Э.ЦАЦРАЛТ : МУУ АППАРАТ ЗУРГИЙГ МУУ АВДАГ ЮМ БИШ

2016-11-05  
Сүүлийн үед гэрэл зураг сонирхогч залуус маш ихээр эрчимтэй нэмэгдэж байгаа. Гэрэл зураг сонирхогчдын Фэйсбүүк групп л гэхэд 114 мянган гишүүнтэй. Тиймээс сонирхогч залуусдаа мэдлэг болгох үүднээс гэрэл зурагчин Эрдэнэбилэгийн Цацралттай гэрэл зураг гэж юу болох, өнөөдөр ямар хэмжээнд байгаа гэх мэт олон зүйлсийн талаар ярилцсанаа хүргэж байна.  

-Монгол улсад гэрэл зургийн хөгжил ямар шатанд явж байгаа талаар яриагаа эхэлье?

Гэрэл зургийн салбар манайд хөгжөөд 81 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Эртний сайхан зургуудыг бол дандаа л гадныхан авдаг байсан л даа. Гэхдээ өнөөдөр харахад Монголын гэрэл зурагчид алхам алхмаар биш үсрэлтээр урагшилж байна. 5 жилийн өмнөхтэй харьцуулшгүй. Би бол 4-р ангидаа анх гэрэл зурагтай танилцаж, авч эхэлсэн. Гэхдээ өнөөдрийнх шиг ингэж зургаар өвчилж, жинхэнэ хоббигоо болгож, өвлийн шөнө 1.00 цагт уулын орой дээр зураг авч зогсож байгаагүй юм. Хүн ажилдаа бол тэгж явахгүй дээ. (инээв)

Яагаад ингээд өвчилчихөв гэхлээр техник, технологитой их холбоотой. Тухайлбал дижитал аппарат тольтой гарсан, дурангийн сонголт олон болсон. Үүнээс хойш улайрч эхэлсэн гэхүүдээ.

-Таны хувьд гэрэл зураг гэж юу вэ?

Гэрэл, сүүдэр. Ердөө хамгийн хар өнцөг, хамгийн гэрэлтэй өнцөг хоёрын л хослол. Ач холбогдол үнэ цэнийхээ хувьд бол нэг мөчийг мөнхлөх. Одоо намайг ингээд сууж байхад зураг авлаа гэхэд би ахиж хэзээ ч энэ позтой ингэж суухгүй л байхгүй юу. Амьдралын нэг хэсгийг зогсоочихлоо гэсэн үг л дээ.

-Гэрэл зургийн хэллэг, өгүүлэмж гэж таны бодлоор?

Хүн тэр зургийг хараад бүхнийг ойлгох. Хөрөг авлаа гэхэд тухайн хүний бүхий л сэтгэл хөдлөл, нулимс, харц гээд л нүүрэн дээрх бүхнийг авах болно. Яг байгаагаар нь авна гэдэг бол маш хэцүү. За зураг авлаа гэвэл нөгөө хүн чинь бараг л торгон дээлээ гаргаж өмсөөд л, харц нь өөрчлөгдөөд л, суудлаа засаад эхэлнэ. Авч байгаагаа мэдэгдүүлэхгүй авах л хэрэгтэй. Тэгж байж тэр зураг олон зүйлийг хэлж чадна. Яг байгаагаар нь нулимстай бол нулимстай, ядарсан бол ядарснаар нь. Бүх л амьдрал нь нүүрэн дээр нь байхыг л дарах хамгийн чухал.

- Зурганд засвар (потошоп) хийх нь зөв үү?

Хэрэглэх нь бол маш зөв. Потошопгүйгээр гэрэл зураг явахчгүй. Хэдэн зуун программ бий л дээ. Чи юуг нь ашиглах вэ, алин дээр нь зургаа сайн янзалж чадах вэ? гэдэг л чухал. Боловсруулалт хийж бүрэн зураг гарахад үндсэн зураг нь өөрөө 20 хувь нь л байдаг. Дараачийн засвар, фотошоп зохиомж зэрэг чинь 80 хувь. Тэгэхлээр их чухал эд байгаа биз. Нэг даралтаар төгс зураг авна гэсэн ойлголт байхгүй. Заавал засвар хэрэгтэй.

- Гэрэл зургийн төрлүүдээс хамгийн хэцүү бас хамгийн амархан төрөл нь аль вэ?

(Бодолхийлэв) Хэлж чадахгүй. Тэр амархан, тэр нь хэцүү гэж хэлж болохооргүй. Бүгд л ялгаагүй хөдөлмөр шүү дээ. Хөрөг зургаар мэргэшсэн хүн бол хаанаас яаж авах, дараа нь ямар программ дээр яаж засах гээд л бүгд хөдөлмөр.

-Хөдөлмөр гэснээс ер нь гэрэл зураг сонирхдог хүмүүс их олон болж байна. Тэгэхээр тэд яаж чадвараа дээшлүүлэх вэ? Сайн аппарат уу, эсвэл сайн программ уу, Эсвэл их хөдөлмөр үү?

Миний хувьд бол анх гэрэл зураг аваад аппаратаа ч сайн мэдэхгүй байлаа. Тухайн үед үеийнхээ хэдтэй нийлээд л зурганд гарна. Одоо ч гэсэн. Эндээс юу сурдаг вэ гэхээр техникээ илүү сайн мэддэг болно, мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж шинэ юм сурна. Ямар программ дээр яаж ажиллаж байгаагаа, ямар зургийг яаж авахаа хүртэл ярилцана. Нэг ёсондоо багш л гэсэн үг. Би бол сургалтанд сууж байгаагүй хүн шүү дээ. Харанхуйгаараа, өөрийнхөөрөө л явж байна. (инээв)

Тэгэхээр ингэж бүлэг болж зурганд гарах нь маш зөв юм шиг санагддаг юм. Одоо бол би 4,5 бүлэгт хамаарагдаж зурганд гардаг.

- Монголд дан ганц гэрэл зураг авч амьдрах боломж бий юу?

Боломж бий. Нэг чиглэлээр зураг аваад явж байгаа олон хүмүүс байна. Түүгээрээ захиалга аваад, мэргэжлийн болчихсон. Жишээлбэл талбай дээр зураг авдаг хүнийг би мэргэжлийн зурагчин гэж хэлнэ. Яагаад гэвэл тэр хүн зургаараа мөнгө олж, түүгээрээ л амьдарч байна. Тэгэхээр тэр мэргэжил нь юм.

Харин Би өөрийгөө мэргэжлийн гэрэл зурагчин гэж боддоггүй. Яагаад гэвэл би хоббигоороо л үүнийг хийж байгаа. Гэрэл зургаараа мөнгө олж амьдардаггүй учраас тэр.

-Дэлхийн гэрэл зурагчдаас Монголын гэрэл зурагчид юугаараа хоцорч байна вэ?

Энд нэг зүйлийг хэлмээр байна. Гадныхан гэж хэн юм? Гадныхан, манайхан гээд л ярина. Угтаа гадаад хүмүүс ч биднийг хараад гадныхан л гэж бодно биз дээ. Би бол ингэж хуваамааргүй байна. Монгол гэрэл зурагчин дэлхийн нийтлэг хэлээ сайн мэдэхгүй байгаа учраас л дэлхийн олон нийтийн энэ сайтуудад зургуудаа тавих нь бага байгаа юм. Тухайн зурагчны өөрийнх нь буруу. Хэрвээ чи тийшээ зургаа тавиад эхэлчих л юм бол чамайг энэ Монгол гэж хэн ч хэлэхгүй. Адилхан нэрээр чинь дуудаж, бүтээлийг чинь дүгнэнэ. Гол нь гэрэл зургийн чанар, бодомж, зохиомж, эцсийн зүйлээ л сайн хий.

“Насны хувьд залуу хөгшин гэхгүй, гэрэл зураг сонирхож, авч эхэлснээр нь л ялгана. 60 гарсан хүн гэрэл зураг дөнгөж авч эхэлж байгаа бол тэр залуу зурагчин. Харин 25тай хэрнээ 7 жил зураг авчихсан бол тэр архаг зурагчин”

Таны харж байгаагаар өнөөдөр монголын гэрэл зургийн хөгжилд тулгамдаад байгаа ямар асуудал байна вэ?

-Санхүүжилт. Гэрэл зурагчныг дэмжих санхүүжилт маш хомс. Нөгөө талаасаа техникээ мэдэхгүй байна. Ялангуяа 20 гаранхан настай хэдэн залуус шууд л мундаг мундаг үнэтэй том аппарат авчихсан. Түүгээрээ ямар зураг яаж авахаа мэдэхгүй. Зургийн чанарыг аппаратын үнээр үнэлж огт болохгүй. Би бол ганцхан NikonD3X аппараттай.

Муу аппарат зургийг муу авдаг юм биш”

Муу зурагчин л муу авч байгаа юм шүү дээ. Бас сургалт дамжаа, сурах бичиг бага байдаг учраас хүмүүс техникээ мэдэхгүй байна л даа. Харин би өөрөө багшгүй ч гэсэн хэдэн шавьтай болж байгаа. (инээв)

 “Гэрэл зураг авмаар байвал эхлээд техникээ гартаа оруул”

 

 

ЯРИЛЦСАН : О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?