Г.НАРАНЧУЛУУН: ТӨЛ МАЛЫН 90 ХУВЬ НЬ БОЙЖИЖ БАЙНА

2017-03-29  

Орон нутагт хаваржилт ямаршуу байгаа талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуунтай ярилцлаа.

 

-Өнгөрсөн долоо хоногт зарим нутгаар нэлээд цас орсон нь хаваржилт хүндрэх шалтгаан болсон талаар малчид ярьж байна. Өнөөдөр орон нутагт нөхцөл байдал ямар байна вэ?

-Одоогоор нийт нутгийн 40 гаруй хувь нь цастай байна. Сүүлийн долоо хоногт Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар ихээхэн цас орж, цасан болон шороон шуурга шуурсны улмаас 98 хүн төөрсөн. 17 аймгийн 154 суманд өвөлжилт хүндэрч байсан. Үүнийг одоогийн нөхцөл бай­дал болон цасны зузаантай харьцуулахад хаваржилтын нөх­цөл байдал 50 хувиар сай­жирсан.

-Малын хорогдол гарч байна уу?

-Он гарснаас хойш гурван сарын байдлаар 180 мянган мал хорогдоод байна.  Энэ нь оны эхний нийт малын 0.3 хувийг эзэлж байгаа учир хэвийн гэж үзэж байгаа.

-Хөвсгөл аймагт олон тооны мал хорогдсон гэх мэдээлэл бий.  Аль аймагт малын хорогдол их байна вэ?

-Хамгийн их хорогдолтой нь Хөвсгөл, Архангай, Хэнтий аймгууд байна.  Хөвсгөл айм­гийн хэмжээнд одоогоор 50 гаруй мянган толгой мал хорогдоод байгаа.  Түүнээс  Цэцэрлэг суманд аймгийнх нь нийт хорогдлын 50 хувь буюу 22500 толгой мал хорогдсон. Ерөнхийдөө өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүл­чээс Цэцэрлэг сумын нөх­цөл байдал хүндэрч эхэлсэн. Гэхдээ аймаг дотроо ганцхан сум ийм байдалтай байгаа учир гамшгийн хэмжээнд хүрсэн гэж тодорхойлох боломжгүй.

-Нэг аймгийн ганцхан суманд яагаад малын хорогдол их гарч байна вэ. Энэ нь сум болон малчдын бэлтгэлтэй холбоотой юу эсвэл байгаль, цаг уурын нөлөөлөл байна уу?

-Хөвсгөл аймгийн Цэцэр­лэг суманд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард очиж эрсдэлийн үнэлгээ хийсэн. Тухайн үед малчид “Сүүлийн хэдэн жилд үзээгүй их хэмжээний цас орлоо” гэж ярьж байсан. Цас нь талдаа 20-30,  ууландаа 40-50 см зузаантай, нягтаршил нэлээд их байсан учир зудын зэрэглэлд оруулж байсан. Тиймээс Засгийн газрын дөр­вөн удаагийн тогтоолоор Хөвсгөл аймагт хүн эмнэлгийн автомашин гурав, 100.0 сая төгрөг, 360 тонн өвсийг үнэгүй, 360 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан, мөн малын эм, бэлдмэлийг олгосноос Цэцэр­лэг суманд автомашин нэг, 20 тонн өвсийг үнэгүй, 20 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгосон. Үүнээс гадна МУЗН-ээс 20 өрхөд 345.0 мянган төгрөгийн үнэ бүхий эд, материа­лын тусламж үзүүлсэн. Одоо ХХААХҮЯ-наас зохион байгуулж буй “Малчдадаа тус­лах сайн санааны аян”-ы хүрээнд болон Туркийн Засгийн газраас тусламж хүргүүлэхээр ажиллаж байна.

-Өвөлжилт хүндэрсэн цаашлаад хаваржилт хүндэрч болзошгүй аймгуудын малчдад салбар яам болон олон улсын байгууллагуудаас чамгүй тусламж үзүүлсэн. Уг тусламж очих  ёстой эзэндээ хүрч чадсан болов уу?

-Өвөлжилтийн хүнд­рэлийг даван туулахын тулд Зас­гийн газраас дөрвөн удаа тогтоол гаргаж, 6.1 тэр­бум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Өнөөд­рийн байдлаар олон улсын бай­гууллагуудаас 1.1 сая ам.долларын тусламжийг 13 аймгийн 36 сумын малчдад хүргэсэн.  Мөн манай яам “Малчдадаа туслах сайн санааны  аян”-г зарлаж, ямар нэгэн тусламж хүрээгүй байсан 26 суманд тус бүр 10 тонн тэжээл, ахуйн хэрэглээний багцыг хүргэсэн. Эдгээрт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумыг хамруулсан.  Бэлчээрийн мал аж ахуй онцлогтой. Идэш тэжээлийнхээ дийлэнхийг бэл­чээрээс олж иддэг. Гэтэл их цастай газраас өвс олж идэж чадахгүй, хатуу цасыг удаан хугацаагаар цавчсаны улмаас малын шилбэ, туурай халцарч,  догол өв­чин нэлээд гарах тал ажиглагддаг.

-Хэдийгээр хаваржилт зарим аймагт хүнд байгаа боловч малчны хотонд аль хэдийнэ төлийн дуу цангинаад эхэллээ. Улсын хэмжээнд одоогоор хэчнээн төл хүлээн аваад байна вэ?

-Түүхэнд бичигдээгүйгээр малын тоо толгой өсч, улсын хэмжээнд 61.5 сая толгой малтай болж,  оны эхэнд 26.0 сая эх мал тоолуулсан. Ерөн­хийдөө манай улс тоолуулсан эх малаас жилд дунджаар 80 орчим хувиар төл авдаг. Энэ тооцоогоор 20.0 саяас доошгүй төл хүлээн авна гэсэн урьдчилсан тооцоо бий. Гэхдээ бичин жил хатуу, ширүүн гэсэн болгоомжлол байсан учраас малчид хээлтүүлэгчийг намар богино хугацаанд тавьсан. Мал зургаадугаар сарын 15 хүртэл төллөдөг учир эцсийн дүн гарах болоогүй. Одоогоор 1.8 сая эх мал төллөж,  1.7 сая төл бойжиж байна. Энэ нь гарсан төлийн 90 гаруй хувь бойжиж байна гэсэн үг.

-Хаврын улиралд малчдын санааг зовоодог нэг асуудал бол шар усны үер. Ийм эрсдэлтэй бүсэд аль аймаг багтаж байна вэ?  

-Сүүлийн үед орсон их хэмжээний цас болон гэнэтийн дулаарлаас болж шар усны үер буух аюул нүүрлэж мэднэ. Өвөл маш их цастай байсан Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Хэнтий аймгийн хойд, Дорнод аймгийн зүүн талын сумдад шар усны аюул нүүрлэх эрсдэл их байгаа. Түүнчлэн хуурайшилт ихтэй бүсүүд, ялангуяа зүүн аймгуудад хээрийн түймэр нэлээд гардаг. Тиймээс малчид цаг агаарын мэдээ мэдээллийг тогтмол авч, малд явахдаа дулаан хувцаслах, бага зэргийн шар тос, цагаан тос, ааруул, боорцог зэрэг идэх уух юмтай явах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх зэрэгт анхаарах шаардлагатай. Хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд цогтой үнс, нурам ил задгай асгахгүй байх хэрэгтэй.

-Сүүлийн үед малын гоц халдварт өвчин зарим аймагт гарч, хөл хорио тогтоох хэмжээнд хүрсэн. Одоогоор хэчнээн аймагт малын ямар өвчин гарч, түүнд салбарын яамнаас хэрхэн арга хэмжээ авч байна вэ?

-Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт  шүлхий өвч­нөөр Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр сум, Сүх­баатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Баруун-Урт, Мөнх­хаан, Сүхбаатар, Түмэнцогт, Эрдэнэцагаан сум, Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин сумын нийт 3583 толгой мал өвчилснийг зориудаар устгасан. Түүнчлэн хонины цэцэг өвчин долоон аймгийн 14 сум, нийслэлийн нэг дүүргийн нутагт давхардсан тоогоор 34 удаа гарч 2200 толгой малыг зориудаар устгаад байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:mal saihan tulluj bnaaa tsag agaar l saihan baigaasai 2017-03-29
Сумъяа:Манай бэлчээр үнэхээр доройтолд ороод байгаа гэдгийг анхаарахгүй бол мянга мал өсөөд бэлчээргүй бол хэцүүдэнэ 2017-03-29
zochin:naliin uchinuu hurdan arga hemjee awch araasai daa manai uls 2017-03-29
maam:manai nutagt ene jil tsas ih orsoon odoo l hailah gj bnaaa getel manai sumiis zasag noyon tsas gaigui gj yarih yumaa argagui ee huduu ywahgui sumiin tuvuusuu garahgui yum chine huurhiii 2017-03-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?