Б.ЦОГТГЭРЭЛ : ҮНДЭСНИЙ ҮЗЛИЙГ ТОМ НАМУУДАД “ХАЛДААХ” ХЭРЭГТЭЙ БАЙНА

2017-01-06  


 

МҮАН-ын дарга Мэндсайханы Энхсайхан Швед улсад суух Элчин сайдаар томилогдсон учраас улс төрийн сонгуульт албаа энэ сарын 2-нд ерөнхий нарийн бичгийн дарга Баянжаргалын Цогтгэрэлд шилжүүлэн өгсөн юм. Тус намын Удирдах зөвлөл өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, Б.Цогтгэрэлийг шинэ даргаараа сонгожээ. Уг шийдвэрийг удахгүй болох Бүгд хурлаас нь баталгаажуулах аж. Тус намын шинэхэн даргатай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-МҮАН анх удаа парламентад суудалгүй “өнжиж” байна. Энэ нөхцөлд та ямархуу бодлого баримталж ажиллах вэ?

МҮАН байгуулагдаад 10 жил болж байна. Бид намын үзэл баримтлалын тулгын гурвын чулуу болох үндэсний үзэл , шударга ёсны үзэл, ардчилсан үзлийг тунхагладаг. Анх нам байгуулахдаа л үндэсний үзэлд суурилан Монгол төрийг урлан бүтээх зорилго тавьсан. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр явуулсан ажлыг маань олон нийт ойлгодог болжээ. Монголын нийгэмд үндэсний үзэлд тулгуурласан тогтолцоо улам хэрэгтэй болж буй нь манай зорилго зөв байсныг баталж байна. Дэлхий нийтээр даяаршилд болгоомжтой хандах болж, Европын холбоонд багтдаг зарим орон хүртэл үндэстнээ хэрхэн сэргээх, яаж дор бүртээ хөгжих тухай ярьж байна. Австри, Швед, Финланд, Унгар, Итали, Герман, Грек зэрэг олон оронд үндэсний үзэлтэй нам илүү хүчээ авч байна. Шинэ үндэсний үзэл, позитив национализм гэсэн ойлголт, үзэл санаа итгэл найдвар болж түгэж байна. Тиймээс манай намд бодлогын хувьд өөрчлөлт гарахгүй. Гагцхүү үүнийгээ хэрхэн олон түмэнд хүргэн улс төрийн эргэлтэнд оруулах, улс төрийн зонхилох намуудад яаж “халдаах” вэ гэдэг л миний зохион байгуулах гол ажил байх болно. Үндэсний үзлийг хэн нэгэн, аль нэг нам өмчлөх ёсгүй. Дэлхий даяар 200-300 изм байна. Үүн шиг монголчуудад улсаа хөгжүүлэх улс төрийн маш том бодлого хэрэгтэй. Манай улсад түүх соёл, урлаг, спортын үндэсний үзэл сайн байна. Гэвч улс төрийн үндэсний номлол болон эдийн засгийн үндэсний үзэл алга. Үүнийг яаж бий болгох вэ. Эдийн засгийн үндэсний үзэл дэлхийн улс орнуудын бодлогын нэгдүгээрт яваа. Нөөц баялаг, нөлөөллөө нэмэх, эрх ашгаа шингээхийн төлөө улс орнууд өрсөлдөж байна. Үүнд бид сөрж тавих, дагуулан хөгжихийн тулд үндэсний үзлээ хүчтэй болгох ёстой. БНХАУ, ОХУ гээд хоёр том мөрний дунд Монгол хэмээх жижиг горхи урсаж буй. Горхи гэдгийг би хүн ам, газар нутаг, эдийн засгийн хүчин чадлаар илэрхийлж байна. Бид энэ хоёр том мөрнийг сөрж, эсвэл хөндлөн урсаж чадахгүй. Гагцхүү цэнгэг, тунгалаг байдлаа хадгалах, яаж улам томрох вэ гэдэг асуудал юм.

-Үнэндээ үндэсний үзэл гэдгээ ч сайн ойлгодоггүй улстөрч олон шүү дээ.

Энэ бол төр улсаа хэрхэн бэхжүүлэх вэ гэсэн л үзэл. Даяаршиж буй ертөнц гэдэг айлын хатавчинд бус, тотгоноос дээгүүр орших хөгжингүй Монгол үндэстнийг цогцлоож чадахуйц чадварлаг төртэй болох тухай ойлголт.

-Монголчууд агуу түүхтэй хүмүүс. Чингис хааны үед их эзэнт гүрэн байгуулж явсан, улс төрийн номлолын хамгийн үр дүнтэй чиг шугам энэ үед байсан юм биш үү. Үүндээ тулгуурлаад, орчин үеийн санаагаар баяжуулаад явбал бидэнд бэлэн “загвар” байна?

Байсаан. Гэвч тэр үеийн төр барих ухаан Манжийн нөлөөлөлд байсан он жилүүдэд арчигдаж, XX зууны эхээр сэргэж амжилгүйгээр коммунизмын үзэл сурталд ууссан гэж ойлгож болно. 1990 оноос нутагшсан либерализм тулах цэггүйгээр социалист төвлөн удирдах ёсыг үгүйсгэн гарч ирсэн тул Монгол хөрсөнд нутагшихад ихээхэн зөрчилдөж байна. Дэлхийн нийтээр 1212 онд бичигдсэн “Магна карта”-г төр улс байгуулсан анхны гэрээ гэж бичдэг. Үнэндээ үүнээс зургаан жилийн өмнө Монгол нутагт “Их Засаг”тунхагласан шүү дээ. Бид түүх ярихдаа ч Их засгаасаа эхлэх ёстой. Либерализмд давуу тал, ололт олон бий. Гэхдээ үндэсний үзэл гэсэн шүүлтүүрээр оруулж, тунгаагаад хэрэглэх ёстой. Аль нь манайд зохих, үгүйг тодруулах учиртай. 

МҮАН-ынхан эрж, ухсаар үндэсний үзлээ томьёолох гээд оролдож байна. Мэдээллийн технологи бидэнд дэлхийн бүх улсын туршлага, жишээг судлах бололцоог олгож байна. Одоо өөрийн номлолыг зохиох ёстой. “New earth” хэвлэлийн газраас гаргасан засаглалын тухай номонд манай улсыг “Олон намын ардчилалтай гэсэн ангилалд багтаачихсан байна. Хаант, Ерөнхийлөгчийн, шашин төрийн, парламентат засаглалтай улс орнуудын ангиллын алинд ч багтаагүй. Ийм орнуудад уламжлалт төрт ёсны бодлогоо үргэлжлүүлээд, гол баганаа тухайн засаглал нь зангидаад явчихдаг. Гэтэл манайд ноён нуруу нь алга. Олон намын тогтолцоо бол бага хаадын үеийн ханлигуудтай адил. Энэ ханлигуудыг ерөнхийлөгч нь юм уу, ерөнхий сайд нь юм уу нэг нь зангидах ёстой. Бид өөрсдийгөө парламентат засаглалтай гэж ойлгож, ярьцгаадаг ч үнэн хэрэгтээ парламент төртэй, засаглал саринасан улс юм.

-Манай улс парламентын засаглалтай шүү дээ. Парламент нь чиг шугамаа зангидах ёстой юм биш үү?

Бид өөрсдөө тэгж ойлгодог ч сонгодог парламентын засаглалтай биш. Саармаг тогтолцоотой байна. Парламентын засаглалтай орнуудад Ерөнхий сайдаа хүчирхэгжүүлсэн байдаг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэхээр манайхан АНУ, Герман зэрэг холбооны улсын жишээг авдаг. Гэтэл тэд бол улсуудын улс шүү дээ. Том гүрэнтэй ойр хөрш, бас тэднээс дутуугүй хөгжиж буй орнуудын туршлага манайд илүүтэй нийцнэ гэж бодож байна. Парламентийн засаглалтай хүчтэй ерөнхийлөгч бүхий үсрэнгүй хөгжлийн жишээ бол Ирланд байна.

-Танай намаас нэлээд хэдэн жилийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Ерөнхийлөгчийн засаглалтай болгоё гэсэн агуулга бүхий төсөл боловсруулсан байсан. Энэ үзэл чинь одоо хэвээрээ юу?

Хэвээрээ. Ерөнхийлөгчийнх байна уу, Ерөнхий сайд нь байна уу, гол нь Монгол Улсад эзэн, хөтлөгч хэрэгтэй.

-Монгол Улсад парламентын засаглал илүү тохирно гэдэг. Гэтэл та бүхний дэвшүүлсэн үзэл баримтлал дэмжлэг авах магадлал бага биш үү. Нэг хүний дарангуйлал тогтчихно гэсэн болгоомжлол бий?

-Ерөнхийлөгчийн засаглал гэдгийг аймшгийн зүйл гэж бодоод байдаг. Ю.Цэдэнбал даргын үеийн дүр зургаар төсөөлдөг. Гэвч тэр үед монголчууд ЗСБНХУ-ын нөлөөлөлд байсан. Бас нэг намын тогтолцоотой байлаа. Одоо нөхцөл байдал өөр. Олон намын тогтолцоотой, чөлөөт нийгэмтэй. Ийм оронд Ерөнхийлөгч бол сонгуулиар солигддог л алба байхгүй юу. Сумны зэв, пуужин, усан онгоцны хошуу үзүүртэй байдаг биз дээ?. Бид чинь 76-р нэмэх хоёр, гурав гэвэлдөв дөрвөлжин нүүрэлчихээд салхи сөрөх гээд урагш зүтгээд байна шүү дээ. Ядаж байхад тал нь нь арагшаа угзарна.

-Одоогийн УИХ нэг намын үнэмлэхүй олонхоос бүрдэж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хамгийн боломжтой үе гэж олон хүн харж буй. Энэ асуудлаар та нар эрх баригчидтай уулзаж, саналаа хэлж байна уу?

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Засгийн газрын ХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж буй юм билээ. Үүнд төлөөллөө оруулах хүсэлтээ бид тавьсан. МАН үнэмлэхүй олонхи болсон учир Үндсэн хуульд өөрчлөлт оруулах түүхэн үүргийг заавал биелүүлэх ёстой. Тэдний хийх хамгийн чухал бөгөөд хамгийн чухал ажил нь энэ байх ёстой.

-Үндсэн үзэл, зорилгоо төрийн бодлого болгохын тулд парламентад суудалтай байх хэрэгтэй юу?

Энэ үзэл санаагаа гол намуудад халдаах тухай би дээр хэлсэн. Үндэсний үзэл нэг намынх биш, монголчуудын яс, цус, мах, оюун санаанд байх ёстой учир бүх намуудын үзэл баримтлалын үндэс болох учиртай. Манай нам байгуулагдсан зорилго нь хөгжингүй Монгол улсыг цогцлоож чадах чадварлаг төртэй болох түүнийг үндэсний үзлээр урлан бүтээх байсан. Үүнийхээ төлөө бүх нам, байгууллагатай хамтарч ажиллана.

-МҮАН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцоогүй, АН-ыг дэмжсэн. Яагаад сонгуульд оролцохгүй гэсэн шийдвэр гаргасан юм бэ. Дэмжсэн нам чинь үндсэндээ “арчуулсан” шүү дээ.

Сонгуулийн хуультай холбоотой шийдвэр байсан л даа. Мажоритар тогтолцоогоор сонгууль зохион байгуулах шийдвэрийг УИХ тулгаж баталсан. Энэ бол “тийм, үгүй” гэсэн шийдвэр гаргуулдаг, нэг хувиар илүү санал авсан нь олонх болдог тогтолцоо. МАН, АН хоёроос МҮАН нэг хувиар илүү байх боломж маш бага шүү дээ. Энэ хоёр намаас МАН үнэмлэхүй ялна, ерөнхийдөө 2000 оны үр дүн давтагдах байх гэдгийг М.Энхсайхан дарга тухайн үедээ хэлж л байсан. Гэвч нэг намаас бүрдсэн парламент болгохгүй, сөрдөг бус хянадаг хүчинтэй байлгахын тулд л бид АН-ыг дэмжсэн.

-Тэгэхээр сонгуульд оролцоогүй нь зөв шийдвэр байсан хэрэг үү?

Тийм.

-Орон нутгийн сонгуульд оролцохгүй гэж байсан ч танай намаас зарим газар нэр дэвшсэн байна лээ.

Бид намаараа оролцоогүй. Монголын хавтгайрсан улстөржилтийг саармагжуулахыг зорьж, “Намгүй сум, дүүрэг” хөдөлгөөнийг дэмжиж байсан. Нэгдмэл улсад улс төрийн сонгууль нэг л болох ёстой. УИХ-аа байгуулах сонгууль гэсэн үг. Орон нутгийн сонгууль бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг байгуулах үйл явц. Үүнд улс төрийн нам оролцох ёсгүй гэсэн байр суурьтай нам учраас бид орон нутгийн сонгуульд оролцоогүй.

-Манай улсад АН, МАН л ээлжилж төр барьдаг. 2012 онд түүхэндээ нэг удаа МҮАН, МАХН хамтарсан эвсэл бүлэг байгуулах хэмжээний суудал авч үзсэн. Олон улсын судалгаагаар манай улс олон намын ардчилалтай гэсэн ангилалд орж буй ч бодит байдал дээрээ хоёр нам л төр барьж байна шүү дээ. Гуравдагч хүчний орон зай алга...

Өнөөдрийг хүртэл явж буй энэ зүй тогтлын ач холбогдол цаашид улам буурна. Мэдээллийн технологи хөгжиж, интернэт хамгийн том нам болон хувирч байна. Хэн нэгэн мэдээллийн ертөнцийг ашиглаад онцгой чухал сэдэв хөндөхөд амжилтад хүрэх магадлал өндөр болчихсон. Алслагдсан нутгийн зарим сонгогч надаас, чамаас ч түрүүлж мэдээлэл авч байна. Тиймээс зөв бодлого олон нийтийн дэмжлэг авах боломжтой, гуравдагч хүчний орон зай хангалттай бий.

-МАН төр бариад бараг таван сар болж байна. Гэвч өмнөх намынхаа хийсэн ажлыг ухраахаас өөр онцлох юм бараг хийсэнгүй. Та хөндлөнгөөс юу гэж харж байна вэ?

МАН үнэмлэхүй олонх болсноор төр тогтвортой байх нь гэсэн хүлээлт бий болсон нь сайн хэрэг. Өөрийнх нь хийсэн ажилд гэрэл гэгээ харагдахгүй атал өмнөхөө газар дор ортол муулдаг явуургүй улс төр манай нийгэмд хэвшмэл болчихсон. Аль аль намд нь бий. Мөн сонгуульд үнэмлэхүй ялчихсан, ард түмэн биднийг дэмжиж байна гэж хөөрөх нь өрөөсгөл. Ард түмний итгэлийг даахуйц гуравдагч хүчин бүрэлдээгүй учраас байгаа хоёроосоо сонгосон. Гуравдугаарт, МАН өөрийн сайнд биш, өрөөлийн мууд л сонгогдсон. АН-ын удаа дараалсан алдаа, дотоод зөрчил тэдэнд санал авах боломж олгосон. Ялчихаад ямар ажлыг хэн,хэн яаж хийхээ төлөвлөөгүй байсан учраас хугацаа алдаж байна гэж харж байгаа. Үүнээс өөрөөр Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэх цаг нь болоогүй.

-АН их хурлаа хийлээ. Юун дээр алдсанаа тодорхойлох гэж оролдсон ч МАН-ыг шүүмжилсэн уур амьсгал түлхүү байлаа. Дүрмээ өөрчилнө гэлээ, тэдний шинэчлэгдэх үйл явцыг та юу гэж харж байна.

Зодоонтой ч АН бол зонхилох улс төрийн хүчний нэг. Тиймээс хурдан цэгцэрч, шинэчлэгдвэл Монгол Улсад л хэрэгтэй. Мөн ярьж буй зүйлээс нь үзэл баримтлалын хувьд энэ нам хаашаа явахаа бүрэн тогтоогүй мэт харагдаж байна. Барууныхан Гуржийн ардчилсан нам, Монголын Ардчилсан нам, гээд л глобал ардчиллын салбар шиг ханддаг. Монголын ардчилсан нам Монгол Ардчилсан нам болж,ярьж, хэрэгжүүлж буй бүхнээ үндэсний үзэл, монгол шүүлтүүрээр шүүж, Батбаяр гишүүний тулганд ариусгаад нэвтрүүлж байгаасай гэж хүсэх байна.

-“Манай намын шинэчлэл улс төрийн хүчнүүдийн шинэчлэл байх болно” гэж АН-ынхан ярьсантай санал нийлэх үү?

Дэлхий даяар улс төрийн намууд шинэчлэгдэх шаардлага тулгараад байна. Энэ бол мэдээллийн технологи хөгжсөнтэй холбоотой. Өмнө нь боддог элит, түүнийг хэрэгжүүлдэг, хэрэглэдэг масс гэж байсан. Мэдлэгтэй, оюунлаг хэсэг нь зөвхөн дээрээ байсан бол одоо сүлэлдээд нэлэнхүйдээ мэдээлэлтэй бас мэдлэгтэй болж байна. Үүнд суурилсан зөв бодлого явуулах нь чухал. Эн тэнцүү мэдээлэл, эн тэнцүү мэдлэг, хязгааргүй эрх чөлөө, үүрэгжээгүй эрхүүд нийтлэг үнэт зүйлгүй болгох, задлах увдистай учир илүү л багцалж, нэгтгэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг шаардаж байна.

 

 

Ярилцсан С.ТУУЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Зөв зүйлийг ярьжээ. 2017-01-06
Хишгээ:Яг зөв. Нэг гарт зангидах ёстой.тэгэж л байж хөгжинэ. 2017-01-06
Болор:Улсаа бодоцгооё.иргэдээ ч хайрлая. Монгол хүний үнэ цэнэ үнсэнд хутгалдчихлаа. 2017-01-06
Зочин:Нам бол зохион байгуулагч, тэр утгаараа чиглүүлэгч. Сайн зохион байгуулбал сайн дэмжих хөрс бий болжээ 2017-01-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?