FINANCIAL TIMES сонинд сэтгүүлч эмэгтэй Рената ингэж бичсэн байна. Энэ нь гурван улсын тэргүүний уулзалт юунд хүргэж буйг бичсэн гэж ойлгож болно. Монгол улсын эдийн засгийн хүндрэлийн асуудлаар түүний бичсэнийг орхиод, Орос, Хятад гэсэн хоёр хөрш бидэнд хэрхэн нөлөөлж болзошгүй талаар бичсэнээс нь Зууны мэдээ сонинд нийтэлснээс хураангуйлан хүргэе.
-Дотоодын хүндрэлээс гадна, Монгол улс бүс нутагт нь өрнөж буй онцгой, чухал, түүхэн өөрчлөлттэй тулгарч, ирээдүй нь Орос, Хятад гэх эдийн засгийн гол хоёр түнштэйгээ хэрхэн харилцахаас хамаарах болжээ. Монгол, Хятад, Орос нь хөрш зэргэлдээ гурван улсын хил дамнасан худалдааг дэмжин, тээврийн дэд бүтцийг хамтран хөгжүүлэх стратегийн гэрээ байгуулж эхэлсэн. Үүний сүүлийнхийг нь өнгөрсөн 6-р сарын 23-нд Монголын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Оросын ерөнхийлөгч В.Путин, Хятадын дарга Си Зиньпин нар Ташкентад үзэглэж баталгаажуулсан.
Худалдааны коридор үүсгэх дараагийн уулзалт ирэх намар Монголд болно. Өнөөг хүртэл гурван талт хамтын ажиллагаа орон тус бүрийн өөр өөрийн бодлого буюу, Хятадын нэг бүс, нэг замын санаачилга, Оросын евроазийн бүсийн хөгжил болон Монголын талын замын төслөөр төсөөлөгдөж иржээ. Гэвч энэ гурваас хамгийн эмзэг, сул түнш болох Монгол улсын хувьд өөрөөсөө илүү, хүчирхэг хөршүүдийхээ дарамт шахалтыг эсэргүүцэж чадахгүйд хүрч болох талтай. Үүний анхны илрэл гэвэл, 6-р сарын 23-ны уулзалтаар В.Путин нэг тэрбум ам.долларын өртгөөр босох Эгийн голын усан цахилгаан станцын томоохон төслийг зогсоохыг хүссэн явдал байлаа. Тэгвэл, өдгөө Эгийн голын төслийн хэрэгжилт түр зогсоход хүрсэн байна. Учир нь, тус төслийг санхүүжүүлэгч Хятадын Экспорт, импортын банк Оростой зөвшилцөх хүртэл, хөрөнгө оруулалтаа царцаасан байна.