БАЯРМАГНАЙ АХ БУЮУ 20,21-Р ЗУУН ДАМНАСАН УЛСЫН АВАРГА "ТОМ" БАЯРАА

2016-11-29  

Нэр : Бибиш Баярмагнай
Цол зэрэг : Олон улсын хэмжээний мастер
Нас : 33
Биеийн жин : 76
Өндөр : 174
Барилт : Баруун Европ
Ракет : Viscaria Light резин
Баруун : Tenergy 05
Зүүн : Tenergy 64
Тоглох арга барил : Довтолдог. нэг

Монголын ширээний теннисний ертөнцөд улсын аварга Б.Баярмагнай буюу том Баярмагнай гэж нэрээр алдаршсан хүн бий. Түүний жинхэнэ овог, нэр бол Бибишийн Баярмагнай. Том гэж нэрлэх болсон нь Монголын Ширээний теннисний ертөнцөд, нэгэн үед үе тэнгийн шахам хоёр Баярмагнай оршиж байгаатай холбоотой.

Баяраа ах биеэр том, амжилтаар дээгүүр учраас нөхөд нь тийнхүү нэрлэж, дуудсанаар "Том Баяраа" гэдэг нэр нь овог шиг нь болжээ. Миний хувьд Том Баяраа ах бол хэдийний л "Том" Баяраа байсан. Анх, 1999 онд, 10 насандаа би ширээний теннисэд хөл тавьсан.

Өмнөд Солонгос улсын дасгалжуулагч багш Пак Жих Ён, Галаа (С.Галбадрах) багшид шавь орж, теннисний "А" үсгээ заалгаж, цагаан толгойтой танилцах үеэс л Баярмагнай ах, түүний тоглолт нүдэнд тусдаг байсан. Хэзээ ингэж тоглодог болох вэ? ч гэж яарч байсан гэж хэлж болно. Энэ бол хүүхэд миний нүдээ нээж байсан үе. Миний адил олон хүүхэд ( Алтантулга, Төрболд, Төрсайхан, Батбаяр, Ариунболд) теннис сонирхож байсан үе. Одоо санахад, теннисээр хичээллэх, сонирхох хүүхдийн тоо маш их, харин тэднийг бэлдэх багш ховор, бэлтгэл хийх теннисний ширээ олддоггүй үе байжээ. Ширээн дээр гарч, бөмбөг харилцана гэдэг бол их аз жаргал байсан санагдана. Багшийн шүгэл дор жагсахад, 4-н эгнээ хүүхэд жагсдаг байсныг бодоход, үнэхээр олуулаа байж дээ. Тэр үед одоогийх шиг өөрийн бэлтгэл хийх заал танхимгүй учир, багш дасгалжуулагч нар маань байгууллагын заалыг боломжоороо л түрээсэлдэг, төлбөрийг нь өөрсдөөсөө гаргадаг хүндхэн үеийг туулсан. Хэдэн ч удаа ширээгээ зөөж нүүдэллэж байсны эцэст өөрийн гэсэн заалтай болсон нь энэ. Чулуунбат ерөнхийлөгч заал барьж, ширээний теннисний төв клуб болох "Оч" клубыг байгуулснаар Галаа багш маань заал хайх зовлонгоос ангижирсан. Тэр болтол, Төмөр Замын сургууль, Цагдаагийн авто баазын заалыг цагаар түрээсэлдэг байсныг санаж байна. Заалны хэмжээнээс хамаараад, 8-12 ширээ засдаг байсан ба эхний 3-н ширээнд томчууд (буюу тухайн үеийн шигшээ багийн тамирчид) бэлтгэл хийнэ. Пак багш тэдэнтэй тулж ажилладаг байсан бөгөөд жагсаалын толгойн дээр нь зогсоох, сахилга алдсан үед хонго болон гуя руу нь өргөн банзаар цохих , өвлийн хүйтэнд богино өмд, фүтболктой гадаа гүйлгэх нь энгийн үзэгдэл байлаа.

 

Бид ч тэр зааланд Том, жижиг Баяраа, Зүчи, Амгалан, Мягмарсүрэн ахыгаа дагаад л харайдаг байсан. Энэ ах нарын үед Монголын ширээний теннисний хөгжлийг Галаа багш маань Пак багшийн хамт үндсэндээ нэг шат ахиулсан юм байна гэсэн бодол одоо төрж байна. Тоглолт, тоглогчдын техник, ур чадвар ахихад гаднаас ирж ажиллаж байсан дасгалжуулагч багш Пак, мөн Ян Ён Жа 1988 оны олимпийн аварга Гантуяа (Солонгос багш) болон Галаа багшийн оруулсан хувь нэмэр нөлөөлсөн. Нэгдүгээр ширээн дээр Том Баяраа Зүчи, Нацагаа ах, Амаа ах нар ээлжилж бэлтгэл хийнэ. Бидний хувьд ах нарыг харах дуртай, тэдний үйл хөдлөлийг хүртэл дууриадаг үе байлаа. Том Баяраа, Зүчи ах хоёрын хувьд багадаа Өмнөд Солонгост жилийн бэлтгэл хийсэн учир бусдаасаа техникээрээ ялгарч байсан тул бид ч мөн адил Баяраа, Зүчи ах нарыг битүүхэндээ түлхүү дууриадаг байлаа. Гаднын багш ирснээр шинэ аварга төрүүлж болно гэдгийг Пак багш үзүүлсэн. Түүний шавь Андхүү улсын аварга (1996 онд) болсон. Харин Пак багшийн сургалт үр дүнтэй, өгөөжтэй болсныг Том Баярмагнай ах Монгол улсын аварга болсноор баталгаажуулсан гэдэг. Анхны түрүүгээ 1999 онд Андхүүг (20:15-с барьж хожин, тухайн үед 21-р тоглодог байсан ) аваргалж, дараа жил нь аваргаа батлан хошой аварга болоход нь Пак багш, 20-р зууны сүүлийн, 21-р зууны эхний аварга боллоо гэж баярлан хэлж байсныг мартахын аргагүй. Тэр ид тоглох үедээ теннисээ орхиж, Солонгос улсад эрдмийн мөр хөөхөөр одсон. Хэрвээ Баяраа ах Солонгос улсыг зорьж, олон жил завсарлаагүй бол аваргынхаа тоог хэд дахин ахиулсан теннисчин байх байсан гэдэгт эргэлздэггүй. Нэгэн түүхийг сонирхуулахад, 2004 онд Улаанбаатар хотод зохиогдсон, зэрэглэл дээгүүрт ордог, Олон хотын олон улсын тэмцээнд оролцохоор ирсэн Хөх хотын N%1 тамирчин, - Энэ тэмцээнд Баярмагнай оролцож байгаа юу? Түүнээс даагаа нэхмээр байна гэсээр Баярмагнайг сурагласан гэдэг. Учрыг нь тунгаавал, 2000 онд Монголд ирж тоглохдоо ганцхан хүнд хожигджээ. Түүнийг хожсон теннисчин нь Баярмагнай ах байсан учир түүний нэрийг санан санасаар ирсэн нь тэр байжээ. Тэр ийм л тамирчин. Гадаадын тамирчидтай маш сайн тоглодог гэж түүнийг Галбадрах багш маань онцолдог.

 

Баярмагнай ах 2007 онд Улсын аваргаас дахин хүрэл медаль авснаас хойш одоог хүртэл хариагүй гэдгээ харуулж, өнгөрсөн жилийн Улсын аваргаар хүрэл, энэ жилийн цомын аваргаар мөн 3-р байрт жагслаа. Түүний хувьд тодотгоход, Баяраа ах бол монголын теннисчдээс хамгийн өндөр техник эзэмшсэн тоглогч. Зүүн, баруун талаасаа аль алинаас нь жигд тоглодог, давуулалт сайтай, өрсөлдөгчийхөө ямар ч давуулалт маш сайн хүлээн авдаг, мэдрэмжтэй, довтолгоо, хамгаалалт сайтай, сөрөг довтолгоонд хурдан шилждэг, хурдтай, хүчтэй гээд маш олон давуу талтай тоглогч.

Миний хувьд, Том Баяраа ах бол одоо ч гэсэн хамгийн хүнд учрааны нэг. 2016 оны Цомын аваргыг өнжиж, Баяраа ахынхаа тоглолтыг харж суухдаа, бодож байснаа цааснаа буулгалаа.

 

 

 Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
33:saihan bichjee amjilt husie 2016-11-29
Ж.Насанжаргал:Б.Баярмагнай аваргын талаар сайн ойлголт авлаа.Сайхан бичжээ. Баярлалаа. Бүх аваргуудын тухай ийм мэдээллийг олж уншмаар байна. Теннисчдийн талаар ард түмний дунд мэдээлэл ховор байна.Бөхчүүдтэй л адил энэ аваргууд шилдэг тамирчидаа сурталчилж, таниж ,хүндэтгэдэг байх нь зүйтэй гэж бодогдоно.Орчин үед заал, техник хэрэгслийн хүрэлцээ сайжирч хүүхэд, томчууд тоглох, сурах сонирхол нэмэгдэж ирж байна. Үүнтэй зэрэгцээд шилдэг тамирчдын түүхэн замнал,үлгэр дууриалал өсвөр үеийг сургаж хүмүүжүүлэхэд их хувь нэмэр болох нь тодорхой юм. Манай охид хөвгүүд Америкийн лигийн тоглогчдыг бараг бүгдийг нь мэддэг юм билээ.Гэтэл теннисний улсын аваргаа мэдэхгүй нь олон. Өөрсдийн тамирчдаа алдаршуулах нь өсвөр үеийн эх оронч өв тэгш боловсролд ч хамаатай болоод ирнэ. 2017-03-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?