С.ОЮУНЦЭЦЭГ : ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛСЭН

2016-12-15  

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Оюунцэцэгтэй ярилцлаа.

Танайх “Шинэчлэгд­сэн эмнэлэг-шинэлэг үйлчилгээ” аян хэрэгжүүл­сэн гэсэн. Энэталаар яриагаа эхэлье?

-Аймгийн Засаг даргын санаачилгаар Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг 2016 онд “Шинэчлэгдсэн эмнэлэг-шинэлэг үйлчилгээ” аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхийг дээшлүүлэх, эмнэлгийн орчин, үйлчлүүлэгчдийн тав тухтай орчныг бүрдүүлэх гэсэн ажлыг хийсэн байгаа.

“Шинэчлэгдсэн эмнэлэг-шинэлэг үйл­чилгээ” төслийн хүрээнд 875 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Дэлхийн зөн олон улсын байгууллага, Эрүүл мэндийн яам, “Эрүүл мэнд, салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн хандив, тусламжаар энэ санхүүжилт бүрдсэн. Манай нэгдсэн эмнэлэг, амбулаторитойгоо зайтай болохоор өвчтөн нааш цаашаа явах, сувилагч нар ажил, үйлчилгээгээ явуулахад хүндрэлтэй байсныг энэ онд Солонгосын “Самсунг” корпорацийн “GCS” компанийн тусламжаар хүзүүвчийг барьж өгсөн. Энэ хүзүүвчийг 729 сая төгрөгөөр барьж ашиг­лалтад оруулсан байгаа. Үүний 288 сая төгрөг шийдэгдээгүй байсныг ирэх онд өгөхөөр болсон таатай мэдээлэл байна.

Оношлогооны дурангийн аппараттай болсон гэсэн. Энэ талаар?

-Манай нэгдсэн эмнэлэг Улаанбаатар хоттой ойрхон болохоор оношлогооны багаж бэрхшээлтэй байсан. Засаг дарга маань үүнд анхаарч 239 сая төгрөгөөр уян дурангийн асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Энэ нь ходоод дурандахад зориулагдсан, сүүлийн үеийн өвдөлтгүй арга хэрэглэдэг. Дурангийн эмчээ бэлдчихсэн. Тоног төхөөрөмжийн хувьд дуран нь ирчихсэн. Харин угаах болон хатаагч машин нь ирээгүй байна. Энэ хоёр нь ирчихвэл дурангийн оношлогоогоо хийх боломжтой. Мөн цусны төвд 436 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна. 

Танайд эмч, мэр­гэ­жилтнүүд хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Манай эмнэлэг 278 орон тоотойгоор ажилладаг ч өнөөдрийн байдлаар 326 ажилтантай. Энэ хүндрэл бэрхшээлтэй байдлыг төсөвт суулгаад нэгэнт стандартаараа 326 хүн ажиллаж байгаа учраас цалинг нь шийдүүлэхээр хоёр жил явсан ч 278 орон тоогоор төсөв нь ирдэг. Ямар ч гэсэн үүндээ багтаагаад ажил, үйлчилгээгээ явуулж байгаа. Өнгөр­сөн онд манайд магад­лан итгэмжлэл хийсэн. Үүнд манай эмч, ажил­чид идэвхтэй ажил­ласнаар дөрвөн жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэлээ сунгуулан амжилттайгаар ажилласан.

Цахим үйлчилгээ хэрэгжүүлсэн нь иргэдийг бага ч гэсэн бухимдлаас гаргасан байх?

-Цахим үйлчилгээг өмнө нь нэвтрүүлсэн байсан. Гэхдээ үйлч­лүүлэгчдийг чирэгдэлгүй үйлчлүүлэх талаас одоо ч гэсэн янз бүрийн ажил хийх шаардлагатай байгаа. Тухайлбал, сумдаас ирсэн иргэд дугаарлаж номероо авдаг. Гэтэл зарим нь хоёр биш нэг кабинетаар үйлчилдэг газар нь нэлээд ачаалал ихтэй байдаг. Гэсэн ч Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга нартай ярилцаж ирэх оноос арай өөр хэлбэрээр ажлын тав хоногийн гурван өдөр нь аймгийн төвийн иргэдэд, үлдсэн хоёр өдрийг сумдын иргэдэд үйлчлэх, тэднээс захиалга авах зэргээр журам боловсруулж шинэлэг үйлчилье гэсэн бодолтой байгаа. Манай аймаг бусад аймгийг бодвол олон сумтай. 27 сумын хамгийн ойрхон нь 13 км, хамгийн хол нь 300-гаад км-т яаралтай тусламж үзүүлдэг. Ялангуяа, сумдад эхчүүдийг төрүүлдэггүй, хоёрдугаар шатлалын эмнэлэгт төрүүлнэ гэснээс аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн ачаалал их. Заримдаа хүн хэвтэх газар байдаггүй. Тиймээс 50 ортой төрөх эмнэлгийг хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй байна.

50 ортой төрөх эмнэлгийн ажил юун дээр гацаад байна вэ?

-2-3 жилийн өмнөөс 50 ортой төрөх эмнэлэг шинээр барина гэж ярьсан боловч төсөв, санхүүгийн хувьд бэрхшээлтэй. Үндсэн чиглэлдээ 2016-2020 онд гэж тусгагдсан боловч улс орон даяар эдийн засаг хямралтай байгаа учраас Засаг даргын 2017 оны үндсэн чиглэлд тусгагдаагүй. Ирэх онд эдийн засаг гайгүй хямралаас гарвал 2018 оноос энэ ажил дэмжигдэх байх гэж бодож байна.

Өнөөдрийн байдлаар Төв аймагт ямар өвчин их гарч байна?

-Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн ханиад, хатгаа их хүндэрч ирж байна. Хүүхдийн тасаг маань ч гэсэн цөөхөн ортой. Боломжтой бол хүүхдийн эмнэлэг барих шаардлагатай. Хуучин эмнэлгийг хоёр жилийн өмнө аж ахуйн нэгж, байгууллагуудаас авсан хандив тусламжтайгаар засч янзалсан. Энэ жилийн хувьд шинэлэг нэг зүйл нь тоног төхөөрөмжийн мэргэжилтэн, техникч хоёр маань бүх зөөврийн хүчилтөрөгчийг нэгдсэн эмнэлгээсээ урагш нь татаад хүүхдийн тасаг руугаа оруулсан. Ер нь дотор, бөөр, элэг, цөс, сүрьеэ, арьс, БЗДХ нэмэгдэж байна.

Эмч, мэргэ­жилт­нүүдийнхээ мэдлэг чадварыг яаж дээшлүүлж байна вэ?

-Манайх Хятадын Жилинин, Японы Тоттари, Солонгосын Кан Ван, ОХУ-ын Приморийн хязгаар гэсэн 10-аад газартай хамтын ажиллагаатай. “Шинэч­лэгдсэн эмнэлэг-шинэлэг үйлчилгээ” аяны хүрээнд Хятадын Жилинин муж 100 сая юанийн хавтан хандивласныг эмнэлгийнхээ гадна талбайг тохижуулсан. Мөн дулаан эрчим хүчний газар гаднах усан оргилуурыг өөрийн хөрөнгөөр барьж өгсөн байгаа. Японы Тоттари мужид эх барих, эмэгтэйчүүд, мэдрэл, эхо, сүүлийн үед шүдний эмчийг бэлтгэдэг. Зүрхний гажигтай хүүхдүүдийг Солонгост мэс засалд оруулдаг. Мөн ОХУ-д богино, урт хугацааны сургалтад гэмтлийн эмч нарыг хам­руулсан. Цаашид гадаад харилцаагаа сайжруулж өндөр хөгжилтэй орнуудад эмч, мэргэжилтнүүдээ дадлагажуулж, сургах зорилготой байгаа.

Дурангийн мэс заслыг аймагтаа хийдэг болсон гэсэн. Энэ талаар...?

-Аймгийн нэгдсэн эм­нэ­лэгт анх удаа эмэг­тэй­чүүд болон ерөнхий мэс заслын  дурангийн мэс заслыг хийсэн. Энэ мэс заслыг эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Д.Өлзийбаяр эмч сайн хийж байгаа. Манай мэс заслын эмч Н.Биханзрагчаа дурангийн мэс заслыг анх удаа нэвтрүүл­сэн гэдгээрээ Ерөн­­хий­лөгчийн нэрэм­жит шаг­налыг энэ жил авсан. Мөн гэмтлийн эмч Ц.Жамъянгарав, Г.Гантулга нар ясны хуга­рал, түгжээст хадаас мэс заслыг нэвтрүүлж 20-оод хүнд амжилттай хийсэн. Тиймээс энэ эмч нартаа цаашдынх нь ажилд амжилт хүсье.  

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?