ЯПОНЫ СОНИРХОЛТОЙ МУЗЕЙ 7

2016-11-16  

МУЗЕЙ 7

ГИБЛИ МУЗЕЙ

Токиогийн ойролцоох Митака хотод Японы орчин үеийн соёлын нэгээхэн том гайхамшиг болсон анимэ хүүхэлдэйн сонирхолтой музей байдаг. Хүүхэлдэйн кино, ялангуяа японы "Ghibli" студийн анимэ баатруудад дурлагсдын хувьд энэ музей диваажинтай л адил.

Анимэ гэдэг нь англи хэлний Animation гэсэн үгийн япон товчлол бөгөөд ямар ч төрлийн хүүхэлдэйн киног зохиол, зураглал, хийсэн улсыг үл харгалзан Японд анимэ гэж нэрлэдэг. Харин японоос бусад улсад япон хүүхэлдэйн киног анимэ гэдэг байна. Анимэ ертөнцөд өөрийн өвөрмөц зураглал, уран зөгнөлт зохиол, сонирхолтой өрнөлөөрөө бусдыг татаж чадсан "Гибли" студийг 1985 онд найруулагч Миязаки Хаяо үүсгэн байгуулсан байна. Энэ үеэс анимэн түүхэнд шинэ хуудас нээгдсэн ба японы хамгийн шилдэг 15 анимэн жагсаалтад тус студийн 8 бүтээл багтсан ажээ. Музейг "Гибли" студийн удирдлага 2001 онд байгуулсан бөгөөд тус студийн анимэн баатруудыг гэр, эд зүйлсийнх нь хамт урлан бүтээсэн байдаг.

Музей 6

РАМЭН ГОЙМОНГИЙН МУЗЕЙ

Япончуудын хамгийн дуртай хоол нь рамэн гоймон юм. Тиймдээ ч энэхүү улаан буудайн гоймонд зориулан Токио хотоос баруун өмнө зүгт 30 км зайд байрлах эртний Йокохама хотод 1994 онд ийм нэгэн музейг байгуулжээ. Хятад, дундад Азиас гаралтай гоймон үйлдвэрлэлийн түүх, уламжлалтай танилцахаас гадна Японы гудамжны түргэн хоол рамэнийг энд амтархан идэх боломжтой юм. Анхны бэлэн гоймон худалдаанд гарсны 40 жилийн ойг угтан Ниссан Фүүдс тэргүүтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын санаачилгаар анх энэ музейг байгуулсан түүхтэй ба Японд гудамжны хоол буюу гоймонтой шөлний газар Шёвагийн үед цэцэглэн хөгжсөн түүхтэй гэнэ.

Музей 5

ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦИЙН МУЗЕЙ

Энэхүү музей нь дэлхийн шинжлэх ухаан, технологийн гол гол нээлтүүд, ирээдүйн тухай төсөөллийг харуулсан сэдэвчилсэн үзмэрүүдээрээ алдартай. Мираикан хэмээн алдаршсан Японы энэ музейг 2001 онд анх байгуулжээ. Орчин үеийн музейн жишиг болсон Мираиканы ажилтнууд үзэгчдэд шинжлэх ухаан, технологийг хялбаршуулан тайлбарлах туршилт хийх боломж олгодгоороо онцлог юм. Дэлхийн үүсэл хөгжлийн талаар болон манай гариг 50 мянган км-ийн алсаас хэрхэн харагддагийг энэхүү музейд зочилсноор үзэх боломжтой юм. Мөн дэлхийн гарал үүсэл, эд эс, сансар огторгуй, газар зүй, физик, хими, робот гээд бүхий л салбарыг хамарсан энэхүү сонирхолтой музейг Япон улсад дээд хэмжээний айлчлал хийсэн төр засгийн тэргүүнүүд, улстөрчид үзэж сонирхдог ажээ.

Музей 4

БОНСАЙН МУЗЕЙ

Бонсай нь байгальд ургадаг модыг тасалгааны нөхцөлд хүссэн хэлбэрээр жижигрүүлэн тарих Хятадаас гаралтай урлаг юм. Бонсай гэдэг нь японоор "тэвшинд ургуулах" хэмээх утгыг илэрхийлдэг байна. Японы язгууртнууд XII зуунаас буюу Камакурагийн үед бонсай ургуулах болжээ. Токиогийн ойролцоох Сайтама хотын музейд зочилсноор дэлхийд ховорт тооцогдох бонсай моддын цуглуулгыг харах боломжтой юм. Уг музейд 5,1-7,6 см өндөртэй хамгийн жижиг мод болон 91,44 см хамгийн өндөр бонсайг ургуулсан байдаг. Бонсайн нэр төрөл, тоо хэмжээгээр дэлхийд хамгийн баян гэгдэх нь Японы эзэн хааны цуглуулга бөгөөд мянган жилийн настай мод ч бий. Бонсайг модны нас, хэлбэр, хэмжээний зохицол, байгалийн гоо сайхныг хэрхэн хадгалсан зэрэг шалгуураар үнэлдэг юм.

Музей 3

СЭЛЭМНИЙ МУЗЕЙ

Японы соёлын салшгүй нэг хэсэг самурайн түүхийг сэлэмгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Сэлэм хэмээх цэргийн зэвсгийн түүхийг судлах, нэрт мастеруудын урласан бүтээлийн нууцыг тайлах, алдарт генерал, шёгун, самурайн "нөхөр"-ийг олон нийтэд таниулах зорилгоор сэлэмний музейг Токиод байгуулжээ. Токугавагийн үеэс эхлэлтэй японы сэлэм урлалын түүхийг өгүүлсэн энэхүү музей нь 150 гаруй үзмэртэй юм. Тухайлбал, XIII зууны японы мастер Масамунэгийн урласан самурайн гайхалтай сэлмүүд үзмэрийн санд байдаг аж. Масамунэ мастерын урласан олон сэлэм самурайн гэр бүлийн шүтээн болсон ба шёгуны эрин үеийн хамгийн алдартай хаад, ноёд хэрэглэж байжээ. Нэгэн цагт арлын орныг эзэгнэж байсан самурай нарын Катани сэлэмнээс дэлхийн II дайны үеийн япон офицеруудын зүүж явсан Кай Гунто сэлмийг энэхүү музейд үзэх боломжтой.

Музей 2

УГСААТНЫ ЗҮЙН МУЗЕЙ

1977 онд үүдээ нээсэн этнограф, антропологийн дэлхийн томоохон музей юм. Япон үндэстний онцлог, бүрэлдэн тогтсон түүхийн баримт, гэрч болох эд өлгийн зүйлстэй олон нийтийг танилцуулах, судлах зорилгоор энэхүү музейг байгуулжээ. Харин хагас зууны дараа музейн сан хөмрөг Японоор хязгаарлагдалгүй Ази, Африк, Европын угсаатны зүйлсээр арвижин судалгааны институт болон тэлсэн байна. Минпаку хэмээн нэрлэгдэх болсон энэ музейн эрдэм шинжилгээний хүрээлэнд 60 гаруй орны эрдэмтэн, судлаачид ажилладаг. Мөн тус музейн дэргэдэх институтэд соёлын антропологи, угсаатны зүйн чиглэлээр докторын зэрэг олгодог ажээ. Япон угсаатны танхимд Дзёмоны үе гэгддэг 12 мянган жилийн өмнөх түүхээс Шёва эрин буюу 1868-1912 оныг хүртэлх япончуудын түүхэн эд өлгийн зүйлсийг үечлэн дэлгэж, тайлбарласан байдаг. Дэлхийн олон тооны угсаатны соёлыг илтгэх ховор нандин 335 мянган олдвороор өв сангаа баяжуулсан байна. Эдгээр үзмэрээс үзэсгэлэнгийн танхимд 12 мянгыг нь тогтмол байршуулжээ. Минпаку музей 51225 кв/метр талбайтай юм.

Музей 1

ЦААСНЫ МУЗЕЙ

Токио хотын Асукаяма цэцэрлэгт хүрээлэнд цаасан урлалын түүхийг өгүүлсэн 40 мянга гаруй үзмэртэй дэлхийн хамгийн том цаасан музей байдаг. Японы 2000 жилийн өмнөх түүхийг өгүүлсэн номоор алтан цуглуулгаа баяжуулсан нь музейн үнэ цэнийг өндөрт өргөдөг ажээ. Өнгөрсөн зууны дунд үед 10 мянган номтой үүдээ нээсэн бол өнөөдөр жуулчдын зорин үзэх дуртай Токиогийн шилдэг 8 музейн нэг болон өргөжжээ. Цаас бол япончуудын амьдралын салшгүй хэсэг бөгөөд 4 давхар барилгыг хамарсан үзмэрийн санд хосгүй үнэт, Японы уламжлалт цаасан урлал болох "ваши" урлал зэрэг гайхалтай эд зүйлс тавигдсан байдаг. Цөмийн зэвсгийн бодит аюулыг хүн төрөлхтөнд таниулсан Хирошимагийн охин Сасаки Садокийн урласан цаасан тогоруу музейн үзэгч олны зүрхийг шимшрүүлдэг бол Японы түүхийг өгүүлсэн уран зургууд хэн бүхний сонирхлыг татдаг байна. Энэхүү музейг үзсэнээр хүн төрөлхтөн цаасан үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлж, амьдралынхаа салшгүй хэсэг болгосон түүхтэй танилцах танин мэдэхүйн ач холбогдолтой юм.

 

 

 

О.НАНСАЛМАА

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Билгээ:Энэ япон улс хүмүүс ёстой гаж шүү. Хөгжил нь хэтэрхээрээ энгийн зүйлс хүсэмжилдэг байх 2016-11-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?