С.ДЭМЧИГ : АЗХ-НЫ  УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН  ТАТВАРААР  100 САЯАР  ТОГТОХГҮЙ САНХҮҮЖИЛТ ТӨВЛӨРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

2016-12-02  
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Дэмчигтэй ярилцлаа.

-Ардчилсан залуучуудын холбооны ээлжит чуулган гэнэт л хуралдчихлаа. Хуралдах ямар нэг гэнэтийн шалтгаан байсан уу. Дараа нь мөнгө төгрөгтэй холбоотой янз бүрийн мэдээлэл гарсан. Энэ хурлын бодит байдлыг танаас сонсмоор байна?

Юуны өмнө Ардчилсан залуучуудын холбооны үндэсний чуулган яагаад хуралдах болсноос яриагаа эхлэх нь зөв байх. 2016 оны УИХ, аймаг, нийслэлийн сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсэн. Түүний дараа АН-ыг шинэчлэх тухай асуудал хөндөгдөж, шинэчлэлийн салхи хаа сайгүй үлээсэн. АЗХ-ны удирдлагууд ч гэсэн үндсэн дүрмийн дагуу хариуцлагаа хүлээж дараагийн удирдлагын багийг сонгож, тэд АН-ыг шинэчлэхэд дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй гэж үзсэн. Өнгөрсөн аравдугаар сард энэ асуудлыг АЗХ-ны Удирдлагын зөвлөлөөр хэлэлцээд, үндэсний бага чуулганаа хуралдуулахаар шийдвэрлэсэн юм. Ингээд АЗХ-ны үндсэн дүрмийн дагуу орон нутаг дахь салбар байгууллагууддаа журмаа хүргэсний дараа Үндэсний чуулган болон Үндэсний бага чуулган хуралдсан. Чуулганаар АЗХ-ны үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, тэрхүү өөрчлөлтийг АН-ын шинэ үндсэн дүрэмтэй хэрхэн уялдуулах асуудлыг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Мөн АЗХ-ны удирдлага чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул дараагийн удирдлагын багийг сонгосон.

- Холбооны ерөнхийлөгчийн сонгуульд хэн хэн өрсөлдөв?

Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний Б.Ган-Очир, АЗХ-ны удирдлагын зөвлөлийн гишүүн Г.Эрдэмхишиг бид гурав нэрээ дэвшүүлснээс нэг нь нэрээ татаж, хоёр нь өрсөлдөөд олонхийн саналаар миний бие сонгогдсон. Хурлын дараа зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэлэг, гүжирдлэг гарч байсан л даа. Тэр бүхэнд хүлээцтэй хандаж ирлээ.

АЗХ бол Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллага. Энэ байгууллагыг өнгөтэй, өөдтэй авч явахын тулд төсөв мөнгө шаардлагатай шүү дээ. АЗХ-ны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид өрсөлдье гэж байгаа бол дүрмийн дагуу тодорхой хураамж, дэнчин төлөх ёстой. Өнгөрсөн хугацаанд АЗХ-ны удирдлагад ажиллаж байсан хүмүүсээс татвараа төлөөгүй байдал гарсан удаатай. Тийм учраас эрх ямбыг нь эдэлж байгаа бол хариуцлагыг нь үүрдэг байх ёстой гэж байр сууриа илэрхийлсэн юм. Татвараа хугацаанд нь төлөхгүй бол огцордог, хариуцлага хүлээдэг байх ёстой гэж АЗХ-ны үндсэн дүрэмд зохих өөрчлөлт оруулсан.

-Ер нь АЗХ ямар зардал гаргадаг юм бэ, өөрсдийгөө санхүүжүүлж чаддаг юм уу?

АЗХ-ны байрны түрээс, хэрэг эрхлэх газрын ажилтнуудын цалин, орон нутаг дахь хэрэг эрхлэх газруудын нарийн бичгийн дарга нарын цалин зэрэг зардал гардаг л даа. Энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд багагүй хэмжээний татвар авах зохицуулалт хийж үзсэн. Энэ бол эрүүл, хэвийн үзэгдэл шүү дээ. Манайх бизнесийн байгууллага биш. Төв намаасаа ямар нэг байдлаар хандив тусламж авч байсан удаагүй. Байгууллага оршин тогтнож, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад санхүү мөнгө зайлшгүй шаардлагатай. Энэ асуудлыг улстөржүүлж байгаад харамсч байна. АЗХ-ны урьд өмнөх байрнуудын түрээс, ажилтнуудын цалин зэргийг өгөөгүй байгаа асуудал ч энэ хурлын үеэр сөхөгдсөн юм. Гэхдээ бид өмнөхөө муулж, гоочлохгүй урагшаа харж ажиллах болно.  

-Удирдлагуудын төвшиндөө 100 сая төгрөг зөвхөн татвар, хандиваар цуглуулах тухай мэдээлэл гарсан. Энэ боломжтой юу?

Боломжтой. Манай АЗХ-ны ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч нар, Удирдлагын зөвлөлийн гишүүд нь татвар өгдөг. Энэ нь 100-гаар тогтохгүй санхүүжилт төвлөрүүлэх боломж уг нь бий. Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо гэхэд 231 сая төгрөг татвараар цуглуулахаар дүрэмдээ заасан байдаг шүү дээ.

-АЗХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Удирдлагын зөвлөлийн гишүүд өөр өөр хэмжээтэй татвар өгнө биз дээ?

Тэр мэдээж.

-Яг хэдэн төгрөгийн татвартайг хэлж болох уу?

АЗХ-ны үндсэн дүрмийн дагуу санхүүжилтийн журмыг Удирдлагын зөвлөлөөр тогтоохоор тусгасан. Удирдлага өөрчлөгдөөд удаагүй, Удирдлагын зөвлөл дээр ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Хэдэн төгрөг татвараас, хэдийг нь хандиваар босгож үйл ажиллагаагаа явуулах вэ гэж судалж байгаа гэж ойлгож болно.

-Таныг 100 сая төгрөг өгсөн гэж байсан?

Тэр бол ташаа мэдээлэл. 100 сая төгрөг АЗХ-ндоо ерөнхийлөгчийн хувиар босгоно гэсэн минь үнэн. Энэ байгууллага оршин тогтноё гэвэл санхүүжилтээ өөрсдөө босгож чаддаг байх ёстой.

-За, санхүүжилтээ шийдчихлээ. Цаашдаа АЗХ гэдэг байгууллага ямар бодлого, чиглэлтэй ажиллах юм бэ. Таны хийхээр төлөвлөсөн ажлууд гэвэл?

АЗХ бол АН-ын дэргэдэх гурван байгууллагын нэг учраас бид намынхаа бодлого, үйл ажиллагаа, үнэт зүйлийг дэмжиж ирсэн. Цаашдаа ч дэмжиж, хамтарч, тодорхой чиг үүргийг нь гүйцэтгэж ажиллана. АН-ын залуу боловсон хүчнийг бэлтгэхэд АЗХ идэвх чармайлт гаргаж ажиллана. Ойрын хугацаанд гэвэл АН-ыг шинэчлэх үйл явцад залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

-Өнгөрсөн дөрвөн жилд АН засгийн эрх барихдаа намынхаа залуучуудыг хэр сайн дэмжиж ажилласан бэ?

Энэ бол манай залуучууд чуулган дээр хамгийн их хөндсөн сэдэв. “АН хаалттай болчихож”. “Эрх барьж байхдаа ч АН залуучуудаа дэмждэггүй юм байна”. “АЗХ бараг сөрөг хүчний залуучуудын байгууллага шиг байлаа” гэж манай залуучууд шүүмжилж байсан. Энэ байдлыг өөрчлөхийн тулд залуучууд бид намын шинэчлэлд дуу хоолойгоо хүргэж, гар бие оролцох хэрэгтэй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тэр дагуу бид ажлын хэсэг байгуулж намын дүрмийн өөрчлөлтийн ажлын хэсэгт орж маш идэвхтэй ажиллаж байна.

-АЗХ-ны бүтэц шинэчлэгдэж байна гэхэд нэг зүйл нүдэнд туссан л даа. Тэр олон залуучууд дунд маш цөөн эмэгтэй харагдсан. Жендэрийн тэгш байдал АЗХ-нд тэнцвэргүй явж ирсэн нь хэвээрээ л байна уу даа?

Тийм байсан, одоо ч тийм байгаа нь үнэн. Энэ талаархи санал шүүмжлэлийг манай эмэгтэй төлөөлөгчид тавьсан. Цаашид намайг удирдаж байх үед эмэгтэйчүүдийг удирдлагын түвшинд онцгойлон анхаарч ажиллана. Нөгөө талаас эмэгтэйчүүд маань өөрсдөө идэвхтэй, оролцоотой байх хэрэгтэй.

-АН-ын Их хурал удахгүй болно. Намынхаа дүрмийн өөрчлөлтийг хэлэлцүүлээд эхэлсэн. Энэ дүрмийн өөрчлөлтөд АЗХ-ноос орж ажиллахдаа ямар саналууд өгсөн бэ?

Залуучууд бид хэд хэдэн өнцгийг дүрмийн өөрчлөлтөд тусгуулахаар судалгаа, шинжилгээ хийж байгаа. Нэгдүгээрт, АН сонгуульд яагаад ялагдсан бэ. Хоёрдугаарт, АН-ын юуг шинэчлэх шаардлагатай байна. АН нэг хэсэг үнэхээр хаалттай байгууллага болж хувирсан. Зөвхөн хэсэг бүлэг нь, бидний хэлдгээр ах нар, манай лидерүүд асуудлыг шийддэг боллоо. Шийдвэр гаргах түвшинд агаар салхи ерөөсөө оруулахгүй, ротацийн сонгууль явуулахаа больсон. Гуравдугаарт, эв нэгдэл, хариуцлага байхгүй. Дур зоргоороо аашлах, дүрэмгүй тоглох нь газар авсан. Ийм бэрхшээл, сорилтууд өнгөрсөн хугацаанд байсан гэж залуучууд бид дүгнэсэн. Тиймээс дүрмийн шинэчлэлд маш тодорхой хоёр агуулгаар хандсан. Нийт сонгогчийн тоо бол өнгөрсөн аравдугаар сарын байдлаар бол 1 сая 918 мянга орчим байна. Түүний 54 хувийг 18-36 насны залуучууд эзэлдэг. Тэгэхээр намын шинэчлэлд залуучуудын оролцоо ус агаар мэт хэрэгтэй байгаа юм. Зөвхөн дээд түвшиндээ биш бүх шатандаа залуучуудынхаа оролцоог хангах маш чухал.

АН-ын дэргэд үндсэн дүрмийн өөрчлөлт шинэчлэлтийг хийх ажлын хэсэгт нэлээд олон залуу орж ажиллаж байгаа. АЗХ болон Шинэчлэлийн хөдөлгөөн, Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн байр сууриа нэгтгээд явж байгаа. Үндэсний зөвлөлдөх хороонд гэхэд 36-аас доош насны залуучууд 20 хувь орох ёстой. Хэрэв ҮЗХ-ны гишүүдийн тоог 380 болгох юм бол 76-аас доошгүй нь зэнэ насны залуус байх санал дэвшүүлээд дүрмийн өөрчлөлтийн ажлын хэсэгт ажиллаж байна.

-36 нас гэснээс АЗХ-ны чуулганы үеэр насны хязгаарыг нэмэх асуудал хөндсөн байсан. Юу болсон бэ?

Нэгэнт квот тогтооход хүрвэл насны хязгаарыг хэд болгох вэ гэсэн санал шүүмжлэл гарсан л даа. Хэрвээ АЗХ-ны гишүүдийн насны дээд хязгаар 39 болох юм бол квот тогтоох нь утгагүй болж ирнэ. Ингээд АЗХ Удирдлагын зөвлөлөө хуралдуулж 36 нас дээд хязгаар байя гэж тогтсон. НҮБ-ын Залуучуудын асуудал хариуцсан зөвлөлийн насны дээд хязгаар 34 байдаг.

-Эргээд шинэчлэлийн асуудал руугаа ороход АН-ын шинэчлэгдсэн дүрмийн төсөлд дэвшилттэй болоод хэрэгжихэд хүндрэлтэй өөрчлөлт нь юу байв?

АН өмнө нь үндсэн дүрмээс гадна маш олон журмаар асуудлаа шийддэг ирсэн. Тэгвэл АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийн нэг том дэвшил нь эдгээр журмыг байхгүй болгож, дүрмээрээ бүх асуудлаа шийдэхээр болж байгаа. Ажлын хэсгээс гарсан эхний дүрмийн төслийг өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх аймаг, дүүргийн намын үүрийн хурлуудаар хэлэлцүүллээ. Эндээс гарсан шийдэл, зарчмын саналуудыг ажлын хэсэг нэгтгээд намын удирдах байгууллагаар оруулж, Их хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. 70-80 хүний бүрэлдэхүүнтэй том ажлын хэсэг учраас яаж хэрэгжих заалт бол доо гэсэн саналууд ч оруулж байгаа харагддаг. Гэхдээ эцэслэн цэгцлэхдээ шийдлээ тодорхой болгох байх.

-АН-ын Их хуралд АЗХ-ны хэдэн залуу оролцох боломжтой байгаа вэ?

Ардчилсан намаас дэргэдэх байгууллагууддаа тус бүр 23 төлөөлөгч сонгож ирүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу Удирдлагын зөвлөл маань төлөөлөгчөө сонгоно.

-Таны хувьд намынхаа Их хурлаас юу хүлээж байгаа вэ?

Нэн тэргүүнд дүрмийн шинэчлэлийг хүлээж байна. Сайн дүрэмтэй болж байж талуудын тэгш оролцоог хангах учиртай. Өөрөөр хэлбэл, нам доторх эрх мэдлийн хуваарилалтыг зөв зохицуулж, шинээр орж ирж байгаа залуучуудад боломж олгоно. Мөн санхүүжилтийн зөв систем бий болгож, дураараа тоглодоггүй байх, хариуцлага хүлээдэг байх зэрэг чухал зарчмуудыг дүрэмд тусгаасай гэж хүсч байгаа. Өнгөрсөн хугацаанд гарсан асуудлууд цаашид дахин үүсэхгүй байхаар сайн дүрэмтэй болох ёстой. Улс орны хөгжилд АН, МАН хоёрын гүйцэтгэх үүрэг чухал. АН хэдий чинээ сайн шинэчлэл хийж хөгжинө түүнийг дагаад төдий чинээгээр МАН-ын шинэчлэх процесс өрнөнө. Зөвхөн манай намын гэлтгүй жирийн иргэд үүнийг анхааралтай ажиглаж байгаа.

Мөн намын даргын асуудал чухал. Зөв хүнээ сонгох ёстой. 2020 оны сонгуулиудад Ардчилсан нам хэрхэн оролцох гол менежментийг хийх хүнээ сонгоно шүү дээ.

­­-АН-ын даргад нэр дэвшиж өрсөлдөхөө зарласан цөөнгүй хүн бий. Хэнийг нь дэмжиж байгааг сонирхож болох уу?

Магадгүй зөвхөн ҮЗХ-ны гишүүн Дэмчигээс асуусан бол тэр гээд хариулж болно. АЗХ-ны ерөнхийлөгчийн албыг хашиж байгаагийн хувьд миний хэлэх үг нийт залуучуудын маань байр суурь болчих учраас тухайлан хүн ярих нь ёсзүйн хувьд нийцэхгүй. Гэхдээ ямар хүн болоосой гэдэг талаас нь яривал өөр. Нэгдүгээрт, залуучуудынхаа оролцоог шийдвэр гаргах түвшиндээ хангаж өгдөг, дэмждэг. Хоёрдугаарт дараагийн шат шатны сонгуульд ялах боломжийг бий болгож чадах, манлайлж чадах, сайн менежмент хийж чадах хүн намын дарга болоосой гэж хүсч байна.

-Өнгөрсөн дөрвөн жилд фракцгүй нам болгох санаачилга гаргасан ч төдий л хэрэгжиж чадаагүй. Одоо хүртэл л АЗХ-нд гэхэд тэрний фракцын залуу, энэ фракцын төлөөлөл гэж байгаа нь нууц биш. Фракцгүй болох асуудлыг Ардчилсан залуучууд өөрсдөөсөө эхэлж чадах уу?

Залуучууд дунд бол фракц байхгүй. Бүгдээрээ нийлээд нэгдмэл эрх ашгаа хамгаалах үүднээс нэг фракц гэж хэлж болох юм. Үүний тод илэрхийлэл бол үндэсний чуулганаараа холбооныхоо ерөнхийлөгчийг сонгохдоо хоорондоо өрсөлдсөн ч гэсэн бид нэг баг болж чадлаа. Өнөөдөр фракцууд гэж байгаа ч цаашдаа намын төлөвшил эрүүлжих хандлага манай залуучуудаас харагддаг.

-Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн зөв санаачилга гаргаж ирсэн ч бас л ард нь хэн нэгэн байгаа, фракцийн төлөөл гэж харагдаад эхэлсэн. Намын дэргэдэх байгууллагуудыг удирдаж байгаа хүмүүс ч гэсэн нуулгүй хэлэхэд аль нэг фракцид хамаардаг. Тийм учраас л таныг хэний хүн бэ, аль фракцынх вэ гэдэг асуудал гарч ирээд байна. Та хувьдаа фракцийг төлөөлөхгүй байж чадах уу?

Тэгэх боломжгүй. Яг одоо бүхэл бүтэн залуучуудын байгууллагыг тэргүүлээд залуучуудаа төлөөлж байгаа нөхцөлд АЗХ нэг фракцид орчихвол утгагүй биз дээ. Энэ байгууллагыг тэргүүлэх хугацаандаа намын даргад тэрийг нь дэмж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд энэ хүнийг нэр дэвшихийг дэмж гэж уриалахгүй. Ийм үйлдэл гаргахгүйгээ бардам хэлж чадна. Хувь хүнийхээ хувьд үзэл бодол нийлдэг хүмүүс бол байсан.

-Улс төрийн намуудад дүү нь, хүүхэд нь залгамжлах маягтайгаар улс төрд орж ирэх боллоо. Сүүлийн сонгуулиудад ч энэ нь маш тод харагдсан. Үе залгамжилсан улстөрч танай АЗХ-ны залуучууд дунд ч цөөнгүй бий. Та жишээ нь хэн нэгний үе залгамжилсан улстөрч мөн үү, эсвэл?

Үе залгамжлах гэдэгт би хувьдаа нэг их эмзэглэдэггүй. Хэн нэгний дүү юм уу хүүхэд болж төрсөн нь тэр хүний буруу биш. Үнэхээр АН-ын төлөө, ардчилсан үйл хэргийн төлөө аав ээжийнхээ хийсэн бүтээснийг үргэлжлүүлэх хүсэл байгаа бол эрх нь нээлттэй байх ёстой. Миний хувьд хөдөөний эгэл жирийн айлын хүүхэд. Өдийг болтол үнэт зүйл, үзэл бодолдоо хөтлөгдөж АН-ын үе тэнгийн залуучуудын дэмжлэг, өөрийн оролцоог үндэслээд бий болгосон ертөнц минь энэ.

-Яагаад гэвэл хэн нэг хүн улс төрд орж ирэхээр ард нь заавал бусдын дэмжлэг байна уу, хэний бэлдсэн хүн бэ гэж хардаг үүднээс асуулаа.

Монголын нийгэм, улс төрд туйлшралууд явж байна. Үүний нэг илрэл нь заавал хэн нэгнийг харлуулах гэдэг. Нэг асуудал болохгүй бол бүр нөгөө өнцөгт нь авч шидэх гэдэг. Тийм учраас бид өөрсдөөсөө эхлэх ёстой. Тэр дундаа АН, МАН гэсэн хоёр том намын дэргэдэх залуучуудын байгууллага энэ соёл, хандлагыг өөрчлөх цаг болсон гэж үзэж байна. АЗХ бол энэ хандлагыг төлөвшүүлэх эхлэлийг тавьж чадна. Манай баг хийж чадна гэж итгэж байгаа.

-С.Дэмчиг гэдэг хүнийг тодорхой хэсэг нь УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгийн тойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдсөн гэж мэднэ. Зарим нь өнгөрсөн дөрвөн жилд УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга байснаар мэднэ. Улс төрийн хүрээндээ С.Дэмчиг гэж хэн бэ?

Өнөөдөр би 30 настай залуу хүн. Амьралынхаа гуравны нэгийг буюу сүүлийн арван жилийг ардчилал улс оронд маань хөгжил дэвшил авч ирээсэй гэсэн үнэт зүйлээ дагахад зориулж байна. Нэг өдөр гэнэт гарч ирээд АЗХ-ны ерөнхийлөгч болчихоогүй. Хамгийн бага нэгж анхан шатнаас нь эхэлж АН-д ажилласан. 2006 онд Элбэгдорж Ерөнхий сайдаас буугаад “Бид олуулаа” гэж лекц унших үеэс “Олуулаа” клубийг хэсэг нөхдийн хамт байгуулж намын амьдралд идэвхтэй оролцож ирсэн. Түүнээс хойш АН-ын анхан шатны намын хорооны гишүүн, ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, сүүлд УИХ дахь АН-ын ажлын албаны дарга, 2016 онд АН-аас залуучуудын ганц төлөөлөл болж УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн. Өнөөдөр АЗХ-ны үндэсний чуулганаас сонгогдсон ерөнхийлөгч. Цаашид илүү олон залуучууд АН-ын удирдах байгууллага, шийдвэр гаргах түвшинд оролцоосой гэж хүсдэг. Намаа шинэчлэхэд идэвхтэй оролцоосой гэдэг зорилготой учир багаа толгойлоод явж байгаа залуу хүн байна даа.

 

 

ЯРИЛЦСАН Л.НОМИН 

 

 

   

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
мөнгөөр тогтохын оронд оновчтой зарцуулалт үгүй монгол дээр доргүй:дунд мундгүй 2017-01-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АН-ЫГ ШИНЭЧЛЭХ ДАРГЫГ НЭРЛЭНЭ ҮҮ?