ҮҮЛЭНД ЗОРИУДААР НӨЛӨӨЛЖ БОРОО ОРУУЛАХ АЖЛЫГ ХИЙНЭ

2017-06-15  

Төрийн ордонд Шадар сайд У.Хүрэлсүх  Говь ХХК-нд гарсан галын талаар мэдээлэл өглөө. Галыг дотогш нэвтрүүлэхгүй унтрааж чадсан, дотогш гал нэвтрээгүй гэдгийг онцоллоо. Дээвэрт гарсан галын 80 хувийг унтраасан гэлээ. Гал бүрэн унтраагүй дахин 4-5 цаг ажиллах шаардлагатай гэлээ.

Мэдээллийн үеэр онцгой Байдлын хурандаа С.Залуухүү нэмэлт мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ Улаанбаатар хотод 4 дүүргийн 16 газарт ойн түймэр гарсан. Одоогоор асаж байгаа таван түймэр байна. Улсын хэмжээнд 53 суманд 95 удаагийн ой хээрийн түймэр гарсан гарсан, түймрийг унтраахаар 4,000 гаруй хүн 583 техник хэрэгсэл ажиллаж байна. Цаашид үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулах ажлыг нэн даруй хийх хэрэгтэй гэж мэдэгдлээ.

Хэт халалтаас түймрийн гаралт ихэссэн учраас Шадар сайдад дараах саналыг хүргүүлээд байна.

Үүнд :

- Ой хээрийн гал түймрийн эрсдэлтэй газруудад үүлэнд зориудаар нөлөөлөх

- Түймрийн зургийг яаралтай гаргах

- Холбогдох байгууллагуудад чиглэл хүргүүлэх

- Төв, Хэнтий аймгийн суманд гарсан түймэрт Зэвсэгт хүчнээс 50 хүнтэй баг хүч нэмэх" шаардлагатай байгаа дурдлаа.  

Дээрх саналыг Шадар сайд хүлээн авч, цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор шуурхай шийдвэрлэж ҮҮЛЭНД ЗОРИУДААР НӨЛӨӨЛЖ БОРОО ОРУУЛАХ АЖЛЫГ зохион байгуулахыг үүрэг болголоо. 

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДААС ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ТАЛААР ХОЛБОГДОХ ЯАМ,

 АГЕНТЛАГ, АЙМАГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ ӨГӨХ ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ

2017 оны 06 дугаар сар 15-ны өдөр

Улсын хэмжээнд 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 11 аймгийн 49 суманд 79 удаа нийт 95 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртөж шатсан байна.

Энэ оны эхний 6 сард гарсан ой, хээрийн түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 17,5 хувиар өссөн. Цаг уурын байгууллагаас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр нийт нутгаар 6 дугаар сард хуурайшилт нэмэгдэж ой, хээрийн гал түймрийн эрсдэл ихсэх хандлагатай байгаа тул дараах үүргийг холбогдох яам, агентлагт хүргүүлж байна.

Нэг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Улсын Онцгой комиссын гишүүн Д.Оюунхоролд

1.1. Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар албан даалгаварын хэрэгжилтийг хангуулан Ойн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу хуурайшилтын улиралд ойн сангаас мод бэлтгэх, ойн дагалт баялагийг ашиглах, аялал зугаалгаар явах үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлаж, хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг сайжруулах.

1.2. Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд ой, хээрийг түймрээс  урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх

1.3. Цаг агаарын мэдээлэл, сансрын хиймэл дагуулын мэдээгээр авсан ой, хээрийн гал түймрийн голомт, тархалтын зураг, хуурайшилтын мэдээг шуурхай боловсруулан Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлж байгаа ажлыг баяр амралтын өдрүүдийг харгалзахгүй шуурхай зохион байгуулах.

1.4. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг боломжтой нөхцөл байдалд хэрэгжүүлэхийг,           

Хоёр. Аймаг нийслэлийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга нарт

2.1. Түймрийн эрсдэл ихтэй бүс нутгуудад хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтын цэг ажиллуулах, урамшуулалт морин эргүүлийг зохион байгуулах

2.2. Түймэр унтраах ажилд дайчлах гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бэлтгэл бэлэн байдлыг хангуулан Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай”  албан даалгаварын биелэлтийг хангуулах.

2.3. Түймэр унтраах ажилд дайчлагдан ажиллаж байгаа алба хаагчдад шаардлагатай хангалтын ажлыг шуурхай зохион байгуулах /багаж хэрэгсэл, шатах тослох материал, хоол хүнс, эмнэлгийн үйлчилгээ г.м/

Гурав. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадралд

3.1. Ой, хээрийн гал түймрийн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, техник багаж хэрэгслийн бэлэн байдлыг өндөр хэмжээнд хангуулан, түймрийг шуурхай унтраах ажлыг зохион байгуулан ажиллах.

3.2. Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал хүндэрсэн үед мэргэжлийн анги, албад, нутгийн иргэдийг татан оролцуулах, шаардлагатай тохиолдолд Зэвсэгт хүчин , Хил хамгаалах байгууллагаас дэмжлэг авах саналаа холбогдох журмын дагуу яаралтай танилцуулан шийдвэрлүүлэх.

Дөрөв. Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөрд

4.1. Улсын онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дугаар албан даалгаварын хэрэгжилтийг хангуулан ой, хээрийн түймрийн шалтгаан нөхцөл, эзэн холбогдогчийг хуулийн дагуу тогтоон хариуцлага хүлээлгэх ажлыг эрчимжүүлэх.

4.2. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл, хяналт шалгалтын цэг ажиллуулан, ногоон бүсэд зорчих иргэд ялангуяа нийслэлийн ногоон бүсэд зорчих иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах хяналт тавих ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж ажиллах.

 

 

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД,

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ

 

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?