Путин, Обама, Ангела Меркель, Английн шинэ ерөнхий сайд Мэй Тереза, Туркийн Эрдоган, Японы Абэ, BRICS-ийн удирдагчид, дээр нь Си Жин Пин гээд дэлхийн томчууд бүгд нэг дор цугларлаа. "Харилцан хамааралтай, эрүүл, шинэ технологи бүхий дэлхийн эдийн засгийг бий болгох нь" сэдэв дор энэ удаагийн уулзалт өрнөж байна.
Энэ бол Б.Обамагийн хувьд сүүлчийн хурал болж байгааг дэлхий нийт онцолж байна. Улс орны бүх тэргүүнийг Ханжоугийн нисэх онгоцны буудалд тосож авахдаа улаан хивс дэвсэж угтсан бол Б.Обамаг орхижээ. Энэ бол хэвлэлийнхний хувьд шуугиан болж дэгдлээ. Улаан хивс дэвсээгүйгээс гадна, түүнийг онгоцноос бууж ирэхэд нь нэг ч сэтгүүлчийг түүн лүү ойртуулсангүй. - Энэ бол манай ерөнхийлөгч. Онгоц нь түүнийх. Бид бол америкийн сэтгүүлчид хэмээн хичнээн дайрч, давшилсан ч тэднийг онгоц руу ойртуулсангүй. Б.Обамагийн туслахыг хүртэл холдуулсан байна. Онгоц нь АНУ-ынх байж болно, сэтгүүлчид, фото зурагчид нь америкийнх байж болно, гэхдээ газар нутаг нь Хятадынх гэдгийг буюу, эзэн нь хэн бэ? Гэдгийг ойлгууллаа гэж олон улсын хэвлэлд шуугиж эхлэв. Б.Обама ямар ч тайлбар хэлж чадахгүй дүлэгнэж байна.
Тэр ганцхан зүйлд гомдоллов. Хэвлэлийнхнийг яагаад оруулсангүй бэ? Энэ бол хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж байна. Улаан хивс, хүндэтгэлийн хувьд улс улсын онцлог байдаг. Түүнийг ойлгож байна гэж тэр араас нь хэлэв. Харин АНУ-ын ёслолын алба, Онгоцны буудал дахь хивс дэвсэх багийнхан Англиар ойлголцохгүй байсан. Тиймээс аюулгүйн байдлын үүднээс хивсээ болиулсан гэж хэлээд үзлээ. Хятадын хэвлэлд Обама, Путин хоёрыг ихээхэн харьцуулж бичиж байна. Хэн нь Хятадын түнш вэ? гэж асууж байна. Обамаг бодвол Путин Хятадын ард түмэнд илүү ойр гэнэ.
Тэр сүүлийн 2 сард 2 дахь удаагаа Хятадад айлчилж, Си Жин Пинтэй дотно яриагаа үргэлжлүүлж буй тухай хятадын сэтгүүлчид дурдлаа. Бразил, Орос, Хятад, Энэтхэг, Өмнөд Африк гэсэн маш том бөгөөд хүчирхэг блокыг тэд байгууллаа. Энэ бол дэлхийн хүн амын дийлэнх, газар нутгийн дийлэнх, зах зээлийн дийлэнхийг эзэлдэг 5 гүрний маш том нэгдэл бий болов.
Энэ уулзалтыг Хятадын дарга Си Жин Пин удирдлаа. Газрын тосны, эрчим хүчний тэргүүлэгч экспортлогч орон, тэдгээрийг дээд зэргээр экспортлогч 5 орон нэгдсэн нь Их 20-ийн уулзалтын нэг онцлог боллоо. Маш ажил хэрэгч уулзалт G20 уулзалтын үеэр өрнөж байна. Дүрвэгсдийн асуудлаар Эрдоган, Меркель нар уулзаж, Туркуудыг дэмжих тухайгаа илэрхийллээ. Путин, Обама нар харьцаагаа сайжруулж, газрын тосны том төсөл хэрэгжүүлэх болов. Путин Английн шинэ ерөнхий сайд Мэй Терезатай цаг шахам уулзсаныг хятадын хэвлэлд онцолж байна.
Ийнхүү Путин, Си Жин Пин нарын голлон тоглосон, Обамагийн буланд шахагдсан дүр төрх бүхий G-20 уулзалт үргэлжилсээр. Энэ бол эргэн санахад, өргөн зугаалга төдий байсан АСЕМ-ийн уулзалт биш гэдгийг санууллаа.
Э.ЦЭНД