СЭТГЭЛИЙН ХЯМРАЛТАЙ ХҮМҮҮС НЭМЭГДЭЖ БАЙНА

2017-03-01  

Саяхан Женев хотноо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сэтгэлийн хямралын тухай хамгийн сүүлийн үеийн тайланг гаргажээ. Тус тайланд 2005-2015 оны хооронд дэлхий даяар сэтгэлийн хямралын сөрөг нөлөөнд өртсөн хүний тоо 18 хувиар нэмэгдэж, эдийн засгийн хохирол нь 1 триллион ам.долларт хүрсэн байна.

Сэтгэлийн хямралд ямар ч насны хүн нэрвэгдэх боломжтой бөгөөд төсөөлснөөр, дэлхий даяар нийт 300 сая хүн сэтгэлийн хямралд өртсөн нь дэлхийн нийт хүн амын 4.4 хувийг эзэлж байна. Сэтгэлийн хямрал бол нэг төрлийн өвчин бөгөөд байнга гутарч, сонирхдог бүх зүйлдээ дургүй болж, бүр өдөр тутмын амьдрал ахуйгаа ч зохицуулах чадваргүй болдог. Үүнээс гадна сэтгэлийн хямралд нэрвэгдсэн хүн амархан ядрах, хоолны дуршил өөрчлөгдөх, нойр илүүдэх юм уу багасах, анхаарал төвлөрөхгүй, уур хүрч, өөрийгөө буруушаана. Өөртөө итгэх итгэлгүй болж, өөрийгөө тамлах, амиа хорлох санаа төрдөг зэрэг шинж тэмдэг илэрдэг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тайлангаас үзвэл, сэтгэлийн хямралд нэрвэгдсэн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс олон, өндөр настай хүн залуусаас олон байна.

Сэтгэлийн хямралд нэрвэгдэгсдээс эмэгтэйчүүд 5.1 хувь, эрэгтэйчүүд 3.6 хувийг эзэлж байгаа бөгөөд 55-74 насны өндөр настай эмэгтэйчүүд 7.5 хувь, эрэгтэйчүүд 5.5 хувийг эзэлж байна. АНУ, Австрали, Бразил, Эстони, Финланд, Грек, Португал, Орос зэрэг улсад энэ өвчинд нэрвэгдсэн хүн нийт хүн амын 5.5-аас дээш хувийг эзэлж байгаа бөгөөд Украйнд 6 хувиас илүү гарсан гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд тэмдэглэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "Сэтгэлийн хямралын тухай ярьцгаая" арга хэмжээг зохиох замаар, сэтгэлийн хямралд анхаарал хандуулж, ялангуяа энэ өвчинд нэрвэгдсэн хүмүүсийг ялгаварлан гадуурхахаас сэргийлэхийн төлөө энэ өвчний учир шалтгааныг олж, буруу ойлголтыг үгүйсгэхийн төлөө тандалт судалгаа хийн ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тус арга хэмжээг гурван төрлийн хүмүүст зориулжээ.

Тухайлбал : хүүхэд залуус, төрөх насны эмэгтэйчүүд болон нялх биетэй эмэгтэйчүүд, 60-аас дээш насныхан юм. Сэтгэлийн хямралд муу нэр зүүлгэх зэрэг асуудал оршиж байгаа учраас сэтгэцийн өвчинд нэрвэгдсэн янз бүрийн хүмүүс тусламж хайхад бэрхшээл тулгардаг. Иймээс сэтгэлийн хямралын тухай авч хэлэлцэх шаардлагатай. Гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө, эмч мэргэжилтэй хүмүүс, сургууль, ажлын газар, хэвлэл мэдээллийнхэн ил тодоор авч хэлэлцэн, сэтгэлийн хямралын тухай буруу ойлголт, түүнд зүүлгэсэн муу нэрийг арилгавал улам олон хүн тусламж хайж, тусламж хүртэх боломжтой болно гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцолжээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дулам:Улс орны амьдралын онцлогоос болж байгаа байх даа. Хөгжилтэй орны хүмүүс энэ төрлийн өвчинд нэрвэгдэхдээ амархан 2017-03-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?