Х.БАТТУЛГА БА М.ЭНХБОЛД

2017-06-28  

Монгол улсын тэргүүнээр хэнийг сонгох вэ? гэдэг нь, -Улсын наадмаар аль аймгийн, ямар цолтой, хэн гэдэг бөх түрүүлэх вэ? гэх таамгаас илүүтэй олны анхаарлыг татаж байна. Улсын наадмын үзүүр түрүү булаалдах бөхчүүд гэдэг шиг, Х.Баттулга, М.Энхболд нар Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтанд тунаж үлдлээ. Эхний шатны санал хураалтыг итгэлтэй тэргүүлсэн Х.Баттулга Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшиж буй 2 дахь бөх гэдгээрээ анхаарал татаж байна.

Өмнөх сонгуулиар дархан аварга Б.Бат-Эрдэнэ Ц.Элбэгдоржид өвдөг "сөхөрсөн" түүх ой санамжинд ойрхон байна. Үлдэж тунасан Х.Баттулга, М.Энхболд нар үе тэнгийнхэн. Ердөө л нэг насны зөрүүтэй, өөр хоорондоо. Баттулга 54 настай, туулай жилтэй бол, Энхболд 53 настай, луу жилтэй. Баттулга жудо, Энхболд Морин спортын холбоог тэргүүлдэг. Нэг нь их спорт бол нөгөө нь үндэсний спортыг дэмждэг байх жишээтэй. Аль аль нь орон нутгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Өнгөрсөн сонгуулиар Баттулга Баянхонгортоо Элдэв-Очирыг амлаж , бардаж байж унасан түүхтэй гэж нутаг орных нь хэлдэг. Тэгвэл Энхболдын хувьд бардам зан байхгүй. Харин итгэлтэй, баг хамт олонтой гэдэг. 2016 оны УИХ-ын сонгуульд хоёул дэвшиж, Баттулга унаж, Энхболд дахин сонгогдож, улмаар УИХ-ын даргын өндөр сэнтийд заларсан харьцуулалт бий. Аль аль нь олон нийтэд танигдсан ийм хоёр улс төрч хоёр дахь шатанд тунасан. Хуулийн дагуу ямар нэгэн сурталчилгаа хийх нь хориотой. Халз ярилцлага бүр байхгүй. Хэрвээ өөрсдөө зөвшөөрвөл халз ярилцлагыг хэд ч хийж болох нөхцөл бий. Ямар ч гэсэн МАН, АН-ын төлөөлөл Монгол улсын 5 дахь ерөнхийлөгчөөр сонгогдож , Монгол улсын одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос төрийн тамга тэмдгээ гардан авах нь ойлгомжтой боллоо.

Энхболдын хувьд засгийн газартайгаа уясан мөрийн хөтөлбөртэй бол, Баттулгад хөтөлбөр байхгүй гэсэн шүүмжлэл дагуулсан. Х.Баттулгын хувьд Пиарын баг нь М.Энхболдынхыг бодвол цомхон ч гэсэн оновчтой ажилласан. Ёстой л мэргэн бууч шиг "сум тоолсон" гэж дүгнэж болох. Энхболдын багтай адил бийлэгжүү загнаж, тал тал тийш үсчээгүй. Баттулгын ПИАР-ын групп нь түүний гол өрсөлдөгч М. Энхболдыг л онилсон. Түүнд хоёр л зүйлийг " шавар болгон" эхнээс нь нааж нялзаасан. Хоёр зүйлдээ, эхнийх нь хятад цустай, хятад гарал үүсэлтэй, тиймээс Монголыг Хятадад нийлүүлнэ гэх айдас, жигшүүрийг бий болгохыг зорьсон. Зуун зууны турш монголчуудын хятадыг үзэн ядаж ирсэн сэтгэлгээн дээр тоглолт хийсэн. Нөгөө нь төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр худалдан авах тухай бичлэгийг цацсан. Түүндээ Доржзодов гэгч гэмт хэргийн элементийг сайн ашигласан. Ийм л зүйл хийсэн. Энэ бий болгосон хөрсөн дээрээ үндсэн тоглолтоо хийсэн гэж улс төр судлаачид дүгнэсэн. Олон нийтийг жигшүүлэх сэтгэл зүйд хөтөлсөн. Ганбаатарыг ор тас орхисон. Өөрийгээ харин Монгол хэмээн овойлгож, Монгол ялна хэмээн иргэдийн цөсийг хөөргөсөн. Түүнд санал өгөх залуусын тоо хэмжээгээ алдтал өссөн. Ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчид түүнд л саналаа өгнө, Баттулгыг л ерөнхийлөгчөөр сонгоно гэж зүтгэж байв. Тиймээс ч 26-40 насныхан сонгуульд идэвхтэй оролцсон нь энэ удаагийн санал хураалтын онцлог. Түүндээ сошиал ертөнцийн давуу талыг сайтар ашигласан.

Харин М.Энхболдын Пиарын баг тасралтгүй "буудаж" буун дуу тасрахгүй байсан ч байгаа оносон нь цөөхөн. 60 тэрбум болон хятад цустай гэдэг сурталчилгаанд тодорхой хариу өгөөгүй. "Шавраас" нь нэр дэвшигчээ салгах учраа олоогүй. Ганбаатарыг Солонгос иргэнээс хандив авч хууль зөрчсөн гэх 2013 оны сонгуулиар Элбэгдорж нэр дэвшигчийн эсрэг хэрэглэсэн хуучин мэхээ давтсан. Баттулгыг оффшорт данстай, хөрөнгөжсөн, төрийн мэдлийн компаниудыг хувьдаа хувьчилж авсан гэх хуучирсан мэдээг дахин сөхсөнөөс өөрийг сэдэж чадаагүй. Нэр дэвшигчээ онцолж өргөж чадаагүй зэрэг нь эхний сунгаанд М.Энхболдыг "бүдрэх" шахуулсан. Бараг ПИАР-гүй ажилласан бол хоёроороо төвөггүй гарах байсан гэх үзлийг хуваалцана. Сошиал ертөнцөд бүр "ялагдсан". Ийм л харьцуулалтыг хийж болох. Харин дараагийн шатны сонгуульд сурталчилгаа хийхийг хориглосон нь Баттулгын сул тал болох магадлалтай. Сайтыг хяналтандаа авсан учир иргэдийн Фэйсбүүк дээр тавих хяналтаа чангатгахыг ч үгүйсгэхгүй. ПИАР багийн үйл ажиллагааг ийнхүү хязгаарласан нь М.Энхболдын хувьд давуу талыг л үүсгэнэ. Мэдээж нэр дэвшигчдийн хэн хэнд нь намынхаа маш хүчирхэг, амьд сүлжээг бүрэн дүүрэн ашиглах боломж бий. Эхний шатанд тэргүүлсэн Баттулга хувьдаа итгэл төгс байгаа бол, Энхболд ямар ч гэсэн амьсгаагаа дарж амжин, хүч тэнхээгээ сэлбэж, өндийж эхэллээ.

 

 

Э.ДЭЛГЭРБАЯР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин: Нар сар гэж байдаг шүү дээ. Түүн шиг МАН, АН үлдэжидээ 2017-06-28
Зоригоо:Хэнд нь саналаа өгөх вэ? Бүр эргэлзэж орхилоо. Ганбаатарыг дэмжиж байсан юм сан 2017-06-28
Шүрэнцэцэг: Нэг л намд нь хариуцлагыг нь үүрүүлье. До****ын ханш ч бууж байна. 2017-06-28
Сүхээ:Зодолдулчихмаар байдаг. Ажил урашлахаа болих байх даа. 2017-06-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?