Энэ оны Монголын улс төрийн хамгийн том үйл явдал болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших улс төрчдийн тоонд МАН-аас М.Энхболд, МАХН-аас Н.Энхбаяр, АН-аас Н.Алтанхуяг гэдэг нэр л сонсогдож байснаас биш С.Ганбаатарын нэр сураггүй байсан. Түүнийг дэвшүүлэх улс төрийн нам ч байгаагүй, үнэндээ. Тиймээс С.Ганбаатарыг дэвшинэ гэдгийг зүүдлээ ч үгүй, тооцоолоо ч үгүй. Гэтэл цаг үе түүнийг санан дурсах биш, гол тоглогчийн нэг болгож хувиргасан үйл явдал өндөрлөлөө. Түүнийг дэвшүүлэх нам байгаагүй ч, ерөнхийлөгч болох түүний хүсэл мөрөөдөл бол байсан.
О.Баасанхүүгийн ачаар УИХ-д суудалтай болсон МАХН бол МАНАН-гаас салах цорын ганц боломжийг улс төрийн гуравдах хүчнийхэнд хадгалж үлдсэн. Дээр нь эрх баригчдын зүгээс Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаярын өрсөлдөх эрхийг нь хаасан нь С.Ганбаатарт дэвших мөрөөдлөө хэрэгжүүлэх үүд хаалгыг нээсэн. "Өөр гарц байна. Бидэнд итгэ" гэдэг уриаг дэвшүүлж, МАХН-ын даргатай гар гараасаа атгалцсан фото зурагтайгаар Ганбаатар сурталчилгаагаа эхлүүлсэн. Түүнийг МАН-ын дарга М.Энхболдыг шахах хэмжээний өндөр санал авна гэдгийг улс төр судлаачид урьдчилан таамаглаж чадаагүй ч, эхний судалгаанаасаа хүчтэй өрсөлдөнө гэдэг дохио илэрснийг бие даасан судлаачид өгүүлсэн байдаг. Газар шороо, тусгаар тогтнолоо бүтнээр авч үлдэх, эдийн засгийн хараат бус байдалыг бий болгох, оффшорчидтой тэмцэж, тэдний хулгайлсан мөнгийг Монголд буцаан авчирч иргэдийхээ амьдралыг сайн сайхан болгох, шударга ёсыг жинхэнэ ёсоор нь сэргээх зэрэг мөрийн хөтөлбөр нь өмгөөлөх хамгаалах эзэнгүй орхигдсон жирийн Монголчуудын сэтгэлд нийцсэн. Тавхан хоногийн өмнө намд нь элсэж нэр дэвшсэн Ганбаатарын энэ мөрийн хөтөлбөр нь Н.Энхбаярын сар жилээр сууж боловсруулсан хөтөлбөр байлаа. Тиймээс ч ард иргэдийн сэтгэлд нийцсэн. Сурталчилгаагаа нөгөө хоёр нэр дэвшигчээсээ харьцангуй бага хийсэн ч, оновчтой байсан гэж хэлж болно. МАХН-ын дарга Н.Энхбаярын боловсруулсан хөтөлбөрөөс гадна, түүний оролцоо, дэмжлэг Ганбаатарыг "Босоо" гэдэгт тун ойртуулсан. Солонгос иргэнээс Ганбаатарт хандивлаж буй 50 сая воннын бичлэг, дээр нь түүнийг нэр дэвшигчээс нь хасах хууль хүчний байгууллагын оролдлого нь Ганбаатарын рейтингт хасах оноо биш, харин эсрэгээрээ М.Энхболдын суурийг ганхуулсан. Ганбаатарын хувьд Н.Энхбаяр гэх хүний далбаан дор рейтингээ бодитойгоор өсгөсөн нь ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас харагдав. Ард иргэд эрх барьж буй намд, түүний удирдлагад тааламжгүй хандаж буй сигналыг Ганбаатар өглөө. Сүүлийн 25 жилд эрх барихдаа улс орныг сөхрүүлж, ард иргэдийг ядууруулсан МАН, АН-ын хэнд нь ч санал өгөхөөс татгалзаж буйн илрэл нь С.Ганбаатар боллоо. Энэ бол 2020 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан шинж тэмдэг боллоо ч гэж улс төр судлаачид дүгнэж эхэллээ.
Ц.ХИШГЭЭ