ЛУУ ЖИЛҮҮДЭД ТОХИОСОН ЗАРИМ ОНЦЛОГ ҮЙЛ ЯВДАЛ

2024-02-15  

Ээлт наран эргэдгээрээ эргэж

Хөх тэнгэрт хүржигнээд байдаг

Хүч ихтэй хөх луу жил морилон ирлээ.

Оддын зурхайн сарны буюу Билгийн /Жарны/ тоолол эхэлсэн цагаас луу жил 82 удаа тохиож, энэ удаа 17 дугаар жарны Хилэнт эх хэмээх модон луу жил хөх луу өдрөөр орчиж эхэллээ.

Эртний монгол цагалбар нь анхандаа нарны тоололд үндэслэж байв. Үүнийг Улирлын тоолол ч гэдэг. Улирлын тооллыг 1211 онд өөрчлөн шинэчилсэн түүхтэй. Цагаан сарыг өдөр, шөнө тэнцдэг гуравдугаар сард тэмдэглэж байсан баримт бий. Улмаар  1282 онд Хубилай хаан Хятадын уламжлалт цаг тооллыг шинэчилж, энэ тоололдоо өөрийн эх нутаг Монголыг ч хамруулсан байдаг. Үүнийг сарны тоолол буюу хятадын шар зурхай гэдэг.  Энэ үеэс монгол нутагт ихэвчлэн  хоёрдугаар сараас  буюу хавар шинэ жилийг эхлүүлэх өөрчлөлт хийгдэж, сарын нэрийг амьтнаар нэрлэх болжээ.

1172 он. III жарны Хар луу жил

- Тэмүжин, Жамуха нар хоёр дахь удаагаа анд бололцов. Тэр хоёр хавчаахай нумаар наадаж байхдаа Жамуха бярууны хоёр эврийг нааж, нүхэлж хийсэн дуут сумаа Тэмүжинд өгч, Тэмүжин арц модон годил болцуугаа Жамухад өгч солилцон анд бололцжээ.

1196 он. III жарны Улаан луу жил

-  Чингис хаан Татараас Шихихутагийг олж, Өүлэн эхэд өгч тэжээлгэв.

1208 он.  IV жарны шар луу жил

- Чингис хаан  Эрчис мөрний хавь газар Найман, Мэргэдүүдийн үлдэгдлийг бут цохив.

1220 он. IV жарны Цагаан луу жил

- Өгөдэй, Цагаадай нарын удирдсан цэрэг Отрар хотыг эзлэн, үнсэн товрог болгов.

1232 он. IV жарны Хар луу жил

- Өгэдэй хааны Алтан улсад хийсэн аян дайн үргэлжлэв.

- Монголд анх удаа морин өртөө байгуулагдав.

1244 он. IV жарны Хөх луу жил

- Сельжукийн Султан II Рума Гияс Аддин Кеи цэргийг Козедаг хэмээх хөндийд Бачу ноены цэрэг бут цохигдов.

- Туракина хатан Монгол гүрний хэмжээнд “Их Монгол улсын мөнгө” гэсэн үсэгтэй мөнгөн зоосыг цутгуулан гаргав.

1256 он. IV жарны Улаан луу жил

- Батын хүү Бэрх ноён Алтан Ордны хаан суув. (-1266) Түүний хаанчлалын 10 жилд Алтан Ордны ноёрхол дахь оросжсон баруун нутгийг сэргээн тохинуулах ажил явагдсан. Доод ижил төвхнөж, Сарай Бат хоттой өрсөлдөх Сарай Бэрх хот байгуулагдсан.

- Хубилай хааны шууд удирдлагаар Кайпин хотыг барьж эхлэв. Энэ хотыг хожим Шанду гэж нэрлэсэн.

- Иран дахь их хааны төлөөлөгч Аргун Мөнх хаанд дуудагдан Хархорумд ирэв.

1268 он. V жарны жарны шар луу жил

- Монгол цэрэг өмнөд Сүн улсад байлдаанаа үргэлжлүүлэв. Монголчууд Саньяны зэрэг хэд хэдэн газар бэхлэлт барьсан бөгөөд, бэхлэлт рүүгээ дайрсан Сүн улсын цэргийг бут цохиж байв.

- Хубилай хааны зарлигаар Монголын түүхийн бүхий л үеийг алдалгүй тэмдэглэн бичих зорилгоор “Монгол түүх судар" зохиох хүрээлэнг байгуулав. Түүнийг “Монгол бичгийн тобчиян" буюу “их товчоон” гэж нэрлэдэг байжээ.

1280 он. V жарны Цагаан луу жил

- Хубилай хааны зарлигаар Бирмид монгол цэрэг довтлов.

1292 он. V жарны Хар луу жил

- Юан гүрний 20 мянган цэрэг, нэг мянган хөлөг онгоц бүхий арми, Юан гүрний элчийг доромжилсноор шалтаглан Явын арлуудын эсрэг аян дайнд мордов.

- Явын арлын эзэн Кертанагарыг Кедир арлын эзэн Жайкватван гэгч алж, Маджа пахитад хаан ширээг нь булаан авав.

- Хубилай хааны зарлигаар Хархорумд энгийн айл хувийн хэрэгцээнд архи нэрэхийг хориглон, зөвхөн албаны хэрэгцээнд архи нэрэхийг зөвшөөрөв.

1328 он. VI жарны Шар луу жил

- Эрдэмтэн Алтантөмөр, Дархантөмөр нарын удирдлагаар “Ертөнцийг засах магад хууль”-ийг зохиож эхлэв.

1340 он.  VI жарны Цагаан луу жил

- Монголд айхтар ган, зуд болж, олон мал сүйдэв.

1352 он. VI жарны Хар луу жил

- Монголын цэрэг их жанжин Цагаантөмөрөөр удирдуулан бослогын цэрэгтэй тулалдаж эхлэв.

- Эрдэмтэн Баян, Алтан улсын түүхийг засварлан зохиов. Үржин линба гэдэг хүн “Бадма хатан” хэмээх түүхийн зохиолыг нуусан газраас нь олж гаргав. Тийм учраас уг ном “Нуусан сангаас олсон ном” гэж алдаршсан бөгөөд, энэ ном нь Энэтхэгээс Төвдөд залагдан ирсэн Бадма самбава (Бадмасамбуу) хэмээгч их егзөрийн тухай намтар зохиол юм.

1448 он. VIII жарны Шар луу жил

- Мин улс Монголтой худалдаалахыг зогсоов. Учир нь Эсэн хааны Мин улсад илгээсэн элчийн тоо энэ онд ЗООО хүрсэн бөгөөд, Мин улс тэдгээрт ихээхэн бэлэг сэлт өгч, тэдэнтэй худалдаа хийх болсон тул Мин улсын хүү хориг тавив.

- Мандухай сэцэн хатан төржээ.

1484 он. VIII жарны Хөх луу жил

- Барсболд жонон төржээ. (-1531) Батмөнх даян хааны хүү Монголын баруун түмний ноён байсан, Боди-Алаг (1506- 1547) хааныг хаан суух үед нь нас бага хэмээн нэг хэсэг Монголын төрийн хэргийг мэдсэн ба хожим нь Бодь-Алаг хаан суух ёслол хийхээр баруун түмэнд очихдоо “Чи намайг нас бага хэмээн чи хаан суух ёсонгүй. Тийм болохоор чи надад мөргө. Эс мөргөвөл дайлднам” гэсэнд Барсболд ноён түүний зөв хэмээн мөргөв гэж сурвалж бичигт тэмдэглэжээ.

1520 он. IX жарны Цагаан  луу жил

- Дарайсун Гүдэн хаан төржээ. Энэ хааны үед “төр төвшдөж,  төрсөн нэгдсэн зургаан улсаа энхжин жаргуулав” хэмээн Лу “Алтан товч”-д өгүүлсэн нь бий.

1544 он.  IX жарны Хөх луу жил

- Саму-Буйма ноён төржээ. Гэрсэнз Жалайр хунтайжийн долдугаар буюу отгон хүү бөгөөд Халхын долоон хошууны дээд өвгийн нэг. Тэрбээр Урианхай отгийг өвлөн авчээ.

1580 он. Х жарны Цагаан луу жил

- Түмэн Засагт хаан тусгай зарлиг буулган, Сабхай жанжныг хоёр түм шилдэг морин цэргийг удирдуулан Мин улсад довтлуулав. Монгол цэрэг Мин улсын нэлээд хот сууринг эзлэн дээрэмдсэн боловч, газар нутгийг нь өөрийн болгож чадаагүй.

- Халхын Цогт хунтайж төрөв. (-1637). Халхын Гэрсэнз Жалайр хунтайжийн хүү Онохуй Үйзэн ноёны дүү Бахарай хошууч бөлгөө.

1592 он. X жарны Хар луу жил

- Лигдэн хаан төрөв. (-1634) Түмэн Засаг хааны хүү Буян Сэцэн хаан (тайж) бөлгөө. Түүний хүү Мангус тайж юм. Мангусын хүү Лигдэн. Мангус эрт үхсэн тул Лигдэн хаан ор залгасан. Хааны цол нь “Хутагт”. Монголын хаан ширээнд 30 жил суусан. Монголын их гүрний сүүлчийн хаан юм.

1604 он. Х жарны Хөх луу жил

- Лигдэн Монголын хаан суув. (-1634) Монголын их гүрний сүүлчийн хаан. Хааны цол нь “Хутагт”. Буян сэцэн хааны ач.

- Бурхны ном судар /Ганжуур, Данжуур/ орчуулуулж байсан.

- Түүхч Саган Сэцэн төрөв. ( -16 ...? нас барсан он нь тодорхойгүй байдаг. С.О) Ордосын “Усан” хэмээх газар Чингисийн 21 дүгээр үеийн ач болох Бат хунтайжийн хүү болон төрсөн

- “Хаадын үндэсний хураангуй Алтан товч” шаштир зохиогджээ.

1616 он. Х жарны Улаан луу жил

- Нурхач баатар (Айсан) Манжийн анхны хаан болов. Улсын оны цолыг “Тэнгэрийн сүлдэт" гэж нэрлэв.

- IV Далай лам Ёндонжамц нас барав. (1589-) Брайбун хийддээ нирваан болов.

- Халхын Шолой Убаши хунтайж (1567-1627) Оростой харилцаа тоггоов.

1640 он. XI жарны цагаан луу жил

- Зүүнгарын нутаг Ил тарвагатайд Монгол-нутагт Ойрадын ноёдын чуулган болж “Монгол-Ойрадын цааз бичиг”-ийг батлав. Зүүнгарын хаан Баатар хунтайжийн санаачлагаар болсон уг чуулганд Халх, Зүүнгар, Хөхнуур болон Халимагийн ноёд оролцож, тэдгээр бүх аймаг улсуудын хоорондын болон, ноёд тайж нарын дотоодын ноцтой зөрчил тэмцлийг намжаан, харийн дайсны эсрэг хүчээ нэгтгэн тэмцэж байх тухай хэлэлцэж тохироод уг ‘Цааз бичиг”-ийг зохион батлуулсан байна.

- Хөх хотын “Их зууг” шинэтгэн засварлав. 1579 онд эхлэн байгуулагдсан уг сүмийг “Их нигүүлсэхүйн сүм” гэж нэрлэжээ.

1652 он. XI жарны хар луу жил

- Манжийн хаан Далай ламыг буцахад нь “Өрнө зүгийн оронд сайн буянаар амгалан оршсон, бурхны бошгоор дэлхий дахин бүх төрөлхтөн, амьтан нийтийг гагцхүү шашинд оруулсан урвал үгүй Очирт Далай лам” гэсэн үг бүхий манж, төвд, монгол, хятадаар сийлсэн бичээс бүхий алтан тамга олгож, түүний Төвдийн төрийн эрхийг барих статусыг хүлээн зөвшөөрчээ.

1688 он. XII жарны шар луу жил

- Галдан бошигт хаан гурван түмэн цэргийн хүчээр Халхад довтлов. Галданг тосон Хотгойдын Гэндэн ноён өөрийн нутаг “Тосонгийн овоо” гэдэг газар цэрэглэн байлдаад дарагдав.

1700 он. XII жарны цагаан луу жил

- Бээжинд төвд Ганжуур гурав дахь удаа хэвлэгдэв.

1712 он. XII жарны хар луу жил

- Манжийн Энх-Амгалан хаанаас Халимагийн хан Аюукид элч зарж, хамтын хүчээр Зүүнгарын хаант улсыг байлдан эзлэхийг санал болгов. Гэвч Оросын Засгийн газраас Зүүнгар-Манжийн хоорондох дайнд Халимагийг оролцохыг хориглов.

- Ойрадын Зая бандидын 1644 онд зохиосон “Мани- Гамбум” зохиолыг Бээжинд модон бараар хэвлэв.

- “Үлгэрийн далай хэмээх судар оршив”  зохиол хэвлэгдэв. Уг судрыг “Элдэв үлгэрийн далай хэмээгдэх оршив” нэртэйгээр 1728 онд дахин хэвлэсэн юм.

1724 он. XII жарны хөх луу жил

- Анхдугаар өндөр гэгээн Занабазар Манжийн хааны урилгаар Бээжинд очоод  Шар сүмд таалал төгсөв.

- II Богд Лувсандамбийтонми төрөв.

- Даануур хөлгөн судрыг орчуулж хэвлэх тухай Манжийн хааны зарлиг гарч Бээжинд төвд Данжуур хэвлэгдэв.

1736 он. XII жарны улаан луу жил

- Манжийн цэргийн Ар Монгол дахь томоохон салбар ангиудыг татан буулгаж, мөн эдгээр ангиудын хоорондох өртөөдийг мөн адил татан буулгав. Харин Алтай замын цэргийн өртөөдийг хэвээр үлдээж бүр бэхжүүлжээ. Энэ нь Зүүнгарын довтолгооноос болгоомжилсоноос үүдэлтэй гэж судлаачид үздэг. Халхын зарим нутагт цөөн тооны цэргийг суулгав.

- Амарбаясгалантын хийдийг (1728-) байгуулав Бүрэн хаан уулын өвөр, Ивэн голын эрэгт Халхын Өндөр гэгээний дурсгалд зориулан байгуулсан энэ хийдийг барихад Манжийн хаанаас тусгай сайд томилон гаргаж, арван түм лан мөнгөөр санхүүжүүлжээ.

1760 OH. XIII жарны цагаан луу жил

- Их хүрээнд Мамба дацан байгуулагдав.

1784 он. XIII жарны хөх луу жил

- Райдэн Янгонбагийн хувилгаан эрдэмтэн Агваанпэрэнлэйжамц “Сургаалийн үгс тод сарны гэрэл” зохиолыг бичив.

- Енисейн худалдаачин Г.П.Сафьяанов Туран голын хавьд газар эзэмших зөвшөөрлийг авснаар Оросын анхны худалдааны суурин Тувад тавигдав.

1808 он. XIV жарны шар луу жил

- Захчин Даагийн хошуунд Бодончийн хийд байгуулагдав

1820 он. ХIV жарны цагаан луу жил

- Халимаг Баатар Уваш Түмэн “Дөрвөн Ойрадын түүх”-ийг зохиов. (Уг зохиолыг 1801 онд бичсэн гэж зарим түүхч үздэг.

- V Богдыг зургаан настайд нь Төвдөөс залж авчран Их хүрээнд Богдын ордонд залав.

- IV Ялгуулсан хутагт Лувсандүв төржээ. (-1882)

- Гүланранс төржээ. (-1851) Шилийн гол аймгийн Зостын чуулганы Түмэдбаруун хошууны Шударга батхороололд Ванчинбалын ууган хүү болон төрсөн. Уянгын олон шүлэг дуулал зохиосон гэх бөгөөд одоо 90 орчим бүтээл мэдэгдээд байна.

1832 он. XIV жарны хар луу жил

- Их хүрээнд шашны цамын бүжиг тоглов.

- “Чингисийн чулуу”-г Петербург хотноо аваачин, үзэсгэлэнд тавиад, олон нийтэд зарлав.

- Д.Равжаа “Саран хөхөөний намтар”-ыг дэглэж тоглуулжээ.

- “Манж-Монгол үсгээр тайлсан сан-зи-хигийн бичиг” гэдэг гурван хэлний номыг хэвлэжээ. Энэ сургаалийн номд байгаль дэлхий, хүний тухай, мөн хүүхдийг хэрхэн сурган хүмүүжүүлэх тухай өгүүлсэн байна.

1844 он. XIV жарны хөх луу жил

- Халхын дөрвөн аймгийн чуулган дарга, жанжин, олон хошуудаас өөр өөрийн аймаг, хошуудын тайж нар, хамжлага, сумын ард түшмэдээс алба татвар гаргуулахыг төлөвлөжээ.

- О.Ковалевский “Монгол-Орос-Франц” хэлний толь бичиг зохион хэвлүүлэв.

1856 он. XIV жарны улаан луу жил

- Хятадад хар тамхины II дайн эхлэв. (-1858) Энэ дайныг Англи улс Хятадыг далайн дээрмийн үйл ажиллагаа явуулсан хэмээн шалтаглан, санаачилж Франц улс өөрийн шашны төлөөлөгчийг хятадууд алсан гэж Англитай хамтран Хятадад довтлов.

- XII Далай лам Пэрэнлэйжамц төрөв. (-1875) 1858 онд Далай ламаар тодруулж, 1864 онд гэцэл санваар хүртжээ. 1873 онд Төвдийн засгийн эрхийг авч, Төвдийн гурван их хийд болох Сэра, Галдан, Брайбун хийдэд айлчилжээ. 1875 онд Будалин ордондоо таалал болсон.

1880 он. XV жарны цагаан луу жил

- Ардын намын анхны долоогийн нэг Дамбын Чагдаржав төржээ. (-1922)

- Профессор О.Позднеев Санкт-Петербург хотноо “Монгол овогтны утга зохиолын жишээ буюу Монгол ардын дуу” номоо хэвлүүлжээ.

- Монгол дахь манжийн захиргаанаас зарлиг буулган Засагт хан, Сайн ноён хан аймгаас тус бүр 1000 цэргийг татаж Улиастай хотыг сэргийлэн суулгав.

1892 он. XV жарны хар луу жил

- Хаант Орос ба Манжийн хооронд Өргөө буюу Их хүрээг дайруулан төмөр утсан холбоог байгуулах гэрээ байгуулагдав.

- Дорнод Сибирийн төмөр замыг байгуулж эхлэв.

- VIII Богд, Жалханз хутагт Дамдинбазарыг Их хүрээнд дуудан ирүүлж, өөрийн шадар хамба ламаар томилж, гадаад дотоод шашны бүх хэргийг хариуцуулах болов.

1904 он. XV жарны хөх луу жил

- Монголд их ган болов.

- Их хүрээнд Халхын дөрвөн аймгийн чуулган чуулж, дөрвөн аймгийн албыг тэгшитгэв.

- Нэг юаны өртөгтэй цаасан мөнгийг Манж улс хэвлэн гаргаж, Монголд нэвтрүүлэв.

- Чойжин ламын сүмийг хоёр дахь удаагаа барьж эхлэв.(-1908) Уг сүмийг барих зардал хөрөнгийг ард олноос татварлан гаргасан бөгөөд бүх зардалд цэвэр цагаан мөнгө 88779 ланг зарцуулжээ.

1916 он. XV жарны улаан луу жил

- Ю.Цэдэнбал төржээ. (-1991)

1928 он.  XVI жарны шар луу жил

- МАХН-ын төв хороонд “хуучин ноёд, түшмэд, харгислам нартай тэмцэх тэмцлийг эрчимжүүлэх, нам, төр, аж ахуйн газрыг феодал түшмэдүүдээс ариутган цэвэрлэх зэрэг зүйлүүдийг“ зөвлөсөн захидлыг коминтернээс ирүүлэв.

- БНМАУ-ын Х бага хурал хуралдаж Ерөнхий сайдын I орлогч А.Амарыг Ерөнхий сайдаар томилжээ.

1940 он. XVI жарны цагаан луу жил

- XIV Далай лам Данзанжамцыг тодруулж, Будалин ордонд Арслан ширээнд нь залах ёслол болов.

- МАХН-ын 10-р их хурал хуралдав. Хуралд 646 төлөөлөгч оролцжээ. Хурлаар БНМАУ-д социализмын үндсийг байгуулах зорилтыгзаасан намын III программыг баталжээ. Хурлаас сонгогдсон Намын төв хорооны бүгд хурлаас МАХН-ын төв хорооны нарийн бичгийн даргаар Ю.Цэдэнбалыг сонгожээ.

- Шинэ Үндсэн хуулийн төслийг “Ардын үндэсний эрх” сонинд нийтлэв.

- Баян-өлгий аймаг байгуулагдав.

- Монгол тээхийн ерөнхий хороог өргөтгөж “Тээврийн яам”-ыг байгуулав.

- Сайд нарын зөвлөлөөс МУИС-ийг байгуулах тухай тогтоол гаргав.

1952 он. XVI жарны xap луу жил

- БНМАУ-ын Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан Москва хотноо Кремлийн эмнэлэгг эмчлүулж байхдаа нас баржээ. (1895-)

- Ю.Цэдэнбалыг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн ерөнхий сайдаар томилжээ.

1964 он. XVI жарны хөх луу жил

- Монголын хөгжмийн зохиолчдын анхдугаар их хурал болов.

- МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлаас “Ц.Лоохууз, Б.Нямбуу.Б.Сурмаажав нарын намын эсрэг бүлэглэсэн явуулгын тухай” тогтоол гарав. Ц.Лоохууз нар МАХН-ын эсрэг явуулга хийж, намын нэгдлийг бутаргахыг оролдон намын жанжин шугамыг эсэргүүцсэн” тул эдгээр хүмүүс, холбогдох зарим хүнийг намаас хөөж, нутаг заан суулгах тухай тогтоожээ.

- Номтын Ренчиний /Эрдэнэсийн эрхи/ зохиолыг Улаанбаатар хотод “Рашааны дуслын тайлбар/Монгол-Төвд тайлбар нэртэйгээр уйгаржин монгол үсгээр хэвлэжээ.

1976 он. XVI жарны улаан луу жил

- Булган аймгийн “Эрдэнэт” хороог улсын харъяалалтай болгож, “Эрдэнэт” нэртэй “Найрамдал”, “Баян-Өндөр”, “Хялганат” хороотойгоор засаг захиргааны зохион байгуулалт хийв.

- Улаанбаатар хотод шинжлэх ухаан соёлын ордонг нээх ёслол болов.

- Олон улсын Монголч эрдэмтдийн III их хурал болов.

2000 он. XVII жарны цагаан луу жил

- Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуульд бүхэлд нь хориг тавив. Энэ асуудлаар холбогдох байнгын хороо хуралдаж “хоригийг УИХ-ын нэгдсэн хурлаар хэлэлцэх”-ээр шийдвэрлэв. Нэгдсэн хурлаар уг асуудлыг хэлэлцээд “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй”  гэж үзэв.

- Үндсэн хуулийн цэцийн хурлаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь хуулиа зөрчсөн болохыг тогтоосон дүгнэлт гаргав.

- Дорноговь аймгийн нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай уялдуулан улсын хилийг хааж, хөл хорив.

- Өвлийн зуданд улсын хэмжээнд 13 аймгийн 2,4 сая мал хорогдож, нийт хорогдлын 80 хувь нь Дундговь,Өвөрхангай, Завхан, Увс, Баянхонгор, Төв аймгуудад гарчээ.

- УИХ-ын сонгууль явагдав.УИХ-ын 76 суудлын 72-ыг нь МАХН авч үнэмлэхүй олонхи болов.

2012 он. XVII жарны Хар луу жил

- Нью-Йоркийн Херитэйжийн дуудлага худалдаагаар зарагдах гэж зарлагдсан 75 сая жилийн өмнө амьдарч байсан Тиранозавр Батаар хэмээх үлэг гүрвэлийн араг яс Монголоос олдсон болохыг тогтоолоо.

- Лондоны олимпод таван тивийн 204 орны 10500 тамирчин оролцсон олимпийн XXX наадамд Монголын 29 тамирчин спортын долоон төрөлд өрсөлдсөнөөс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.

- Арванхоёрдугаар  сарын 21-нд дэлхий сөнөнө гэсэн цуурхал дэгдэв.

*   *   *

Тохиосон үйл явдлуудыг ажин дүгнэвээс луу жилүүдэд алдар цуутнууд олноор төрж мэндэлсэн байх юм. Хүрээ хийд цөөнгүй байгуулагдаж, хурал номын газар цэцэглэж  байжээ. Бичиг номын авшиг дэлгэрч, сурвалж бичиг, судар ном, бүтээл шаштир  цөөнгүй бүтээгджээ. Цаг улирлын байдал янз бүр байсан ч ган гачиг тохиож, цас зуд нөмөрч мал сүрэг олноор хорогдсон тохиолдол гарч байж.

Учран золгож буй XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон махбодтой, хөх  луу жил өгөөж  хишгээ хайрласан ээлтэй буянтай, энэрэлтэй  сайхан жил байх болтугай.

Хэвлэлд бэлтгэсэн С.ОДХҮҮ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?