Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ДАРХАНЫ СЭТГҮҮЛЧИД ЭРЭН СУРВАЛЖИЛНА

2016-09-22  

Монголын Хэвлэлийн Хүрээлэн Герман Улсын DW Академитай хамтран боловсруулж байгаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалтын хөтөлбөрийн хүрээнд Америкийн нэрт сэтгүүлч доктор Марк Ли Хантер, Хэвлэлийн Хүрээлэнгийн багш нар Дархан хотын сэтгүүлчдэд хичээл заалаа.

Марк Ли Хантер нь эрэн сурвалжилсан бүтээлээрээ “National Headliners” байгууллагын нэр хүндтэй “Clarion” шагнал хүртсэний зэрэгцээ, олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээг 2003 онд үүсгэн байгуулалцсан том төлөөлөгч юм. Тэрбээр сургалтын эхний хичээлээрээ эрэн сурвалжлах сэтгүүлч ганцаараа зүтгээд үр дүнд хүрэхэд бэрхшээлтэй учраас хэнээс ямар дэмжлэг авч болох, сэтгүүлчийн хариуцлага, ёс зүйгээ чанд сахих сэдвүүдийг хөндсөний зэрэгцээ эрэн сурвалжлах бүтээлээ хаана нийтэлж түгээх зах зээлээ хэрхэн олох тухай баримт түшин сонирхолтой ярив. Эрэн сурвалжилж байгаа сэтгүүлч нь хэзээ ч хэрэг мөрдөгч шиг ажиллах ёсгүйг онцлон анхаарууллаа. Багш М.Ганхүү онлайн орчинд мэдээлэл эрэн хайх хамгийн дөт арга зам, багш М.Дариймаа гүүгле хайлтын түлхүүрүүдийг үр ашигтай ашиглах, багш Ц.Чимиддондог гарааны мэдээлэл гэж юуг хэлэх, нээлттэй эх сурвалжтай хэрхэн харьцах энэ бүхнээс үүдэн таамаг дэвшүүлэх, эх сурвалжийн судалгааг ямар дарааллаар хийх тухай хичээл орлоо. Багш нар Дарханы жишээн дээр ярилцсан тул сэтгүүлчид тун идэвхитэй оролцож хүн бүр өөрсдийн байр сууриа илэрхийлж мэтгэлцсэн нь хичээлийг амьд сонирхолтой болгов. Хичээл төлөвлөсөн цагтаа баригдсан тул цухасхан дурьдаад өнгөрсөн цаг хугацаа болон орон зайн дараалал үүсгэх, мастер файл, мэдээллийг нягтлан шалгах алтан дүрэм, асуудлын учир шалтгааныг яаж олох, нууц эх сурвалжийг хэрхэн илэрүүлэх гээд бараг л анх удаа сонсож байгаа олон сэдвийг цааш нь лавшруулан мэдэж авах хүсэл сэтгүүлчдийн нүдэнд ассан нь ил харагдсан. Сургалтанд оролцогчид Дарханд эрэн сурвалжилж ил болгох олон асуудал бий гэдгийг дурьдаад зочин доктор Марк Ли Хантер болон бусад багш нараас сонирхсон асуултандаа хариулт авлаа. Ийм сургалт Дарханд анх удаа болсноороо онцлогтой байв. Сургалтанд Дарханы “RGB”, “DBS”, “ЛХА”, “ТВ-12” телевиз, “Шинэ мэдээ Дархан” сонин, “Focus Darkhan” сэтгүүл,”Art Ger” Интертаймэнт, “City Darkhan”, “Хос Дог”радио, “Darkhan times” вэб сайтын сэтгүүлчид оролцлоо. Энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дарханд ажиллахаар ирж таарсан тул сурвалжлаганд явсан цөөн хэдэн сэтгүүлчид нь тун ач тустай сургалт болсныг нөхдөөсөө сонсоод их л чухал юмаа алдсан улс шиг харамсацгаасан. Дарханы сэтгүүлчид ийм сургалт байгууллага редакцаараа захиалж авах хүсэлтэй байгаагаа Хэвлэлийн Хүрээлэнд илэрхийлж, эрэн сурвалжлах гүнзгийрүүлсэн шатны сургалт орон нутагтаа хийлгэх санал тавилаа.

Сургалтыг удирдсан доктор Марк Ли Хантер Монголын хөдөө орон нутгийг төлөөлөн Дарханд хийсэн энэ сургалтаас их зүйлийг хүлээж байснаа нуусангүй. Тэрээр Хэвлэлийн Хүрээлэн, DW Академитай хамтран хэрэгжүүлж байгаа урт хугацааны олон үе шаттай хөтөлбөрийн нэгэн шийдвэрлэх алхам болсон энэхүү сургалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа багш нарын багийн хамт олонд илэрхийлсэн нь хамгийн том үнэлгээ байв. Багш нар хичээлээ орон нутгийн сэтгүүлчдийн эрэлт хэрэгцээ онцлогт тохируулан хөдөөгийн амьдралын бодит жишээ баримт татан ур чадвартай зааж, сургалтын зохион байгуулалт сайн байсныг өндрөөр үнэлсэн. Сургалтын дараа сэтгүүлчдэд Хэвлэлийн Хүрээлэнгээс эрхлэн гаргасан сэтгүүл зүйн ном, товхимол тараав. Мөн энэ үеэр нээгдсэн Дархан хотын боловсролын номын санд сэтгүүл зүйн анхных нь сурах бичгийн дээж болгон профессор Марк Ли Хантер өөрийнхөө “Таамагт суурилсан судалгаа” бүтээлийн Монгол хэлээр хэвлэгдсэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн гарын авлага номоо Боловсрол Соёлын Газрын дарга Р.Батжаргалд гардуулав. Дарханы телевиз, радио зочин багш Марк Ли Хантераас ярилцлага авч сурвалжлага бэлтгэсэн нь оройн мэдээллийн цагаар үзэгчдэд хүрлээ.

 

 

С.Эрдэнэцэцэг.  Дархан хот.  Бурхантын хөндий 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?