УНГАР УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БИОКОМБИНАТЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХААР БОЛЛОО

2016-01-26  

 Хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын нилээдгүй хэсгийг гадаадын хөрөнгө оруулагчид бүрдүүлж байна. Жишээ нь:  Хөдөө аж ахуйн салбар 2013 онд 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авч байсан бол дараа ондоо энэ дүнг 26.3 тэрбум төгрөг хүртэл өсгөж чадсан байгаа юм. Харин энэ онд 60 сая ам.долларын босго тавьжээ. Гэхдээ энэ хөрөнгө оруулалтыг татахын тулд энэ салбарын цаашдын чиг баримжаа, хөгжлийн бодлого тогтвортой ойлгомжтой байх ёстой гэж үзэж байгаа юм. Энэ утгаараа Хөдөө аж ахуйн яамнаас оны өмнөхөн батлагдсан төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогийг хандивлагч болоод хамтран ажилладаг олон улсын байгууллагуудад танилцуулсан билээ. ХХААЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдтой ярилцлаа. 

- Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Манай хоёр улсын сайдууд хэд, хэдэн баримт бичигт харилцан гарын үсэг зурлаа. Ингэснээрээ эм, эмнэлгийн болоод хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаа өргөжиж байна гэж хэлж болох талтай. Яг танай салбартай холбоотой ямар төрлийн хамтын ажиллагаа байдаг вэ?

Унгар бол хүнд, хөнгөн үйлдвэрлэлээ, ялангуяа хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж чадсан орнуудын нэг. Тэр утгаараа хөдөө аж ахуйн чиглэлээр манай улстай хамтран ажиллах бүрэн бололцоо байдаг. Өнгөрсөн онд гэхэд л ерөнхийлөгч Ц. Элбэгдорж тус улсад айлчлах үеэр манай яамнаас төлөөлөл дагалдан явж, хөдөө аж ахуйн уламжлалт харилцаагаа сэргээн хөгжүүлэх боломж, бололцооны талаар санал солилцоод ирсэн байдаг. Мөн 2011 онд хоёр улсын Хөдөө аж ахуйн яам хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг гэж бий. Энэ удаагийн айлчлалаар энэ санамж бичигт дурдагдсан мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн тус улсын арга туршлагыг судлах талаар Ерөнхий сайд ярьсан байна лээ. Энэ маш нааштай үр дагаварт хөтлөх байх, цаашдаа хөдөө аж ахуйн салбарын харилцаа улам л гүнзгийрэх боломж гэж харж байгаа.

- Хоёр улсын Ерөнхий сайд нар Биокомбинат дахь үйлдвэрийг сэргээн завсарлах болоод үүнд түшиглэсэн дагуул хот байгуулах талаар ярилцсан байна лээ?

Тийм. Биокомбинат дахь үйлдвэр бол манай орны мал сүрэгт гардаг гоц халдварт, өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох эмчлэх зориулалттай вакцин, оношлуур, ийлдэс гэсэн гурван ангиллын 60 гаруй нэр төрлийн био бэлдмэл үйлдвэрлэж, улсын захиалгын дагуу орон нутгийн мал эмнэлгүүдэд нийлүүлдэг. Маш чухал үйлдвэр л дээ. Харин одоо сэргээн засварлах цаг хугацаа нь болчихсон. Аль 1923 онд суурь нь тавигдаж байсан түүхтэй. Сүүлд 1973 онд Унгарын техник, эдийн засгийн тусламжаар тухайн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдож, Европын жишиг технологийг нэвтрүүлж байсан юм байна лээ. Мэдээж технологийн хувьд бага зэргийн шинэчлэлт гарсан. Гэвч, энэ чиглэлээр өндөр хөгжсөн улс орнуудтай харьцуулбал дутагдалтай тал бий. Харин энэ удаад Унгар улсын  хөрөнгө оруулалтаар Биокомбинат дахь үйлдвэрийг сэргээн засварлахаар болж байгаа. Унгар, Монголын хамтын ажиллагааны гол илрэл болсон энэ үйлдвэрийн шинэчлэл удахгүй эхлэх байх.

- Хөрөнгө оруулалт нь хэд орчим төгрөг  юм бэ?

Тус улсын зүгээс 17.5 жилийн хугацаатай 25 сая.амдолларын зээлийг хүүгүйгээр олгохоор болсон. Эхний ээлжинд энэ хөрөнгө оруулалтаар техникийн шинэчлэлийг нь хийх юм.

- Саяхан, манай улсад суугаа дипломатуудын төлөөлөл болоод дэлхийн томоохон байгууллагуудыг Хөдөө аж ахуйн яам цуглуулж, зөвлөлдөх уулзалт хийлээ. Ямар асуудал дээр түлхүү зөвлөлдсөн бэ? Ямар нэгэн шийдвэр гарсан уу?

Зөвлөлдөх уулзалт учир ямар нэгэн шийдвэр гаргадаггүй. Учир нь, энэ түлхүү бодлогын, ойлголцлын шинжтэй өрнөдөг. Жишээ нь: Манай яам ямар бодлого гаргаж, хэрхэн ажиллах гэж байгаа нь тодорхойгүй бол хэн ч хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг хүсэхгүй. Тиймээс өөрийн талаас бодлого шийдвэрээ ил болгож, тайлбарлаж, харилцан итгэлцэх зайлшгүй шаардлага тулгардаг. Дээрээс нь Монгол Улсын Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн УИХ-ын 104 тоот тогтоолоор батлагдсан. Тиймээс манай яам, Дэлхийн банк групп, НҮБ-ын Монгол дахь Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран Олон улсын байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Мэдээж, дээрх баримт бичиг батлагдсан тул нэн түрүүнд бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах ёстой байдаг. Энэ нь цаашдын үйл ажиллагааны үндсэн суурь болдог тул үүнд хөрөнгө оруулагч талуудын оролцоог тодорхой болгох шаардлага байсан юм. Аливаа бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд оролцогч талуудын харилцан ойлголцол, талуудын үүрэг тодорхой байх нь чухал нөлөөтэй байдаг.

- Өнгөрсөн онд дээрх байгууллагууд хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэ, энэ онд ямар хандлагатай байгаа вэ?

Ер бол хөрөнгө оруулагч талуудтай хамтран гүйцэтгэх төсөл, хөтөлбөрүүд маш олон байдаг. Өнгөрсөн оны хувьд 10 төсөл хамтран хэрэгжүүлсэн. Гэхдээ энэ нь өмнөх онуудтай харьцуулахад бага тоо юм. Хамтарсан төсөл хөтөлбөрийн тоо багассан нь олон давхар хөтөлбөрийг нэгтгэх, ойлгомжтой болгох үүднээс хийгдсэн ажил. Энэ нь хөрөнгө оруулагч талдаа ч гэсэн ойлгомжтой, цэгцтэй байдаг. Товчхондоо, чанартай, цөөн төсөл гэж болно. Жишээ нь : Эдгээр төслийн нийт дүн 47 сая ам.доллар болж байгаа  юм. Харин энэ онд манай яам гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилго тавиад 60 сая ам.долларын босго тавьсан. Үүнд : Биокомбинат дахь үйлдвэрийн шинэчлэл багтаж байгаа. Цаашид бид Хүнс Хөдөө аж ахуйн салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх чиглэлд анхааран ажиллаж байгаа.

- За ярилцлага өгсөн таньд баярлалаа.

Баярлалаа.

 

 

ЯРИЛЦСАН : П. ОЮУНСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?