Б.СОЛОНГО : ХҮҮГ ӨӨРИЙНХӨӨ ХҮҮХЭД ШИГ ТӨСӨӨЛӨӨД ИХ ГОЁ БАЙНА

2017-03-22  

Шүүхэд хүү мэндэллээ

Өчигдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байсан Б.Чимгээ өнөөдөр /2017.03.21/ 14.30 цагийн үед 3200 гр хүү төрүүлсэн талаар мэдээлэл цахим орчинд мэдээлсэн. Эх, хүүг "Өргөө” амаржих газарт хүргэсэн бөгөөд бие нь сайн байгаа аж. Болсон үйл явдлын сурвалжлагыг хүргэж байна.

"Био комбинат” компанийн нэхэмжлэлтэй гэм хорын хохирол барагдуулах шүүх хуралдаанд Б.Чимгээ иргэдийн төлөөлөгчөөр оролцож байжээ. Шүүх хуралдаан үргэлжилж байтал Б.Чимгээ бие эвгүйрхсэнтухайгаа шүүх бүрэлдэхүүнд хэлж. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, дэг сахиулагч цагдаа эхийг шүүгчийн туслахын өрөөнд оруулж, зай гарган хэвтүүлжээ. Зай гарган гэхийн учир нь шүүгчийн хоёр туслах суудаг өрөө давчуухан гэж жигтэйхэн. Ширээний хажуудах жаахан зайнд хувцас дэвсэн эхийг хэвтүүлсэн нь тэр. Энэ хооронд офицер, цагдаа Х.Эрдэнэтогтох Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү гүйж, тэнд байсан хүмүүс уралдан түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгч. Төрөхөөр өвдөж байсан эмэгтэйгээс илүү шүүхээр үйлчлүүлж байсан иргэд сандралдаж, тэр хавиар нэг дуу шуу болсныг сүүлд ярина лээ. Сандарсан олны дунд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго өрөөнд орж эхэд анхны тусламж үзүүлжээ.

Тухайн үед Б.Солонго өөрийгөө хүйн ээж болно гэж огт төсөөлөөгүй гэнэ. Залуу бүсгүйд гурван хүүхдийн ээж Б.Чимгээ хэрхэн эх барих үйлдэл бүрийг нь заажээ. Давчуу өрөөнд илүү олон хүн орох, эхэд туслах боломж байгаагүй бололтой. Үзсэн кино, сонссон яриагаа төсөөлөн, ээжийнх нь зааснаар хүүг эх барин авчээ. Хүүг гар дээрээ тосч автал дуугарахгүй болохоор бөгсөн дээр нь ганц, хоёр алгадсан нь бас л киноноос авсан мэдээлэл гэнэ. Хүйн ээжээрээ хоёр алгадуулсан хүү часхийн уйлахад сандарсандаа ээжийнх нь хэвлий дээр алдах шахжээ. Шинэ хүний уйлах чимээнээр шүүгч цамцаа тайлж, өгсөн бөгөөд түүний цамцаар хүүг өлгийдсөн байна.

Хүү ээжийнхээ ангир уургыг амлаж байхад Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хоёр эх баригч, түргэн тусламжийн эмч нар иржээ. Эмч нар эх, хүүд үзлэг хийснийхээ дараа "Өргөө” амаржих газар руу авч явсан аж.

Эх барьж авсан хүүгээ эмчид хүлээлгэж өгсөн Хүйн ээж Б.Солонго шүүх хуралдаанд орж тэмдэглэл хөтөлсөн ч болж өнгөрсөн үйл явдал нүднийх нь өмнө жирэлзээд төвлөрөхгүй байснаа ярьсан. Бас офицер цагдаа Х.Эрдэнэтогтох хар гүйхээрээ Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү орж, хоёр давхарт багагүй шуугиан дэгдээснээ сүүлд инээдэм болгон ярина лээ. Шүүхээр үйлчлүүлж байсан иргэд хүүд Шихихутаг, Шударга ёс, Шүүхийн хүү, шүүхбат зэрэг нэр хайрлах талаар ярилцаж, хорвоод нэгэн шинэ хүн тосч авсандаа бөөн баяр болсоноо ярьж байсан. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хамт олон ч итгэж ядсан, сандарсан байдалтай байлаа.

Түргэн тусламжийн төвийн эмч П.Түвшинжаргал "Дуудлагаар ирэхэд эх хүүхдийн бие хэвийн байсан. Бид "Өргөө” амаржих газарт хүлээлгэж өгсөн” гэлээ. Б.Чимгээтэй холбогдоход "Хүү, бид хоёр сайн байна. Санаа зоволтгүй. Эсэн мэнд амаржсандаа баяртай байна. Дараа тухтай ярилцъя” гэсэн юм.

Б.Солонго: Хүүхэд уйлахгүй болохоор зүрх зогсох шахсан

Шүүхэд хүү мэндэллээ

Батчулууны Солонго шүүхийн байгууллагад гурав дахь жилдээ ажиллаж байгаа. Тэрээр хүүхэд эх барих үедээ "Ээжийгээ хамгийн их бодлоо. Ажлаа тараад ээждээ очиж үнсүүлнэ” гэж ярихдаа нулимс дуслуулж байсан. Бүсгүй хүн ээж болохдоо хамгийн түрүүнд ижийгээ боддог. Хуульч бүсгүй ажил дээрээ хүйн ээж болохдоо ижийнхээ зовлон, жаргалыг мэдэрчээ. Бид түүнтэй ярилцлаа.

-Хүйн ээж болсонд баяр хүргэе. Одоо тайвширч байна уу?

-Шүүх хуралдаанд орох гээд хэргийн оролцогчдоо аваад шүүх танхим руу явж байтал хүмүүс сандралдаад эхэлсэн. Гайхаад очтол "Хүн төрөх гэж байна” гээд сандраад өрөө рүү орох хүн олдохгүй байсан. Шүүхээр үйлчлүүлж байсан олон хүн, өмгөөлөгчид иргэдэд үйлчлэх танхимд байсан юм.

-Өрөөнд ороход эх ямар байдалтай байсан бэ. Бас өөрийгөө туслаж чадна гэдэгт итгэлтэй байсан уу?

-Хүүхэд нь эрүүл төрөөсэй л гэж бодсон. Би төрүүлнэ, чадна гэж төсөөлсөн байх даа. Өрөөнд яваад ортол тэр эгч өмдөө тайлах гээд оролдож байсан. Өмдийг нь тайлахад хүүхдийн толгойн хэсэг харагдаж байсан болохоор "Дүлээрэй, дүлээрэй” гэлээ. Кинон дээр "Дүлээрэй, дүлээрэй” гэдэг биз дээ /инээв/. Тэр эгч гурван хүүхэдтэй туршлагатай учраас надад их зөвлөсөн. Эгч "Толгойг нь..” гээд байсан. Хүүхдийн толгойноос зөөлөн барьж байгаад "дүлээрэй” гэсэн чинь гулгаад гараад ирсэн. Хүүхэд их сонин царайтай, бас уйлахгүй болохоор нь зүрх зогсох шахсан гээч.

-Тэгээд яасан бэ?

-Кинон дээр алгаддаг биз дээ. Хүмүүс тэгж ярьсныг бас сонссон байх. Ямар ч байсан санаанд орсон нь л тэр байсан. Бөгсөн дээр нь хоёр удаа зөөлөн алгадсан чинь часхийсэн. Ямар гоё санагдсан гээч. Сандарсандаа ээжийнх нь гэдсэн дээр алдах шахсан. Б.Чимгээ эгч хүйг нь таслаад өгөөч гэхээр дахиад л сандарчихаж байгаа юм. Би мэдэхгүй шүү дээ. Хүйг нь таслах хүн байна уу л гэж дуудсан бололтой. Яг юу гэснээ санахгүй байна. Тэгтэл малын эмч хүн шүүхээр үйлчлүүлж явсан байна лээ. Тэр эгч хүйг нь утсаар боож байгаад тасалсан.

-Шүүгчийн цамцаар өлгий хийсэн гэл үү?

-Шүүгчийн тайлж өгсөн цамцаар хүүг өлгийдсөн.

-Хүүгийн ээжтэй үг сольж амжсан уу?

-Эмч ирэнгүүт санаа амраад гарсан. Тэгээд ч шүүх хуралдаанд орох цаг болсон байсан учраас тэнд байх боломж байгаагүй. Б.Чимгээ эгчийг төрсөний дараа үг солих боломж гараагүй. Эмчид болсон үйл явдлыг хэлээд л гарсан.

-Хүн эх барьж байхад ер нь юу бодогдож байсан бэ?

-Маш их айсан. Эх хүний зовлон, жаргалыг зэрэг мэдэрлээ. "Би яаж төрнө дөө” гэж бодож байснаа хүүгээ хөхүүлэхийг хараад "ямар сайхан юм бэ” гээд атаархах шиг болсон. Бас ээжийгээ маш их санасан. Ээжийгээ хайрлаж чадаагүй юм шиг мэдрэмж төрдөг юм билээ. Гарч ирээд шууд ээж рүүгээ "Охин нь эх барьж авлаа” гэж ярьсан.

-Ээж нь юу гэж байна?

-Ээж минь сандарчихсан "Яасан бэ. Юу болов” гээд байсан. Шүүх хуралтай байсан учраас "Дараа тухтай яръя” гээд утсаа салгачихсан. Хурлын дараа утсаа нээтэл ээж минь баахан залгаад, мессеж биччихсэн байна лээ. Хүний эх гэдэг тийм л агуу. Ажлаа тарангуут ээж дээрээ очно. Үнсүүлмээр байна. Миний ээж охиндоо баярлах байх.

-Таны эх барьсан хүүхэд хүү гэдгийг хэзээ нь мэдсэн бэ?

-Тухайн үед хүйсийг нь анзаараагүй. Бөгсөн дээр нь алгадсан хэрнээ хүйсийг нь анзаараагүй гэхээр их сандарсан байж л дээ. Шүүх хуралдаанаас гарч иртэл манай ажлынхан "Чи хүүтэй болчихлоо шүү дээ” гээд баяр хүргэж байсан.

-Эх баригч эмч нарыг монголчууд хүйн ээж гэж хүндэлдэг. Өөрөө мэргэжлээ солиод хүйн ээж болчихлоо. Хүүтэйгээ уулзана биз дээ?

-Шүүх хуралдаанаас гараад иртэл ажлынхан маань баяр хүргээд сүйд болсон. Тэр үед "Хүүгээ хаана очиж эргэх вэ” гэж бодогдоод их сайхан байлаа. Маргааш эгч, хүү хоёроо очиж эргэнэ. Цаашдаа ч холбоотой байна гэж бодож байгаа. Хүний амьдралд ховор тохиолдох үйл явдал байх.

Шүүх хуралдаанд ороод ажлаа хийж байхдаа "Бөгс рүү нь алгадаад буруу юм хийчихсэн болов уу, гайгүй байгаа” гэж бодогдоод ер сэтгэл санаа тогтохгүй байсан. Хуралдаан дээр юу ч бичиж чадаагүй. Болсон үйл явдал бодогдоод гар салганаад тэр. Шүүх хуралдааныхаа бичлэгийг үзэж байгаад тэмдэглэлээ гүйцээнэ дээ. Эх, хүү хоёрын бие сайн гэхээр тайвширч байтал баахан телевизийн сэтгүүлчид ярилцлага аваад. Болсон үйл явдлыг телевизүүдэд ярьж байтал ээж минь бодогдож уйлаад баларч байна /уйлав/.

-Ирээдүйд тэдэн хүүхэдтэй болно гэсэн төлөвлөгөө байгаа нь гарцаагүй?

-Бид ачаалалтай ажилладаг. Ажлаа зохицуулаад удахгүй ээж болно гэж төлөвлөж байгаа. Ер нь 3-5 хүүхэдтэй болно гэж төлөвлөсөн. Анхны хүүхэд минь хүү төрчих шиг боллоо /инээв/. Яагаад ч юм тэр хүүг өөрийнхөө хүүхэд шиг төсөөлөөд их гоё байна. Ийм юм болно гэж төсөөлж ч байсангүй. Миний амьдралд тохиолдсон хамгийн гоё үйл явдал байх. Найз залуудаа хэлтэл "Нээрээ юм уу. Яасан гоё юм бэ” гээд над шиг хөөрчихсөн байна лээ.

Биднийг ярилцаж байтал дараагийн шүүх хуралдааны цаг болж, Б.Солонго ажилдаа орлоо.

 

Б.Цэцэгдэлгэр

 

Эх сурвалж : Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Монгол:Ярилц**** уншаад уйллаа ш дээ. Үнэхээр мундаг охин байна. Ажил үйлс дэлгэрэгээ. 2017-03-22
Зочин:Хан уул дүүргийн эмнэлгийн эм сувилагчид яагаад орж ирсэнгүй вэ. Их л ойрхон ш дээ. 2017-03-22
Жавхаасайхан:Мундаг юмаа. Ямар ч хүн ийм нөхцөлд сандрах нь ойлгомжтой.Баяр хүргэе 2017-03-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?