Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ӨНДӨР ДЭЭДСИЙН ИЛГЭЭЛТ

2016-10-07  

Мессэж ирэх дохио дуугарав. Аваад үзвэл "Мөнх тэнгэрийн хүчинд хааны суу дор нэгэн үйл явдлыг дурсан хананд бичиж хүр болгон бэлгэдэж, тахиа жилийн есөн сарын шинийн наймнаа" гэжээ. Хавсралтаар бас зураг ирлээ. Нээж харвал “Нисэж байгаа жигүүртэн шувуу, дөрвөлжин хүрээн доторх нэг омог отгийн хүмүүс” байна.

Тиймээ, энэ бол өнөөгийн бидэнд ирүүлсэн өвөг дээдсийн минь мессэж илгээмж уран зургийн галерей билээ. Чухамхүү бид Дарханыхаа нутагт байдаг Хүйтний голын бичигт хадны тухай ярьж байгаа нь энэ. Энэхүү түүхэн дурсгалт захиа зургийг гүйцэд тайлан уншихаар хичээн судалж яваа доктор Хатагин Готовын Аким гуайтай хамтран “Art Ger” энтэртаймэнтийнхан бид аяны жолоо залж зорьсон газартаа ирлээ.  

Бичээс зураг нь голын эхний Бичигт хошууны хадан цохионы нөмөрт тэгшхэн толигор чулуун дээр байна. Энэхүү Монгол, дөрвөлжин бичиг, зосон зургуудыг анх 1981 онд доктор Н.Сэр-Оджав, Б.Цэвээндорж, А.Очир нар илрүүлэн судалсан гэж тайлбар толинд тэмдэглэгдсэн нь бий. Тэхээр олон жилийн дараа энд ирж байгаа дөрөв дэхь жинтэй том судлаач нь Го.Аким доктор боллоо. Бид эрхэм ахыгаа даган хадандаа ёслон хүндэлж номын адис хүртээд ажилдаа оров. Бичээс зургийг анхааралтай тодруулан үзэцгээв. Хар бэхээр бичигдсэн Монгол бичээсийн эхний мөрүүд овоо тод хир нь дараагийн үгсийг бүрэн тайлан унших боломжгүй болжээ.

Цагийн эрхээр их баларч бүдгэрч. Энэ бүхнийг үл ажран Аким ах зураг бичиг үг үсэг бүрийг хичээнгүйлэн нягт нямбай бүртгэн тэмдэглэж, зураг дүрсийг нь тод томруун буулгаж авлаа. Судлаач шинжээч хүн гэж ийм л байдаг ажээ. Их үдийн нар доошлон хадан цохионы энгэр сүүдэртэх хүртэл бид хүндэт ахдаа хир чадлаараа туслан дэм болцгоов. Цаг ямар хурдан өнгөрснийг хэн нь ч анзаарсангүй. Өглөөнөөс бороо орж бүүдийсэн тэнгэр гэнэтхэн цоорч зөвхөн бичигт хадан дээр л нараа тусгасан нь юутай билигшээлтэй. Хэн хэзээ бичсэн, яг ямар үйл явдлын гэрч бичээс болохыг илүү тодоруулах зорилготой Аким ахын тайлалыг бид удахгүй гарах номоос нь танилцаж сонирхох учраас энэ удаа түрүүлэн илүү үг дуугаралгүй нээлт бүтээл юуг нь тэсэн ядан хүлээе. 

Холоос зорьж ирсэн гавъяат ахтайгаа хамт бид ажлаа амжуулсандаа сэтгэл дүүрэн буцахаар боллоо. Гэнэт месежний дуу дахин гарав. Тэгэхдээ их чичирхийлсэн доргио мэдрэгдэх нь тэр. Нээгээд хартал аврал эрсэн дохио хангинаж харанга дэлдэх мэт цангинав. Цочиж сандарсандаа лавшруулан үзвэл Бичигт хаданд маань аюул учирчээ. Юу болох нь энэ вэ? Шуналтай хүмүүс голын хөндийг тэр чигт нь ухаад хаячихсан байна. Цэцэг жимс алаглан байсан нуга дэнжийн хөрсийг орвонгоор нь эргүүлж улаан түйрэн болгожээ. Хамгийн аймшигтай нь судар бичээстэй цавчим хаданд ердөө аравхан алхам ойрхон ирчихсэн байв.

“-Хэн ингээд сүйтгэчихэв ээ? Яасан дүүрчихсэн толгой вэ?“ хэмээн Аким ах харамсав. Хэлэх үг олдсонгүй. Бид бас л буруутан. Энэ нүглийн өмнө нутгийн хүмүүс бүгд л гэмтэй. Элэнц өвөг нар минь хойч үеийнхэндээ үе дамжуулан илгээж үргэлж нандигнан санаж яваарай хэмээсэн эрхэм ариун илгээлтийг хүйтэн санаатнуудаас авран хамгаалж авч үлдье. Алгуурлалгүй шуурхай арга чарга бодъё. Дарханчууд уг нь нутаг орныхоо хамгийн үзэсгэлэнтэй ховор газар ус, соёл түүхийн дурсгалыг өөрсдөө нэрлэн тодруулсан. Тэр найман гайхамшигийн нэг нь Хүйтний голын бичигт энэ хад. Хүмүүс ээ, юу хийчих нь энэ вэ? Тэнгэр дээдэс минь, мулгуу биднийгээ өршөө!

 

 

С.Эрдэнэцэцэг  

/ Намрын адаг сарын цагаан бич өдөр. Хүйтний голын Бичигт хошуу /

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Адъяахүү:Манай улс түүх дурсгалын юмаа эвдэж устгадаг улс байхгүй шүү. Хамгаалалтанд авах хэрэгтэй 2016-10-07
Sumya:Akim axiin sudalgaanii ololtiig tesen huleeie. Amjilt husie 2016-10-07
hagi:yamar hulgaich ni we oron nutgiin zasag zahirgaa arga hemjee awaachee 2016-10-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?