Азийн саятнууд Хойд Америк болон Европ зэрэг дэлхийн бусад бүс нутгийн саятнуудаас илүү чинээлэг болсон гэж “Capgemini” зөвлөх компанийн судалгаанд гарчээ.
Азийн саятнуудын хөрөнгийн хэмжээ 2015 онд 17.4 их наяд ам.доллартай тэнцэж байсан нь 2006 онд 8.4 их наяд байсантай харьцуулахад даруй 2 дахин өссөн үзүүлэлт хэмээн тус судалгаанд дурдсан байна.
Түүнчлэн энэ тоо өнгөрсөн жилд 9.4 хувиар өсчээ. 2015 онд Азид 5.1 сая саятан байсны 2.7 сая нь япончууд, 1 сая нь хятадууд юм. Тэгвэл Хойд Америкт саятнуудын хөрөнгө мөн хугацаанд 11.2 их наядаас 16.6 их наяд доллар болж өссөн байна. АНУ-д 4.5 сая саятан байдаг ажээ. “BBC” агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн жил дэлхий дээрх саятнуудын нийт хөрөнгө 60 их наяд доллар байсан нь 30 жилийн өмнөхтэй харьцуулахад даруй 400 хувиар өссөн үзүүлэлт юм.
А.ТҮВШИН