ИХ БАНДИДА ТИПИТАКАДХАРА УГАНДХАМАЛА ХУВАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧЛАХ ГЭЖ БАЙНА

2017-06-21  

Бурхан багшийн айлдсан 84000 цогц судрыг төгс эзэмшиж Типитакадхара цолыг хүртсэн Их бандида Типитакадхара Угандхамала хуврага манай улсад айлчлах гэж байна. Энэ их хуврага Монголын Випашяна бясалгалын Дхамма Махаана төвийн урилгаар 2017 оны 6-р сарын 26-наас 7-р сарын 5-ны хооронд Монгол оронд залрах гэж байна. Их бандида Типитакадхара Угандхамала хуврагын тухай товч өгүүлэхэд Бурханы үед лам хуврагууд Випашяна бясалгалд шамдаж төгс гэгээрэлд хүрээд тэр л гэгээрэлд хүрэх аргыг шавь нарт заах үйл эрхэлдэг байсан бол зарим нь Бурханы айлдсан Ганжуурын гурван сав аймгийг хэсэгчлэн болон бүхлээр нь судалж цээжлэн тогтоогоод шавь нарт заан сургах гэсэн хоёр үндсэн үүрэгтэй байсан ажээ.

Ганжуурын судрын аймгийг бүгдийг нь судлан цээжлэн тогтоосон хуврагат Бурхан Суттадхара буюу Судрыг эзэмшигч цол, Винайн аймгийг судалж цээжлэн тогтоосон хуврагат Винядхара буюу Винайн аймгийг эзэмшигч цол, Абидхаммагийн аймгийг судлан цээжлэн тогтоосон хуврагат Абидхаммадхара цол олгож байсан бөгөөд эдгээр гурван сав аймгийг гурвууланг нь судалж цээжлэн тогтоосон хуврагат Типитакадхара буюу гурван сав аймгийг эзэмшигч цолыг хүртээж байсан билээ.

Лам хуврагуудын хийх ёстой үндсэн энэ хоёр чухал үүрэгт ажлыг өнөө ч гэсэн Бирм улсын лам хуврагууд гүйцэтгэсээр байгаа бөгөөд өнөө үед Випашяна бясалгал хийж гэгээрлийн шатуудад хүрсэн хуврага олон байгаагаас гадна Бурханы айлдсан Ганжуур Данжуурын судруудыг бүхлээр нь төгс судалж цээжлэн тогтоож Типитакадхара цол хүртсэн хуврага 20-21-р зуунд Бирм улсад 13 гарсан бөгөөд тэднээс өнөө үед Бирм оронд алдаршсан их хуврага бол Их бандида Типитакадхара Гандхамала хуврага юм.

Энэ их хуврага нь 1968 оны 2-р сарын 19-нд Бирм улсын Мандалай хотод мэндэлсэн бөгөөд 9 настайдаа төрөлх хотын Буддын их хийдэд шавилан сууж суралцаж эхлээд удалгүй ой тогтоолт хурц билгүүнээрээ онцгойрон шалгарч залуу хуврагуудын дунд зохион байгуулагддаг шалгалтанд 1-р байр эзэлж Ганжуур Данжуур цээжлэн судалж Типитакадхара болох амаргүй үйлсэд шамдаж Бирмийн хосгүй мэргэн лам нарыг түшиглэн суралцаж эхэлжээ.

1988 онд 20 настайдаа Гэлэн сахил хүртэж төгс хуврага болж буянт сүсэгтнүүдийн дэмжлэгтэйгээр ээлж дарааллан шалгалтуудыг амжилттай өгсөөр 2001 онд 33 настайдаа Бурханы айлдсан 84000 цогц судрыг төгс эзэмшиж Типитакадхара цолыг хүртжээ. Энэ их хуврага манай төвийн урилгаар 2017 оны 6-р сарын 26-наас 7-р сарын 5-ны хооронд Монгол оронд залрах гэж байна.

Их хуврага Типитакадхара Угандхамалагийн айлчлалын хөтөлбөр

❖ 6 сарын 26-нд Чингис хаан нисэх онгоцны буудалд өдрийн 12 цагт бууна

❖ 6 сарын 27-нд Випашяна бясалгалын Дхамма Махаана төвд айлчилж Том төвийн шав тавих зан үйлийг үйлдэж дараа нь бясалгагч нарт "Ганжуур ба Ганжуурыг эзэмшигч хувраг" сэдвээр ном айлдана

❖ 6 сарын 28-нд Бакула багшийн Бэтүв хийдэд "Винайн ёс болон Винайн аймаг" сэдвээр сүсэгтэн болон лам хуврагуудад ном айлдана

❖ 6 сарын 29-ны өглөө 9:00 цагт МУИС-ын дугуй зааланд олон нийтэд "Абхидхамма болон Абхидхаммагийн аймаг" сэдвээр сургаал айлдана

❖ 6 сарын 29-ны 14:00 цагт Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд "Судар хийгээд Судрын аймаг" сэдвээр ном айлдана

❖ 6 сарын 30-ны 16 цагаас Дархан хотын Comfort hotel-ын хурлын зааланд олон нийтэд ном айлдана

❖ 7 сарын 1-ны 12:00 цагт Эрдэнэт хотын Амгалан оршихуйн ордонын хурлын зааланд олон нийтэд ном айлдана

❖ 7 сарын 3-ны 12:00 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хурлын зааланд олон нийтэд ном айлдана.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?