ХЯМРАЛЫН ҮЕД ХОЖСОН 3 ТЭРБУМТАНУУД

2016-11-14  

Олон гайхалтай зүйлсийг бүтээж, бий болгож чадсан хүмүүсийн тухай түүхүүдийг бид мэднэ. Энэ удаа харин хямралын үед маш амжилттай хөдөлж чадсан тэрбумтнуудын тухай түүхүүдээс хүргэе.

УОРРЕН ЭДВАРД БАФФЕТТ

Хөрөнгө оруулалтын домог болсон Уоррен Баффетт өөрийн тэрбумуудын ихэнхийг хувьцаанд хийсэн хөрөнгө оруулалтаар бас Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын компаниараа дамжуулан бизнес худалдан авах замаар үржүүлсэн гэдэг. 1965 онд түүний хөрөнгө оруулалтын компанид хийсэн 10 мянган доллар өнөөдөр 50 сая болж өссөн байна.

Баффетт 1973-1975 оны хямралын жилүүдийн хөрөнгийн зах зээлийн уналтын үеэр компаниудын хувьцааг маш бага үнээр худалдан авчээ. Удаа дараалсан худалдан авалтуудынх нь тоонд Вашингтон Пост ч хүртэл орж байсан гэдэг. Түүнээс хойш 40 жилийн дараа хувьцааны үнэлгээгээр Berkshire Hathaway 360 тэрбумын компани болж томорчээ.

Эдийн засгийн хямралын үед ч Баффетт тухайн үеийн хүндрэлээс илүүтэй ирээдүйд, урт хугацаанд хэр сайн байхыг зөв үнэлэн зоригтой хөрөнгө оруулж чаддагаараа амжилт олдог аж.

“Дор хаяж 10 жил хадгалах тухай бодол орж ирэхгүй байгаа хөрөнгө оруулалтад 10 минут ч бүү зарцуул” – Уоррен Баффетт

Уоррен Эдвард Баффетт

ЖОН ТЕМПЛЕТОН 

Түүхэнд хамгийн өгөөмөр тэрбумтнуудын нэгэнд зүй ёсоор тооцогдох Жон Темплетон буяны үйлс тэрбум гаруй доллар хандивласан гэдэг. Өөрийн хөрөнгө оруулалтын компаниа 1937 онд Америкийн их хямралын жилүүдэд байгуулсан нь ирээдүйн Templeton, Dobbrow & Vance байжээ. Хөрөнгө оруулалтын сангийн эцэг гэгддэг Жон Темплетоны гол сан болох Templeton Growth Fund 1954-өөс 2004 он хүртэлх хагас зуунд жилд дунджаар 13.8 хувийн ашиг авчирч байсан тогтвортой амжилтыг үзүүлжээ. 1999 онд Money сэтгүүл түүнийг зууны шилдэг хувьцааны мэргэжилтнээр шалгаруулсан байна.

Гэхдээ Темплетон өөрийн хамгийн гайхалтай хөрөнгө оруулалтаа 1939 онд хийсэн гэдэг. Гитлерийн Герман Европыг түйвээж, дэлхийн түүхэн дэх хамгийн том дайн эхэлж байсан тэр цаг үед Темплетон тухайн үед хөрөнгийн бирж дээр нэгж хувьцаа нь нэг доллараас хямд үнэтэй байсан бүх хувьцааг худалдаж авсан аж. Хэдэн жилийн дараа уг хувьцаануудыг 4 дахин өндөр үнээр зарж чаджээ.

“Хамгийн гутранги үед хөрөнгө оруулалт хий.” – Жон Темплетон

Жонн Темплетон

ЖОРЖ СОРОС

Унгар гаралтай Америк тэрбумтан Жорж Соросыг бид Соросын сангаар нь сайн мэднэ. Нийт 24.9 тэрбум ам. долларын хөрөнгөтэй, 1979 оноос хойш нийт 11 тэрбум ам долларыг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хандивласан, 1947 онд Унгараас Англи руу дүрвэсэн гээд түүний тухай гайхалтай фактууд болон түүхүүд цөөнгүй. Баффетт, Темплетон нар урт хугацааны хөрөнгө оруулалтуудыг маш зөв хийж чаддаг байсан бол Сорос эдийн засгийн уналт, өсөлтийн төлөвүүдийг зөв уншиж валют болон бондууд дээр маш амжилттай богино хугацааны тоглолтуудыг хийдгээрээ ялгаатай.

1992 оны 9-р сарын 16-ний Хар Лхагва гарагийн Их Британийн фунт стерлингийн ханшны уналтын өдөр Жорж Сорос 10 тэрбум долларын үнэ бүхий фунт стерлингийн арилжаа хийж нэг өдөрт 1 тэрбум долларын ашиг олжээ. Эцэст нь арилжаанаас олсон ашиг нь 2 тэрбум болж өссөн гэдэг. Үр дүнд нь тэрээр Английн банкийг дампууруулагч хэмээх хочийг хүртжээ.

“Зөвдөх үү буруудах уу гэдэгт биш. Зөвдөх үед хэдийг олов, буруудах үед хэдийг алдав гэдэг л чухал.”- Жорж Сорос

Жорж Сорос

 

 

Эх сурвалж : http://www.bdsec.mn/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?