ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ ИНСТИТУТИЙН ХЯМРАЛЫГ БИЙ БОЛГОХ ЁСГҮЙ

2016-09-05  

Хуульч, судлаач  Р.Очирбалтай ярилцлаа.

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй. Үүнтэй холбоотойгоор шүүгчийн цалинг буруулах эсэх асуудал маргаан дагуулж байна. Та судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

Эдийн засгийн ивэвхижилт суларч, төсвийн алдагдал нэмэгдсэнтэй уялдан Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байна. Төрийн байгууллагуудын урсгал зардлыг бууруулж, бүх шатны төсвийн байгууллагууд хэмнэлтийн зармаар ажиллах нь төсвийн тодотголыг боловсруулахад баримталсан үндсэн зарчмын нэг юм. Дээрх зарчимтай уялдан  шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалын цалинтай ижил түвшинд хүргэж, бууруулахаар төсөвлөсөн нь нийгэмд олон талын маргааныг бий болгож байна. Хэдийгээр Монгол улсын эдийн засгийн байдал хүндэрч байгаатай уялдан төсвийн зардлын хэмнэлтийг хийхээр төлөвлөж байгаа хэдий ч шүүгчийн цалинг бууруулах нь тийм ч оновчтой шийдвэр гэж үзэхгүй байна. Төрийн улс төрийн хийгээд төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20-30 хувиар бууруулж байгаа учир шүүгчийн цалинг ч мөн бууруулах ёстой гэсэн адилтгалын зарчмаар асуудлыг шийдвэрлэх гэсэн хандлага хүчтэй байна. Гэхдээ төрийн улс төрийн болон төрийн захиргааны албан тушаалтны авч байгаа цалингийн хэмжээг шүүгчийн цалинтай адилтган авч үзэж байгаа нь өрөөсгөл, буруу дүгнэлт хэмээн үзэж байна. Шүүгчийн цалинг бууруулах нь зөвхөн төсвийн зардлыг хэмнэх асуудал биш ээ. Үүнтэй уялдан Үндсэн хуулиар баталгаажсан шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийн асуудал, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг бий болгох талаарх ардчилсан төрийн үнэт зүйл хөндөгдөж байна. Иймээс л эдийн засаг, төсөв мөнгөний зардлын хэмнэлтээс илүүтэй Үндсэн хуулийн эрх ашгийг чухалчлан шүүгчийн цалинг бууруулах нь буруу хэмээн үзэж байгаа.

Зарим хуульч, судлаачид шүүгчийн цалинг буруулах нь Үндсэн хуулийн зөрчил хэмээн тайлбарлаж байна. Төрийн төсөвт байгууллагуудаас гадна хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд хүртэл зардлын хэмнэлт хийж байгаа энэ үед шүүгчийн цалинг бууруулах нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл болох уу? Үндсэн хуулийн чиглэлээр чамгүй судалгаа хийдэг таны хувьд ямар тайлбар өгөх вэ?

Товчхон хэлэхэд шүүгчийн цалинг бууруулах нь Үндсэн хуулийн шинжтэй томоохон маргааныг дагуулахыг үгүйсгэхгүй. Шүүгчийн цалингийн хэмжээ, шүүгчийн цалинг бууруулсантай холбоотой Үндсэн хуулийн түвшний маргаан дэлхийн улс орнуудад цөөнгүй гарч байсныг бодлого боловсруулж, шийдвэр гаргахдаа төрийн эрхэм түшээд анзаарч нэг харах хэрэгтэй. 2000 онд Литва улсын хууль тогтоох байгууллагаас шүүгчийн цалинг бууруулсан хууль батлан гаргасныг тус улсын Үндсэн хуулийн шүүхээс Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож байсан удаатай. Түүнчлэн 2012 онд Грек улсын засгийн газраас хууль хяналтын байгууллага, тэр дундаа шүүгчийн цалинг бууруулсан шийдвэрийг Үндсэн хуулийн хяналтын байгууллагаас мөн л Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлд “Шүүхийн үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана”, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд “Шүүхийн бие даасан байдлын зарчмыг алдагдуулсан, дордуулсан хууль тогтоомж болон захиргааны акт гаргахыг хориглоно” хэмээн хуульчилсан. Эдгээр заалт нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байх ардчилсан төрийн үндсэн зарчмыг бодитоор хангахад чухал ач холбогдолтой. Иймээс Монгол улсын төр энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй. Төрийн болон төрийн бус байгууллага, иргэн хүртэл зардлын хэмнэлт хийж байгаа учир шүүхийн төсвийг багасгаж, шүүгчийн цалинг бууруулах нь зөв хэмээн хэт хялбараар сэтгэх нь хожим шийдвэрлэхэд төвөгтэй олон асуудал үүсгэхийг үгүйсгэхгүй. Эдийн засгийн хямралыг гэтлэн давахын тулд төрийн эрх мэдлийн чухал институт болох шүүх эрх мэдлийн байгууллагыг хямралд оруулж болохгүй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хямрал институтын хямралыг бий болгох ёсгүй.

Шүүгчийн цалингийн асуудлыг шийдвэрлэхийн тулд юуны өмнө шүүхийн байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийг онол, үзэл баримтлалын хувьд сайтар ойлгох шаардлагатай. Монгол улсын нэрийн өмнөөс аливаа эрх зүйн маргааныг хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэх үүргийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг бөгөөд шүүхийн шийдвэр, үйл ажиллагаа шударга байх чухал баталгааны үндэс нь шүүгч хараат бус байх явдал юм. Шүүгчийн хараат бус байдлыг хангаснаар Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх иргэний эрх бодитоор хангагдах үндсэн нөхцөл бүрддэг учир шүүгчийн цалингийн хэмжээг тогтоохдоо ихээхэн болгоомжтой хандах шаардлагатай. Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын бичмэл болон бичмэл бус Үндсэн хуульд шүүгчийн цалинг багасгах, хорогдуулахыг хориглосон байдаг. АНУ, Их Британи, Ирланд, Канад зэрэг дэлхийн олон улсад  шүүгчийн цалинг бууруулахыг хуулиар хатуу хориглосон. Манай улс дээрх улс орнуудын жишгийн дагуу 2012 онд батлагдсан Шүүхийн тухай хуульд “Шүүхийн үйл ажиллагааны төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно”,  Шүүгчийн эрх зүйн байдлын тухайн хуульд “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг буруулж болохгүй” хэмээн тус тус хуульчилсан хэдий ч 2015 онд дээрх хуулийн заалтуудыг УИХ-аас хүчингүй болгосон. Шүүхийн эдийн засгийн бие даасан байдал, шүүгчийн цалингийн талаарх хуулийн зохицуулалт тогтвортой бус, ирээдүйн хөгжлийн чиг хандлага нь тодорхой бус байгаагаас үүдэн шүүгчийн цалинг бууруулах талаарх өнөөгийн маргаантай байдал үүссэн хэмээн дүгнэж байна. Манай улсад бодлогын шийдвэр гаргахдаа Үндсэн хуулийн зохицуулалтыг анхааран үзэх байдал сүүлийн жилүүдэд эрс доройтож байна. Дахин хэлэхэд энэ бол ганц төсөв хэмнэх асуудал биш харин шүүгчийн хараат бус байдлын баталгааны чухал хөшүүргийг үгүй хийж буй Үндсэн хуулийн бус шийдвэр юм.

Өнөөгийн шүүгчдийн цалин хөлс нь төрийн албан хаагчийн дундаж цалингаас өндөр, адил мэргэжил, ур чадвар шаардах төрийн бусад адилтгах албан тушаалын цалингаас хэт өндөр байгаа нь буруу гэсэн байр суурийг хуулийн төсөл санаачлагчид тайлбарлаж байна.  Таны байр суурь.

Шүүгчдийн цалин өндөр байдаг нь тэдний хийж, хэрэгжүүлж байгаа ажил, мэргэжлийн онцлогтой холбоотой. Шударга үр дүнг шаардахын тулд шударга хөдөлмөрийн хөлсийг олгох хэрэгтэй. Энэ бол хөдөлмөрийн харилцаанд баримталдаг үндсэн зарчим. Амьдралын наад захын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй хэн нэгнээс шударга үр дүнг шаардах нь зах зээлийн нийгэмд хэрэгжих эсэх нь тун эргэлзээтэй. Иймээс л хэн хүнээс илүү хараат бус байх ёстой шүүгчдэд бусдын нөлөөнд автахааргүй, амьдралд нь хүрэлцэхүйц хэмжээний цалин олгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр шүүгч мэргэжлийн нийгмийн үнэ цэнийг орхигдуулж болохгүй. Сайн мэргэжилтнийг өндөр цалин, нийгмийн баталгаагаар тогтоон барьдагийн адил шударга, ёс зүйтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай хуульчдыг шүүхийн байгууллагад элсүүлэх, тэднийг тогтвор суурьшилтай ажилуулахад цалингийн хэмжээ хамгийн чухал. Шүүгчдийн цалин хөлс нэмэгдсэнтэй уялдан чадварлаг хуульчид шүүгчээр ажиллах байдал сүүлийн жилүүдэд манай улсад эрс нэмэгдэж байна.

Шүүгч нь багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэхээс бусад аливаа ажил, хөдөлмөр давхар эрхлэхийг хуулиар хориглодог бөгөөд зарим тохиолдолд үзэл бодолоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулах зэрэг Үндсэн хуулиар олгогдсон иргэний үндсэн эрхээ хэрэгжүүлэхэд хуулиар зохих хязгаарлалт тогтоосон байдаг. Иймээс шүүгчийн хязгаарлуулсан эрхийн нөхөн төлбөрийг цалингийн хэмжээнд шингээн шүүгчийн цалингийн хэмжээг өндөрөөр тогтоодог.

Ер нь шүүгчийн цалинг бусад төрийн албан хаагчдын цалингаас өндөр тогтоодог нь хараат бус шүүхийн тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байгаа улсад орнуудад нийтлэг ажиглагддаг. Шүүгчийн цалингийн хэмжээгээр Англи, Ирланд, Австрали, Шинэ Зеланд, АНУ, Франц, Япон, Канад зэрэг улс орнууд тэргүүлж байна.

Мэдээж дээрх улс орнуудын шүүгчийн цалингийн хэмжээг манай улстай харьцуулах боломжгүй. Гэхдээ шүүгчийн цалингийн хэмжээ нь хараат бус байдлын баталгаатай шууд холбоотой болохыг зөвөөр ойлгох хэрэгтэй.

Бидний анзаарахгүй үлдэж байгаа нэг том асуудал байна. Шүүгчийн цалингийн хэмжээ үндэслэлгүй өндөрөөр тогтоогдсон, тэдний авч байгаа цалин нь бусад адилтгах албан тушаалтны цалингаас хэт өндөр байна гэх хуулийн төсөл боловсруулагчдын тайлбар нь олон нийтийн зүгээс шүүхийн байгууллага, шүүгчийг үгүйсгэх хандлагыг зарим талаар бий болгож байна. Шүүхийн хараат бус, бие даасан байдал эцсийн дүндээ олон нийийн зүгээс шүүхэд итгэх итгэл дээр тогтдог. Шүүхэд итгэх олон түмний итгэлийг нэмэгдүүлэхийн тулд шүүхийн байгууллагаас хийж хэрэгжүүлсэн олон ажлыг ийнхүү үнэгүйдүүлнэ гэдэг нь сайн зүйл биш ээ. Тиймээс шүүгчийн цалингийн хэмжээг бууруулах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Үндсэн хуулийн зохицуулалтын мөн чанар, зорилгыг харгалзан үзэж холч ухаанаар хандах хэрэгтэй хэмээн үзэж байна.

 

 

Л.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?