Монголчуудын их хүлээж байсан, дарга нарынхаа хэлсэн ярьсан маш их итгэж найдаж байсан нь талаар болж эхэллээ. Гурван улсын тэргүүний уулзалт үр дүнгээ авчирсангүй. Хятадад суугаа элчин сайд Сүхбаатар, Орос улсад суугаа ЭСЯ-хан үүргээ биелүүлсэнгүй. Эдийн засгийн нэг бүс, нэг зам төслөөс Монголчууд гээгдэж эхэлж буйг харж байна. Хэдхэн хоногийн өмнө Оросын ерөнхий сайд Медведев, Хятадын ерөнхий сайд Ли Кечантай Москва-Бээжинг холбох хурдны төмөр зам байгуулах гэрээнд гарын үсэг зурсныг санаж байна. Энэ зам 2020 онд нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд, Монголыг тэд тойрох болно.
Тэгвэл, энэ төслийн бэлтгэл болгож, Тянжин-Минск гэсэн чиглэлээр анхны товаарын вагон хөдөллөө. Барилгын материал ачсан 104 контейнерийг тээвэрлэх энэхүү галт тэрэг нь 12-р сарын 4 гэхэд Белоруссийн нийслэлд хүрнэ гэж тооцоолжээ. Тянжинаас хөдөлсөн галт тэрэг нь, Өвөрмонголоор дайраад хойд зүгийг чиглэх нь. Харин эргэхдээ, мод ба модон эдлэл ачиж Тянжиныг зорих юм байна. Нэг талдаа бүтээгдэхүүн, нөгөө талдаа түүхий эд тээвэрлэх нь. Эхний жилд 20 удаа Европыг зорих бөгөөд, нийт 30,000 тонн бараа тээвэрлэх тооцоо гарчээ.
Ийнхүү Монголчууд, Далай ламыг хүлээн авч байх зуур, Урд хөрш эдийн засгийн атгалтаа улам чангаруулж байна.
Ц.ХИШГЭЭ