ОЮУТНЫ ДОТУУР БАЙРАНД “ГУУЛИН ТАЛ” КОМПАНИА БАЙГУУЛСАН ДАА

2017-04-05  

 "Гуулин тал” компаний Ерөнхий захирал Б.Батжаргал

-Өрөөнд чинь орж ирэхэд хазаар, ногт, ташуур, өлгөөтэй байгаа хурдан морины зураг нүдэнд туслаа. Сайхан харагдаж байна?

-Аав минь адуучин байсан учраас багаасаа адууны зах бараадаж өссөн. Энд тэнд явахдаа эмээл хазаар сонирхоно. Адууны захаар гарвал хурд шинжинэ. Хөдөө очихоороо хонь хариулж, адуу хурааж тархиа амраана. Сэтгэлийн их амралтыг малын бэлчээрт эдлэнэ шүү. Энэ морийг 1989 онд өвөг эцэг маань хөрөнгөө надад хүлээлгэж өгөхдөө эмээл хазаартай нь бэлэглэсэн. Би 1994 он хүртэл би наадамд унаж уралдсан. Гурван хүүхэд элээсэн хурдан буян шүү. Наадамд долоон түрүү арав гаруй айраг авсан. Хоёр наадамд оргуулаад алдчихсан. Уяа нь ороод ирэхээрээ адуугаа хаяад алга болчихдог юм. Эцгээ өнгөрснөөс хойш морь уясангүй. Гэхдээ ганц нэг даага шүдлэн уяж нутагтаа айраг уучихдаг юм.

-Та аль нутгийн хүн вэ?

-Говь-Алтай аймгийн Дэлгэр сум Гуулин багийн их талд өссөн. Үнэхээр морь уралдахад зориулагдсан юм шиг сунасан тал бий. Алдарт Лоохуус гэж хүн 50 гаруй жилийн өмнө Завхан голыг тэр талд урсгах гэж 3000 залуу цуглуулж суваг татсан. Түүний буянд нутгийн ард иргэд газар тариалан эрхэлж Гуулин багийг хөгжилд хүргэсэн. Улс 1996 онд онд усан цахилгаан станц барьж иргэд жилийн найман сард нь 24 цагийн цахилгаантай байсан. Миний хувьд ч гэсэн тэр нутаг төрснийнх өөрийнхөө хэмжээнд таарсан ачаалал үүрч, мөн Монголынхоо залуучуудыг ажил хийж сургах үүднээс "Гуулин тал” компанийг байгуулаад есөн жил болж байна.

-Компани эхлүүлэх тийм амар зүйл биш. Өмнө туршлага байсан уу?

-Залуус мөнгө, ажлын байр нь бэлэн зүйл дээр юм хийхийг хүсдэг. Би Эдийн засгийн дээд сургуулийн оюутны байранд л амьдарч байхдаа л компаниа байгуулсан. Хөдөөнөөс орж ирээд хэсэг "Хорго” зах дээр хэсэг гурил үүрсэн. Тэгж яваад 1999 онд "Мобиком”-д орсон. Эхлээд "Ньюсом”-д очсон чинь Болд-Энх гээд ах "Энэ хүүхдийг ажилд авалгүй яах вэ. Чи их бяртай юм билээ. Манайд яг тохирно” гээд авсан.

-Бяртай гэдгийг чинь яаж мэдсэн юм бэ?

-Аав Говь-Алтайгаас хүмүүсийн хоол унд цуглуулан ачиж ирдэг байсан. Ирэхээр нь айлууд руу би оруулж өгнө. Лифттэй байшин тэр болгон таараад байхгүй. Заримдаа шөнө ирнэ. Тэгээд л нэг өдөр бярууны мах үүрээд таван давхарт нэг айлд оруулж өгсөн юм. Тэр нь Болд-Энх ахын аавынх байсан юм билээ. Тэгж л намайг харсан гэсэн. Эгч, дүү хоёр оюутан. Би ажил хийхгүй бол болохгүй биз дээ. "Мобиком”-д ажлаад байвал болох л байсан. Гэтэл нэг өдөр компани байгуулмаар санагдаад зөвлөлгөө өгдөг хүн дээр очлоо. Байгаа нь 45 мянган төгрөг. Тэр ах харин сайн хүн таарч бичиг баримтыг минь бүрдүүлж өгсөн. Данс нээлгэх гээд оюутны байрнаасаа хороололд банкинд ажилладаг найз дээр алхаж ирсэн. Байгаа арван мянган төгрөгөөрөө дансаа нээлгэчихээд буцаад алхана биз дээ. Ядаж автобусанд суух 100 төгрөг ч байхгүй юм. Хэд хоногийн дараа гэрчилгээ, тамга гарчихлаа. Очиж аваад байрандаа ирлээ. Ах нартаа хэлсэн чинь жаахан дурамжхан. Бараг л үгүйсгээд л. Миний хийх ажил нүдэнд харагдаад байдаг. Хүн ер нь хөдөлмөрлөж байж ард нь мөнгө байдгийг ойлгох хэрэгтэй.

-Ямар ажил нүдэнд чинь харагдаад байсан юм бэ?

-Холбооны салбар ид хөгжиж байсан үе. Холбооны тоног төхөөрөмжийн угсралт, барилга байшингийн цахилгаан, дотор засварын ажил гээд нүдэнд харагдаад байсан юм. Намайг компани байгуулаад ирэхэд "Мобиком”-ын Санхүүгийн алба, Техникийн албаны захирлууд маш сайхнаар хүлээж авсан. Тэдний нөмөр нөөлөг хөл дээрээ зогсоход их дэмжлэг болсон. Тухайн үед байгуулагдсан холбооны салбарын олон компани надаас зөвөлгөө авч манайхаар дамжиж ажлаа хийлгэж байсан. 2002 онд МСS-ийн дотоод сүлжээг ажлын хажуугаар хийж байлаа. Мөн Сангийн яамны ажлыг 14 шөнө хийсэн. Халтуур юм даа. Энэ нь их туршлага болж байгаа юм. Төрийн дуулал эгшиглэж байхад хоолонд орчихоод байрандаа ирж 30 минут унтаад "Мобиком” руу ажилдаа гүйдэг байлаа. Хорин хэдэн настай байхад 30 минут унтахад л босоод ирнэ. Залуу насны аагаар бол их ажлыг амжуулсан даа.

Image may contain: one or more people, sky, mountain, outdoor and nature

-Компаниа байгуулж байхад хэдтэй байсан бэ?

-23 настай. Манай ах нар "Чамд компани дэндүү ахдана. Нөхөрлөл юм уу хоршоо байгуул” гэж байсан цаг. Жилийн дараа Зуун айлд жижиг өрөө түрээсэлж нятлантайгаа тавуулаа болоод орж байлаа. Анх тайлангаа хүнээр бичүүлээд татвар дээр очлоо. "Болоогүй байна, өөрийн гараа дахин хуулбарлаж ир” гэв. Очих бүрт хуулж бич гээд байдаг. Найм дахь удаагаа очсон чинь нэг юм хэлэх гэж байна. Тэгэхээр "Ах аа, би найм дахь удаагаа ирж байна шүү дээ” гээд хэлчихлээ. Өөдөөс харснаа "Аан тийм билүү. Тэгвэл болсон. Одоо энд бичсэн хэдэн тоогоо цээжилсэн биз” гээд авсан. Яагаад гэхээр компани байгуулж буй хүн, хүнээр хийлгэх биш тайлангийн хаана ямар тоо байдаг гэдгийг мэдэж авах л байгаа юм. Хэрвээ тэр ах надаар олон дахин хуулуулж бичүүлээгүй бол өнөөдөр нятлангаа ямар тайлан бичээд байгааг би мэдэхгүй явах байсан. Жирийн хүн ч гэсэн сайхан сэтгэлээрэ надад туслаж сургамж зөвөлгөө өгч байсан шүү.

-Үндсэн хөрөнгө юутай байв?

-Ээ, бараг байхгүй дээ. "Чи ямар үндсэн хөрөнгөтэй юм” гэж байна. "Оюутны байранд амьдарч байсан хүнд юу байх вэ” гэсэн. Гэтэл телевиз, хөргөгч, компютер гурав маань нийлээд сая 350 мянган төгрөгийн үндсэн хөрөнгө болж байгаа юм. Их тоо шиг санагдсан шүү. Бид хагас жил болоход 60 сая төгрөгийн ажил хийсэн. Гурав дахь жил рүүгээ орж байхад хамт ажиллаж байсан хоёр нөхөр маань хаяад явсан. Тэгээд л хэсэгтээ ганцаараа зүтгэсэн. Хүнд хэцүү үе олон. 2008 оны эдийн засгийн хямралыг ажлаас нь хүн халаагүй, цалинг хасалгүй давж гарсан.

-Хүн бүр ажлынхаа ямар нэгэн зүйлээр бахархдаг. Таныг хувьд?

-Аймгуудад анхны гар утасны сүлжээг оруулах гээд очиход Засаг даргаас нь авахуулаад дайлж цайлаад сүйд болдог.УИХ-ын гишүүд хүртэл тойрогтоо гар утасны сүлжээтэй болох гээд дуудаж уулзана. Хааяа би боддог юм. Малын бэлчээрт эсгэрч яваад насыг барах байх гэж бодсон чинь УИХ-ын гишүүдийн өрөөнд залагдаж очоод л хэ хэ хэ. Надад үнэхээр сайхан байсан. Одоо хаана ч очсон захын малчин мессеж уншаад сууж байдаг. Үүнийг хараад би ажлаараа бахардаг. Бүх аймаг 180 гаруй сумдад анхны сүлжээг оруулж байлаа. Ард түмний хүслийг биелүүлж байгаадаа урамтай явдаг. Хотод суугаа хүүхэд рүүгээ "Манайд сүлжээ орсон. Удахгүй очиж гар утас авна аа” гээд ярихыг сонсох сайхан байгаа биз. Ер нь дандаа шинэ үеийн дээш тэмүүлсэн ажлыг хийх урамтай шүү. Ажиллаж байгаа залуучуудад маань олон талын чадвартай болдог. Харамсалтай тийм хүмүүсийг өөр байгуулгууд авчих гээд их сандаргадаг . "Мобиком”, "Скайтэл”, "Юнител” гээд кампаниудад "Гуулин тал”-ын "школ”-той олон залуу бий.

-Чадварлаг ажилтнаа алдчихаад дахин шинэ хүн сургахад хэцүү биз дээ?

-Хүн ажил сольж болно. Хамгийн гол нь дайсан болохгүй, эргээд найзууд байх нь чухал. Гадаадын том компани хоёр сая ажилчнаа халлаа л гэх юм. Гэтэл Монгол Улс 2,7 сая хүн амтай. Ийм л цөөхөн юм чинь нэг нэгнийгээ хүндэтгэж байх ёстой биз дээ. Зөв атаархаж сурах хэрэгтэй. Хэн хаана гурил үүрч, тэрэг түрж байсан хамаагүй. "Мангар бацаан томорчихож” гэхээсээ илүү энэ нөхөр яаж яваад компани байгуулаад өөрийнхөө амьдралыг аваад явна гэдгийг л чухал. Тийм сэтгэлтэй байгаасай. Атаархал өөрөө зөв байж хүн амьдралдаа бусдаас суралцана. Дарга даргаараа төрдөггүй.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ. Холбооны чиглэлээр үү?

-Үгүй ээ. Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд наймдугаар анги төгссөн. Сүүлд нь гурил үүрч байхдаа ичнээгээр бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Харин одоо Санхүү эдийн засгийн дээд сургуулийн бямба гаригийн ангид явж байгаа. Анх удаа оюутны ширээд очиж байгаа минь энэ. Яагаад гэхээр компаний ажил надаас шалтгаалаад байхааргүй болсон. Тийм учраас эрдмийн мөр хөөж байна. Хүнд хэлбэл ичмээр дамшиг даа гэдэг шиг хэ хэ.

-Хотод анх ирэхдээ сурья гэж ерөөс бодоогүй юу?

-Юун тийм юм бодох. Найм төгсөх жил ах цэрэгт явчихлаа. Аавын бие ч жаахан тааруу. Хэдэн малаа бараадах хүн надаас өөр байсангүй. Амьдралын шаардлагаар гэх үү дээ мал дагасан. Харин ах цэрэгт зургаан сар болоод халагдаад ирлээ. Ах миний дүү хот орж ажил хий гэсэн. Нэг өглөө гэнэт шийдээд ээжийн сарын цалин болох 25 мянган төгрөгийг нь аваад ЗИЛ 130-д суугаад хотыг зорьсондоо. Наймдугаар ангийн хонхны баяраар авсан хослол байсан. Тэрийгээ ч аваагүй. Үнэгэн лоовуузан малгай, монгол гутал, үстэй дээлтэй солих ч хувцасгүй хүн авга эгчийндээ буусан. Эгч контейнер дээр зогсдог байсан. Одоо Тү Дэ Мүн саун чинь "Хорго” гээд зах байсан. Тэнд би эгчийг бараадаж гурил үүрч ажлын гараагаа хэлсэн. Хоёр гурван сарын дараа үнэгэн лоовууз, үстэй дээл, монгол гутлаа сольчихсон. Аав ээж рүүгээ гурил будаа явуулаад, оюутан эгчдээ мөнгө илүүчилдэг болчихсон. Авга эгчийгээ л дагаж бизнест дөртэй болсон.

-Контейнерт гурил зардаг байсан уу?

-Үгүй ээ. Одоо бодоход инээдтэй санагддаг. Би хөдөөний улаан хацартай хүүхэд гоо сайхны бараа зараад зогсч байлаа. Нөгөө янз бүрийн бичиг энэ тэрийг уншиж чадахгүй. Чи бод л доо. Сумын сургуульд наймдугаар анги төгсөөд малын бэлчээрээс ирсэн хүн чинь гоо сайхныы бараа зарна гэдэг ямар байх уу. Хийж үзээгүй ажил ховор. 2000 онд хувийн орон сууц эд баригдаж байхад "Мобиком”-ын ах нартайгаа нийлээд барилга барьж байлаа. Ганхуяг, Гантулга, Батхуяг гээд сайн ах нартай тааралдсан. Хэдий арав гаруй насны зөрүүтэй ч намайг мангар бацаан гэж голохгүй дагуулаад л явсан. Би хааяа ажил хийлгэхгүй алга болчихно. Гэтэл цалингаа яг адилхан хуваадаг байсан. Намайг алга болдог эрхлээд юм хийдэггүй гэж ганц удаа алаг үзэж байгаагүй.

- Одоо бол ажиллаж чадахгүй бол яв гэх нь элбэг болсон шүү?

-Бид залхуу юм хийдэггүй, эрч хүч байхгүй гээд залуучуудаа муулж байна. Тэднийг арай гайгүй яваа нь дагуулж ажилд сурган чирэх ёстой. Ажил хийж чадахгүй хариуцлагагүй гээд яваад байвал нэг мэдэхэд хятад ажилтнаар Монгол Улс дүүрчихсэн залуучууд нь идэхээс өөрийг чадахгүй болчихсон байх вий. Бид Арабууд шиг өв залгамжлагч баячууд биш. Өнөөдөр манай компанид 40 гаруй залуу байна. Ямар ч байсан би энэ хэдийгээ чирээд сайн мэргэжилтэн л болгоно.

 

Оюутны дотуур байранд “Гуулин тал” компаниа байгуулсан даа

 

-Нээрээ, хятад ажилчин их болж байна шүү?

-Монгол хүн нэг нэгэндээ итгэхгүй байгаад гайхдаг. Яах вэ тэд нэг удаа алдсан байж болно. Гэтэл онох өдөр тэдэнд бий. Хятадуудаар барилга бариулж байна. Нэг салхинд нураад унахад хил даваад явчихсан тэднийг хаанаас олох юм бэ. Залхуу хойрго ч гэсэн Монголын залуус илүү сэтгэдэг, хүч тамиртай ч байдаг. Бидний голоод байгаа монгол залууг гадаадад сонирхож байна. Хөөрхий тэд байр машин хоёрын төлөө эрүүл биеэ золиослон Солонгосыг зорьж байна. Уг нь нэг компанид арван жил ажилласан залууг төрөөс 50 хувийг төлөөд байр өгөх хэрэгтэй. Тэгвэл залуус гадагшаа явахгүй. Залуу гэр бүл салж байгаа нэг том шалтгаан энэ. Салалтаас хүүхэд өнчирнө.Залуучууд руу хандсан бодолгыг зөв явуулах хэрэгтэй. Манай ажилчдаас 29 хүн Солонгос явсан байна. "Солонгос явлаа” гээд ороод ирэхэд би ямар байр, машин хоёроор хангаж чадах биш "Сайн яваарай. Буцаж ирээд ажилдаа ороорой” гэж хэлдэг. Мөн залуус бас нэг алдаа байна. Тэр нь нэг их цэвэрхэн цагаан гар гаргачихаад ширээний ард том том юм ярьж суух хообий. Хүн бүр тийм болохгүй л дээ.

-Дээд сургууль төгсчихөөд энд хар ажил хийх хэцүү. Солонгост бол ямар хүн таних биш гээд явж байна л даа?

-Дээд сургууль төгсчихөөд яагаад гурилд үүрч болохгүй гэж. Хүн чадаж байгаа л хий. Сургууль нь түүнд юм зааж өгөөгүй л байхгүй юу. Аж ахуйн ажлыг хийж сурах хэрэгтэй. Үеийнхэн дундаасаа харж байхад баян айлд эрх танхи өссөн хүүхэд, ядуухан амьдралаар бойжсон хүүхэд хоёрт амьдралын маш том ялгаа байдаг. Хар бор ажилд гаршсан нь сайн явж байна. Тэд нартай уулзахад аз жаргалтай амьдарч яваа харагддаг. Цэвэрхэн хувцас өмсчихсөн ямар ч их зан байхгүй. Гэтэл баян айлын гэх хүүхэд өр, зээл гээд зовлон бэрхшээл тоочих нь их байдаг.

-Хүүхэд байхаасаа хөдөлмөрлөсөн хүмүүсийг төрөөс дэмждэг бол, тийм ээ?

-Машин угаагаад зогсч буй хүүхдүүдийг өрөвддөг. Өдөржин усанд зогсоод хөлсөө урсгаж байгаа тэднийг дэмжээсэй. Ихэнх нь эмэгтэй хүүхдүүд байдаг. Тэд амархан мөнгө олдог буруу зам руу орчих юм бол хэцүү. Сэтгэлгээ нь маш тогтворгүй байгаа. Гудамжинд үлгэрийн ном, бохь, шорлог зараад зогс буй хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Тэд хулгай хийгээгүй. Нойроо хугаслан шөнө дөлөөр шорлог зараад зогс буй хүмүүсийг цагдаа нар хөөхийн оронд эрүүл ахуйн байдлыг шалгаад ч юм уу. Гал алдахгүй байхыг сануулаад ажлыг нь хийлгэх ёстой. Хятадын ногоо идэж байснаас адууны шарсан мах чинь арай дээр биз дээ. Сүүлийн үед баян хоосны ялгаа асар их гарч байна. Хөдөлмөрлөж буй хүнийг төр дарамталж болохгүй. Шөнө залуучуудад очих газар хийх юм хаана байна. Шөнө ч гэсэн талбай дээр наймаа дэлгэх хэрэгтэй. Өдөр нь зах гарч амжаагүй хүмүүс 19 цагаас шөнийн 02 цаг хүртэл ажилладаг зах дээр орно шүү дээ. Тэднээс татвар аваад цэвэрлэгээ тохижилт хийх ёстой. Ингэвэл ажлын байр нэмэгдэнэ. Гэтэл 10 цаг гээд бүх юмыг хаачихдаг. Ганцхан баар л онгорхой байдаг. Ингэж монголчуудыг олон цаг унтуулсаар залхуу ард түмэн болгшож байна. Шөний хоёр цагт ч гэсэн автобус явдаг баймаар байна. Залуучууд орой суугаад ажиллах гэхээр автобус нь зогсчих гээд хэцүү.

-Нэг хэсэг манайхан чинь аялал жуулчлал гэж туйлширсан. Одоо бол уул уурхай ярьж байна?

-Манайд байгаа нь энэ л дээ. Гэхдээ зөв зохион байгуулалт хийж 2,7 сая монголчуудын хоолны таваг адилхан хэмжээнд дүүрэн байх ёстой. Аялал жуулчлал бол манайд хөгжихгүй. Хөгжүүлж ч чадахгүй. Онгоцны буудлаас хэдэн жуулчин аваад Хар хорин ч юм уу нэг тийшээ хол газар аваад явна. Гэтэл Хар хорин орох замд 50 км бүрт жижиг үзэсгэлэнгийн цэгүүд байгуулах ёстой. Тэр бүхэнд жуулчдыг заавал оруулах хэрэгтэй. Төв аймгийн Лүн сумын онцлогийг харуулсан газар. Цаашаа нь Өндөрширээт, Эрдэнэсант, Рашаант, Гурван булаг сум бий. Тухайн сумын газрын зургийг харуулсан түлхүүрийн оосор яагаад байж болохгүй гэж. Өвөрхангай аймгийн бүх сумдаар явж ирээд цуглуулсан түлхүүрийн оосороо эвлүүлэхэд тухайн аймгийн газрын зураг бүрэлдэж байдаг. Бүх аймгаар яваад түлхүүрийн оосороо цуглуулахад Монгол Улсын газрын зураг бүрддэг байвал гоё биз дээ. Жуулчид ч гэсэн очоод ярих юмтай. 50 км яваад бие засуулдаг газартай. Тэнд тамхи, сальфитикнаас аваад юмнууд байвал жуулчид авна шүү дээ.Хөдөөний малчин ч гэсэн цагаан идээ борлуулж байх ёстой. Аймгийн төвийн музейг заавал үзүүлэх ёстой. Тэгж байж жуулчдын мөнгийг Монголд авч үлдэх ёстой. Дэлхийд аялал жуулчлал энэ маягаар хөгжсөн байдаг.

-Наадам энэ тэр зохион байгуулж өгөөд л үзэх юм ч гэсэн байх ёстой. Тийм үү?

-Хэдэн хүүхдийг барилдуулаад түрүүлсэнд 100 доллараар нэг жуулчин өгч чадна. Түүгээр хичээлийн хэрэгсэлээ тэр хүүхэд аваг л дээ. Морь уралдуулаад түрүүлсэн моринд нэг жуулчингаар шагнуулчих. Сэтгэлийн хөөрөлтэй гадныхан бол 300 доллар өгнө. Яагаад гэхээр тэд очоод найз нартаа зургаа үзүүлээд "Би морь уралдуулж шагнасан” гээд ярина. Мөнгө олох цэвэр арга бол энэ.

-Бөх гэснээс танай компани бөхчүүдийг их дэмждэг. Та бөхөд хообийтой учраас тэр байх?

-Би өөрөө аймгийн начин цолтой. Бэлтгэл хийгээд барилдаад явахаар ар талын бизнес зогсчих гээд чадаагүй. Хамгийн анх Төв аймгийн Одгэрэл гээд залууг дэмжиж байлаа. Аймгийн аварга шалгаруулах барилдаанд түрүүлээд, Баянхонгорт болсон УАШТ-д бас түрүүлсэн. Жүдогоор алт, самбогоо мөнгө гээд олон медалийг над дээр ирснийхээ дараа авсан. Жил гаруй барилдаад Япон руу мэргэжлийн сүмод үдэж өгсөн. Хүнд бэртэл авсан болохоор сайн барилдаж чадсангүй. Харин амьдрал сайхан яваа шүү. Тэр залуу "Та бөхөд их ээлтэй хүн юм. Дэмжвэл таны бөх сайн явах юм байна шүү” гэсэн. Түүнээс хойш найз нөхдийгөө их дэмжсэн. Санаснаар харин барилдаагүй.

-Ж.Бат-Эрдэнэ гарьд анх танай компаний нэр дээр барилддаг байсан?

-2003 онд Хоршоолол дээр улаан хацартай хүүхэд бэлтгэл хийж байхыг харсан. Дараа хайгаад олоогүй. Гэтэл "Мобиком”-ын ажилтай явж байгаад ахтай нь таараад маргааш нь Ж.Бат-Эрдэнийг дуудуулсан. Би 23-тай, Ж.Бат-Эрдэнэ 14 настай байсан. Тэгээд л "Чи бэлтгэл сайн хий, ах нь сар бүр 30 мянган төгрөг өгнө” гэсэн. Тэр мөнгийг Ж.Бат-Эрдэнэ зөв зарцуулж чадсан. Үр дүн нь гарсан. Анх 14-тэй хүүхэд дагуулж явахдаа улсын гарьд болно чинээ зүүдлээ л байсан. Гэхдээ сайн барилдана гэдгийг нь мэдэж байсан.2005 онд аймагт очиж барилд гээд Сүхбаатар руу замынх нь зардлыг өгөөд ахтай хамт явуулсан. Хоёрын даваандодоогийн аварга Мөнхбатад унасан юм билээ. Анхны наадам тэр. Тэр жилээ сумын заан цолтнуудын барилдаанд манай ажилтан Балжинням түрүүлж, Ж.Бат-Эрдэнэ үзүүрлэв. Тэрнээс хойш сайн ч барилдсандаа. Арванхоёрдугаар сарын сүүлээр хүрээд ирлээ. "Ирэх жил чи бэлтгэлээ яаж хийх юм, ямар амжилтад хүрэх юм. Тайлангаа бичиж өг” гэж шахсан. Цалин урамшуулал ч өглөө. 2006 оны хавар цэргийн заан цол авлаа. Говь-Алтайд очиж аймгийн арслан боллоо. 2007 оны наадмын өглөө утасдаж байна. Гэрт нь очиж хоол унт идээд цэнгэлдэх рүү аавтай нь цуг гурвуулаа явлаа. Цэнгэлдэх рүү алхаж явтал би газраас 100 төгрөг оллоо. "Өнөөдрийн наадамд бид нар юм дуулгах юм байна. Манай Ж.Бат-Эрдэнэ цол авах юм байна” гэж аавд нь хэллээ. Тэр наадамд би хоёр давж Ж.Бат-Эрдэнэ начин болсон доо.

-Яагаад компаниа солих болсон юм бол?

-Би хэлсэн юм. "За чи сайн барилдаж байна. Цолонд ч хүрчихлээ. Одоо дээшээ барилд, эхнэр авч, амьдралаа бод. Ах нь тэр зэрэгт бол тэжээж чадахгүй” гэж хэлсэн. "Алтай констракшн” –д очсон. Тэндээс орон байр бүх юмаар нь хангаж миний дүүг сайхан авч яваа шүү. Би начны найран дээр очиж жижиг машин өгсөн. Миний хэмжээ тэр. Түүнээс хойш жаргал зовлогоо хуваалцсан гэр бүлийн сайхан найзууд болсон.

-Та хэдийд аймгийн начин болсон бэ?

-2006 онд Говь-Алтайн Тонхил суманд сүлжээ оруулчихаад буцах явахдаа аймгийн наадамдаа барилдаж начин болсон. Манайхаас улсын начин, аймгийн заан нэг нэг, аймгийн начин зургаа төрсөн компани шүү. Дандаа манайд ажил хийж байсан залуучууд. Наадам тэднийгээ аваад бэлтгэлд гардаг. Манайх чинь бөхөөр амьсгалсан компани шүү. Сүүлийн хэдэн жил Дэлгэрэх сумаасаа бөх түрүүлэхийг хичээж байна. "Гуулин тал” гэдэг нэрээр хүүхдүүд их омогшдог шүү. Эндээс бөхчүүд төрөөд байдаг юм л даа. Хүүхдүүд маань сүүлийн хоёр жил сумынхаа наадмыг алдахгүй болсон. Энэ бол миний хийсэн ажлын үр дүн гэж боддог шүү. Түүгээр бахархдаг.

 

 

 

Эх сурвалж : Tonshuul.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?