрэглээ илт нэмэгджээ.

Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад хийжүүлсэн болон чихэрлэг ундааны хэрэглээ эхлээд буурч, дараа нь буцаад 1990 оны түвшинд хүрснээр хамгийн их хэрэглээтэй бүс нутгийн тоонд оржээ.

Хийжүүлсэн ундааны хоёр гол хэрэглэгч болох АНУ, Мексикийн иргэд долоо хоногт дунджаар 7.1 порц ундаа уудаг бол удаалж буй Африкийн тиоп, Нигери улсын иргэд 4.9 порцыг уудаг. Харин эсрэгээрээ Хятад, Энэтхэг, Бангладешийн иргэд  хамгийн бага буюу долоо хоногт 0.2 порцыг хэрэглэдэг ажээ.

Хийжүүлсэн ба чихэрлэг ундааны хэрэглээ ийм их зөрүүтэй байгаа нь бүс нутгийн өнөөгийн нөхцөл байдал, иргэд эдгээр ундааг ууж буй шалтгааныг харгалзан илүү үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай байгааг харуулж байна. Ялангуяа Сахарын цөлөөс өмнөх бүсийн Африкийн орнуудад цэвэр усны хүртээмжээс шалтгаалан чихэрлэг ундааг идэвхтэй хэрэглэж байгааг эрдэмтэд дурдлаа.

Эдгээр хүчин зүйлсийг цаашид судалж, чихэрлэг ундааны хэрэглээтэй тэмцэх үндэсний ба дэлхийн хэмжээний хүчин чармайлтыг нэгтгэж,  таргалалттай холбоотой янз бүрийн архаг өвчнөөс үүдэлтэй нас баралтыг мэдэгдэхүйц бууруулах боломжтой гэж судлаачид үзэж байна.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 4 /TASS/. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?