Америк, Орос, Хятад зэрэг том гүрний удирдагчид залгамжлагчаа өргөмжилдөг. Тэд сонгуульддаггүй. "Сонгууль бол сохор аз" гэж үздэг. Тиймээс жижиг улс орнууд л "сонгууль хийж сохор азаа" үздэг байна. Жижиг улсын удирдагч хэн байх нь том гүрний бодлого, сонирхолд нийцэж байвал л гүйцээ. Тэр тусмаа АНУ-ын сонирхолд. АНУ дэлхий нийтийг удирдаж буй. Америкийн Нэгдсэн Улсыг Дэлхийн Цагдаагийн Төв Байгууллага ч гэж нэрлэх, шүүмжлэх болсон. Орос, Хятад, Энэтхэг зэрэг томоохон улс гүрнийг хяналтандаа авчихвал АНУ санасандаа бүрэн хүрнэ. Гэвч дээрх улс орны удирдагчдыг сонгоход нь оролцож, нөлөөгөө тогтоож чадахгүй хэвээр байна. Гол шалтгаан нь Орос, Хятад, Энэтхэг зэрэг улс гүрний төрийн дархлааг алдагдуулж чадахгүй байгаад оршиж байна гэж мэргэжилтнүүд онцолж байна. Тэгвэл, Орос орон АНУ-ын нэг адил өөрийн удирдагчаа хэнээр ч заалгалгүй, хэнээс ч хамааралгүйгээр "сонгож" ирлээ.
Тухайлбал, Орос орны ерөнхийлөгч Б.Ельцин залгамжлагчаараа В.Путиныг сонгосон. 8 жил улс орноо удирдсан В. Путин хугацаагаа дуусангуут ерөнхийлөгчийнхээ суудлыг Медведевт түр хадгалуулан буцаан авсан. Тэр 2018 онд дахин сонгогдоно. 5 жилийн дараа л Путины жинхэнэ залгамжлагч хэн болохыг хүн төрөлхтөн мэдэх болно.
Тэгвэл, Хятадын удирдагч Зян Зи Минь өөрийн залгамжлагчаараа Ху Жин Таог өргөмжилсөн. Түүний хугацаа дуусмагц Ху Жин Тао өөрийн залгамжлагчаар Хятадын одоогийн дарга Си Жин Пинийг тодруулсан. Тэд ажлаа өгөхөөсөө жилийн өмнөөс залгамжлагчаа тодруулдаг уламжлалыг дэлгэрүүллээ.
Ийнхүү том гүрнүүд АНУ-аас улс төр, эдийн засгийн хувьд хараат бус байж чадаж байна. Тэгвэл, Орос, Хятадыг хараандаа байлгах хүслээ нуухгүй байгаа АНУ өөрийн удирдагчаа мөн л сонгохгүй бас л тодруулан өргөмжлөх болно. Хэдийгээр сонгууль гэж нэрлэж, марафон өрнүүлж, цуврал халз ярилцлагыг өрнүүлж эхэлсэн ч, эцсийн дүн тодорхой болжээ. Хиллари Клинтон бол Обамагийн залгамжлагч. Түүнийг бэлтгэгдсэн ерөнхийлөгч гэж америкийн дуу хоолой болох CNN агентлаг мэдээллээ. Хилларигийн муужирч унасан шуугианыг дарахын тулд 62:27 гэсэн харьцааг зориудаар гаргалаа гэж Доналд Трампын талыг баримтлагч судлаачид үзэж байна. Хэдийгээр халз ярилцлага эцсийн дүнд нөлөөлдөггүй гэж хэлж байгаа ч, америкийн бодлого нь Хиллари Клинтоныг дэмжих, түүнийг ерөнхийлөгчөөр өргөмжлөхөд чиглэж байна.
Ц.ЭНХБАТ