М.ГАНХҮЛЭГ: ЮУН ТҮРҮҮНД ХОТЫН ХӨГЖИЛ БОЛ БҮХ Л ХҮНИЙ ЗҮТГЭЛ СЭТГЭЛ БАЙДАГ ГЭДГИЙГ ОЙЛГОСОН.

2016-11-11  

“Залуучууд ба ирээдүйн хотууд” форум Олон Улсын залуучуудын чуулга уулзалт Бээжин хотод боллоо. Уг чуулганд манай улсаас 5 залуу оролцсон юм. “Чуулганы гол зорилго нь Бээжин хоттой хамтын ажиллагаатай хотуудын ирээдүй хөгжлийн бодлого чиглэлийг тодорхойлж, туршлага солилцсон” хэмээн “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн М.Ганхүлэг ярилаа. Түүнтэй “Залуучууд ба ирээдүйн хотууд” форумын талаар цөөн хором ярилцсанаа хүргэе.

“Залуучууд ба ирээдүйн хотууд” форумын талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?

Бээжин хотод өнгөрсөн сарын 24-өөс 30-ны хооронд “Залуучууд ба ирээдүйн хотууд” нэртэй форум болж өнгөрлөө.

Бээжин хоттой эгч дүүс хотын залуучууд энэхүү форумд чуулсан. Форумын үед 40 гаруй улсын 150 гаруй залуус Бээжин хот болон Хэбэй, Тяньжин хотуудтай танилцах аялал зохион байгуулсан. Манай улсаас 5 залуу энэ форумд амжилттай оролцоод ирлээ.

Энэ форумын зорилго юу вэ?

Бээжин хотын залуучууд зохион байгуулж байгаа. Мөн Бээжин хоттой эгч дүүс хотууд буюу хамтын ажиллагаатай хотын залуус оролцож байгаа гэдэг утгаараа Бээжин хотын цаашдын хөгжлийн талаар хэлэлцлээ. Мөн олон орны залуучууд өөрсдийн хотуудын давуу талууд болон боломжийн талаар ярилцлаа.

Хот тус бүрд байгаа ололттой зүйл нь юу вэ? Үүнийгээ хэрхэн зөв зохистой ашиглах вэ? Гэх мэт олон асуудлуудаар хэлэлцлээ. Хамгийн гол зорилго нь СМАРТ ХОТ буюу УХААЛАГ ХОТ-ыг бий болгох дээр саналаа солилцож хотынхоо хөгжилд хувь нэмэр оруулахад туршлага солилцох зорилготой үйл ажиллагаа болж өнгөрсөн. 

"СМАРТ ХОТ" гэж ямар хотыг хэлэх вэ?

Иргэдийн цаг хугацааг хэмнэсэн, амьдрах орчны таатай нөхцөл бүрдсэн, төрийн үйлчилгээ болон тээврийн хэрэгсэл гэх мэт зүйлс нь техник технологийн дэвшлийг илүүтэй ашигласан дэд бүтэц өндөр хөгжсөн хотыг СМАРТ ХОТ гэж тодорхойлно.

Тухайлбал Бээжинд хот төлөвлөлтийн шинэлэг санаануудыг анхнаас нь хийж ирсэн. Дэд бүтцийг хөгжүүлэх, үйлдвэрийн орчныг сайжруулах, Дагуул хотуудыг хөгжүүлэх бодлогыг баримталж хамт хөгжүүлж ирсэн. Энэ мэт олон асуудлыг цогцоор нь шийдсэн байна.  Иргэд нь тайван, хэт олон хүнтэй ч ухаалаг зохицуулалт хийсэн байсан. 

Улаанбаатар хотыг төлөөлсөн залуучуудын хувьд ямар үүрэгтэй энэ форумд оролцсон бэ? 

Залуучуудын байгууллагын төлөөллүүд уг форумд оролцлоо. Бид Улаанбаатар хотынхоо 2030 он хүртэлх төлөвлөлтийг танилцуулж нийслэл хотдоо хийж хэрэгжүүлж буй УХААЛАГ ХОТ болоход чиглэсэн санал, санаачилгуудыг танилцууллаа. Тухайлбал төрийн үйлчилгээний ТҮЦ машин, автобусаар зорчих  UMONEY карт зэрэг дэвшилтэт саналуудаа танилцууллаа. Энэ үеэр зарим орнууд  манай төрийн үйлчилгээний ТҮЦ машиныг ихээр сонирхож байсан.

Залуучуудын чуулга уулзалтын үеэр гадны залуучуудаас үлгэр дууриал авч болохоор зүйлс ажиглагдаж байв уу?

Энэ мэт чуулга уулзалтуудад оролцож байхад олон зүйлсийг сурна. Хамтдаа туршлага солилцож бие биенээ дэмжих цаг гаргаж ажиллахыг хичээдэг.

Тэдгээр залууст хөгжингүй оронд байгаа гэдэг утгаараа ч юм уу арай илүү боломж байгаа ч юм шиг. Гэвч бид нарын хувьд ч бас энэ нь нэг талаараа боломжийг бий болгож байна. Хийж хэрэгжүүлэх сэдэл санаагаар өөрсдийгөө таниулах гэх мэт. Яг ур чадвар хувь хүний хөгжил талаасаа бол манай залуучууд дутахааргүй байдаг.

Боловсрол мэдлэгийн цар хүрээ гэх мэт талаараа бид хэнээс ч дутахгүй юм байна гэдгийг ойлголоо.

Гэвч бид хэлний мэдлэгээ сайжруулах зайлшгүй шаардлагатай. Учир нь тэдгээр залуучуудын олонх нь төрөлх хэлээрээ буюу Хятад хэлээр ярьж байсан. Манай залуучуудын хувьд хятад, англи, итали, орос, энэтхэг хэлтэй залуучууд байсан болохоор хэлний бэрхшээл харьцангуй бага байлаа.

Форумын үр дүнд хийж хэрэгжүүлэх, бүтээх, шинийг нэвтрүүлэх олон санаатай ирсэн байх? 

Маш олон санаануудтай аяны богц дүүрэн ирлээ. Алхам бүртээ энийг ч хийчих юмсан тэрийг ч бүтээчих юмсан гэсэн бодлоор дүүрэн явлаа. Эдгээр санал санаачилгуудаа боловсруулаад манай багийнхан нийслэл хотынхоо удирдлагуудтай уулзахаар шийдсэн. Форумынхаа үр дүнг, өөрсдийн санал, хийж хэрэгжүүлж болох ажил гэх мэт олон зүйлийг танилцуулахаар төлөвлөж байна. Юун түрүүнд хотын хөгжил бол бүх л хүний зүтгэл сэтгэл байдаг гэдгийг ойлгосон. Энэ ч утгаараа Улаанбаатар хотынхоо хөгжлийн бодлогыг түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна.  

Намчирхаж талцахгүй бүхий л талаараа хамтран ажиллах нь амжилтын үндэс юм байна.

Манайхан бол сонгуулийн дараа л бүтцээ бүхэлд нь өөрчлөөд байдаг. Урт удаан хугацааны туршид энэ нь маш том алдаа болж хувирч байгааг анзаарлаа. Бидний очсон хотууд өөрсдийн гэсэн музейтэй байсан. Хотоо бүхэлд нь дээрээс нь харж болохоор макет байсан. Үүн дээрээс түүхэн хөгжлийн үе шатуудыг харж байна. Цаашдаа хэрхэн өөрчлөгдөж хөгжих вэ гэдэг зорилго, зорилтуудыг харах боломжтой байна. Эдгээрийг нь иргэд ч үзэх боломжтой, тэндээс бүх мэдээллээ авчихдаг ийм соёлын орчин бүрдсэн байна. Яг үүн шиг Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөвлөгөөг бүх иргэн ойлгодог байх, түүнийхээ дагуу бүгд хамтран ажилладаг байх нь маш чухал. Ирээдүйн тэр сайхан хотыг бий болгоход ганцхан төрийн оролцоотойгоор үүнийг хийдэггүй юм байна. Манайд бол олон сайхан санаа байгаа. Үүнд маань иргэдийн оролцоо ямар байх вэ. Бизнес эрхлэгчдийн оролцоо ямар байх вэ. Төрийн оролцоо ямар байх вэ? Зэргийг уялдуулж ажил болгодог юм байна.

Тухайлбал Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлж болох ямар санаа байна вэ? 

Манай улсад бол дулааны улиралд унадаг дугуйг өргөн хэрэглэх бүрэн боломжтой.

Манайхан ч бас харьцангуй хэрэглэдэг болж байна. Энэ нь тухайн хүний эрүүл мэнд, эдийн засаг цаашлаад хотын соёл зэрэгт асар их ач холбогдолтой.

Зарим орны хэрэгжүүлж байгаа үүнтэй холбогдолтой сайн жишээ нь гар утсандаа суулгасан аппликэйшнд түрээслэх дугуйныхаа кодыг хийгээд бага хэмжээний мөнгө төлөөд унах боломжтой. Очих газрынхаа ойр  байрлах пост дээр дугуйгаа үлдээгээд л явах ухаалаг төсөл зэрэг олон гоё санаа байна. Мөн манай нийслэл хот маань 19 хоттой хамтын ажиллагаатай буюу эгч дүүс хот гэж байдаг. Тэдгээр хотын залуучуудыг Улаанбаатар хотдоо урьж энэ төрлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ аялал жуулчлалаар дамжуулан эдийн засагтаа хувь нэмэр оруулах мөн Улаанбаатар хотынхоо цаашдын хөгжлийг тодорхойлоход илүү бүтээлчээр оролцох, нөгөө талаасаа бид өөрсдийн гэсэн ялгаралыг бий болгох. Тэр өндөр хөгжчихсөн орны залуучууд манайд ирээд, өндөр сайхан байшин харах биш харин бидний үндэсний соёл уламжлалыг таньж мэдэх, Монгол ахуй, Монгол соёлоос суралцах, Дэлхийд эх орноо таниулах зэрэг олон давуу талууд байна.

Бусад орнуудын хувьд хотынхоо төлөвлөлт, цаашид хэрхэн ажиллах тал дээр залуучууддаа чиглэсэн үйл ажиллагаа мөн тэдний оролцоог хэр чухалчилж байна вэ?

Шинэ техник технологийн тал дээр залуучууд нь тухайн хотынхоо хөгжилтэй илүү уялдаатай ажиллаж байгааг анзаарлаа. Яагаад гэхээр тэр технологийн асуудлыг илүүтэйгээр ойлгох, хүлээж авах зэрэг нь залуучуудтай зайлшгүй холбоотой. Тэдгээр дэвшилтэт санаагаа хэрэгжүүлэхэд хамгийн анхны хэрэглэгч нь залуучууд байдаг. Тийм ч учраас тэр санааг гаргуулах, өөрсдөөр нь бүтээлгэх зэрэгт залуучуудын оролцоо зайлшгүй шаардлагатай.

Манай орон бол залуучуудын орон. Хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа гэдэг утгаараа залуучууддаа хандсан нөхцөлийг бий болгох ёстой гэж боддог. Бээжин хоттой танилцах аяллын хүрээнд Бээжин хотын Их сургуультай танилцсан. Их сургуулиуд нь ер нь бүгд хотынхоо төвөөс тусдаа camp байдлаар хөгжиж байна. Тэнд бүх л зүйлс байна. Урлаг, Спортоор хичээллэх нөхцөл, тоглож наадах, театр үзвэр үйлчилгээ зэргийг цогцоор нь шийдсэн байна. Энэ мэтчилэн хөгжүүлэх нь залуучууд зөвхөн өөрсдийн боловсролдоо анхаарах, маш том өрсөлдөөний орчин, сурч хөгжих орчин бүрдсэн байгаа нь ажиглагдлаа.

Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

Нийслэл хотынхоо хөгжлийн төлөө хамтдаа ажиллана гэдэгт найдаж байна. Баярлалаа.  

 

 

 

ЯРИЛЦСАН: Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?