Ө.БАТЗУЛ: ОЛИМП, ДАШТ-ЭЭС МЕДАЛЬ ХҮРТЭХ ЗОРИЛГОТОЙ

2017-03-15  

Өнгөрсөн хоёрдугаар сард Ираны Керманшах хотод эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн болж, Монголын баг зургадугаар байрт орсон билээ. Дэлхийн цомд 97 кг-ын жинд “Хүч” спорт хорооны тамирчин, спортын мастер Өлзийсайханы Батзул дэлхийн шилдгүүдтэй тун боломжийн барилдаан үзүүлж, Монголын багт хоёр ялалт авчирсан. Түүнчлэн тэрбээр энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүлсэн билээ. 

- Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д алтан медаль хүртсэнд баяр хүргэе. УАШТ-д хэд дэх удаагаа орсон бэ?

- Гурав дахь удаагаа орсон. 2015 оны анх УАШТ-д 125 кг-ын жинд барилдаж, улсын гарьд Б.Гончигдамба ахыг ялж хүрэл медаль хүртэж байлаа. Өнгөрсөн жил өөрийн үндсэн жиндээ барилдаж, хүрэл медалийн төлөөх барилдаанд улсын начин А.Батмөнх ахад ялагдаад медальгүй хоцорсон. Харин энэ жил гурав дахь оролдлогоороо улсын аварга боллоо. УАШТ-д нийт таван барилдаан хийсэн. Эхлээд “Хилчин”-ий Сандаг-Очир, 1/8-д “Харгант цамхаг”-ын Б.Түвшинтулга, шөвгийн наймд “Цастын барс”-ын Б.Гончигтавхайг, хагас шигшээд ОУХМ Л.Төртогтохыг, алтан медалийн төлөөх барилдаанд “Женко”-гийн М.Билгүүтэйг сүүлийн оноогоор тус тус ялж улсын аварга болсон юм.

- Л.Төртогтох, М.Билгүүтэй нартай өмнө нь барилдаж байв уу?

- Л.Төртогтох ах энэ жилээс дээшээ жин өгсч, манай жинд орж ирсэн. Тиймээс анх удаа барилдсан. Харин М.Билгүүтэйтэй өнгөрсөн жил Буриадын Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан. Энэ жил улсын аваргаар даагаа нэхэж ялсан даа.

- Танай жингийн шилдгүүдийн нэг ОУХМ Д.Хүдэрбулга энэ жилийн УАШТ-ийг өнжсөн?

- Хүдэрээ ах УАШТ-д барилдаагүй нь залууст том боломж олдсон. Өнгөрсөн жил Туркэд болсон олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн, Риогийн олимпийн өмнө нь Хүдрээ ахын бэлтгэлийг хангалцаж өгсөн нь миний барилдааны амжилтад том ахиц гарсан гэж боддог.

- Хэдэн оноос чөлөөт бөхөөр хичээллэж байгаа вэ?

-2008 онд Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн дасгалжуулагч, спортын мастер Б.Идэрсайханы удирдага дор чөлөөт бөхөөр анх хичээллэсэн. Миний үзүүлж буй амжилтууд маань багштай минь салшгүй холбоотой.

- Өсвөр үе, залуучуудын УАШТ-д чамгүй олон медаль зулгаасан байлгүй?

- Би чөлөөт бөхөөр эрт хичээллэсэн ч нэлээд хожуу амжилт гаргаж эхэлсэн. 2014 онд залуучуудын УАШТ-д мөнгөн медаль хүртсэн нь миний анхны медаль. Түүнээс хойш чөлөөт бөхөөрөө дагнаад амжилт үзүүлэх боломжтой юм байна гэж бодогдсон.

- Энэ жилийн Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд яагаад явсангүй вэ?

- 2017 он гараад тун завгүй байлаа. Насанд хүрэгчдийн УАШТ, эрэгтэйчүүдийн Дэлхийн цом, оюутны УАШТ-д дараалаад орсон. Тиймээс сая Улаан-Үдийн тэмцээнийг өнжсөн. Дөрөвдүгээр сарын сүүлээр “Mongolia Open” ОУТ-тэй, залгуулаад тавдугаар сард Энэтхэгийн Шинэ Делид Азийн АШТ болно. Энэ хоёр тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч байна.

- Дэлхийн мундаг бөхчүүдийн хэний барилдааныг үзэх дуртай вэ?

- ДАШТ-ий алт, мөнгөн медальт, ОХУ-ын Абдусалам Гадисовын барилдааныг үзэх дуртай. Түүнтэй барилдаж үзэхсэн гэж боддог байлаа. Даанч энэ нь боломжгүй (Гадисов өнгөрсөн жилийн сүүлээр зодог тайлсан) болчихлоо.

- Цаашдын зорилго?

- Олимп, ДАШТ-ээс медаль авах том зорилго тавьж байна.

- Хилийн чанадад хэр олон тэмцээнд оролцсон бэ?

- Энэтхэгт болсон “Pune Mayor’s Cup” ОУТ, Буриадын Ерөнхийлөгчийн цом, Борис Будаевын нэрэмжит залуучуудын тэмцээнд оролцож байсан.

- Үндэсний бөхөөр аймгийн харцага цолтой байх аа. Монгол бөхийн өргөөнд болж байгаа барилдаанд сүүлийн үед их гарах болсныг чинь мэдэх юм?

- Өнгөрсөн жил Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн баяр наадмаар зургаа давж аймгийн харцага цол хүртсэн. Долоогийн даваанд Баянхонгор аймгийн харьяат, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү ахад өвдөг шороодсон. Чөлөөт бөхдөө анхаараад үндсээр төдийлөн барилддаггүй байлаа. Аймгийн харцага болсноосоо хойш улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд гарах болсон. Өнгөрсөн намраас хойш улсын гарьд Ш.Жаргалсайхан, өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Хөвсгөлийн Б.Ганхуяг зэрэг улсын цолтой бөхчүүдийг давж урам ороод үндэсний бөхөөр барилдах сонирхол маань ихсээд байна. Үндэсний бөхөөр алгасахгүй барилдахыг хичээнэ ээ.

- Өнгөрсөн жил Эрдэнэтийн түүхт 40 жилийн ойгоор П.Бүрэнтөгс арслан түрүүлсэн бил үү?

- Тийм ээ. Өмнөх өдөр нь аймгийнхаа наадмыг хаалттай хийсэн юм.

- Наадмын бэлтгэлээ хаана базаасан бэ?

- Дээд жингийн ах, аймгийн хурц арслан, ОУХМ Н.Золбоотой хамт Бугын сангийн аж ахуйд Баянхонгор аймгийн “Их богд” дэвжээний бөхчүүдтэй 15 хоног наадмын бэлтгэлд гарсан. Баянхонгорын бөхчүүдтэй хийсэн бэлтгэл тун үр дүнтэй болж, аймагтаа барилдаад харцага болсон.

- Аль нутгийн хүүхэд вэ?

- Би Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. Эрдэнэтийн унаган хүүхэд.

- Танай удамд чамаас өөр барилддаг хүн бий юу?

- Байхгүй. Багаасаа их ноцолдох дуртай хүүхэд байсан. Тиймээс өөрийн сонирхлоор бөх болохоор шийдсэн.

- Ярилцсанд баярлалаа, зорьсон зорилгодоо хүрээрэй.

 

 

Эх сурвалж : Монголын чөлөөт бөхийн холбоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Зорилгоо заавал биелүүлээрэй 2017-03-15
Иргэн:Амжилт шүү дэмжиж байна 2017-03-15
Zorigoo:Сэтгэлтэй зүтгэлтэй хүүхдийг бурхан харж үзнээ. Амжилт амжилт 2017-03-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?