Сонгогчид хариуцлагатай сонголтыг наадмын өмнө хийнэ. Эхний шатны дүн эцэслэн гарч Ганбаатар хасагдаж, Х.Баттулга, М.Энхболд нар хоёр дахь шатанд өрсөлдөх болсныг СЕХ зарлав. Эхний шатыг АН-аас нэр дэвшигч Х.Баттулга итгэл төгс тэргүүллээ.
Хуулинд 51%-ийн босго гэж зүйл байгаагүй бол тэр ерөнхийлөгчөөр сонгогдчих байлаа. Тэгвэл яах байсан бол? гэж олон хүн асууж байна. Баттулга улсын тэргүүнээр сонгогдсон тохиолдолд амласнаа л хэрэгжүүлэхийг зорих байсан болов уу? Юуны өмнө, ард түмний өмч буюу, газрын баялагийн хуваарилалтад өөрчлөлт оруулах саналаа УИХ-д өргөн барих байсан болов уу? гэж таана.
Харин М.Энхболд сонгогдвол УИХ, Засгийн газартайгаа нэг зүгт харж урагшилна гэж хэлсэн. Тиймээс ч ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрөө УИХ-ын бодлого шийдвэр, ЗГ-ын үйл ажиллагаатай уясан гэж давуу талаа тодотгосон. Ерөнхийлөгчид хэн дэвших нь чухал ч, юу хийх гэж буй нь, юу хийж чадах нь түүнээс ч илүү чухал гэж бидний сайн мэдэх Герман улсын Канцлер Ангела Меркель хэлсэн байдаг. Тэгэхээр сонголт бол хүндээ ч биш, тэр тусмаа намдаа ч биш болохыг хашир, туршлагатай улс төрч Ангела Меркель сануулж байна.
Гол нь мөрийн хөтөлбөр, тэр хөтөлбөр хэрэгжих үндэслэл, нөхцөл гэж Монголын сонгогчдын боловсролын төвийн мэргэжилтэн судлаачид ч тодотгож байна.
А.ЦЭРЭНДУЛАМ