СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООГ ӨТНИЙ ЯЛАА, ЭЛДЭВ ХОРХОЙНООС ХАМГААЛЬЯ

2017-06-29  

Улстөржсөн Монголын сонгуулийн хороонд би хэдийнээсээ итгэл үнэмшилгүй ханддаг. Сонгуулийн ерөнхий хороо бол эрх баригч намын гар хөл бологчдоор дүүрсэн байгууллага гэдэгт би итгэдэг. Тиймээс тэдэнд итгэх итгэл үнэмшил эртнээс буурсан. Энэ бол улс төрийн захиалгат байгууллага болж хувирсан гэдэгтэй би санал нийлдэг. Иргэд сонгогчдын чөлөөт сонголтыг хамгаалан баталгаажуулах үүрэг бүхий хамгийн ихээр бие даасан, хараат бус чанартай байх энэ байгууллага эрх баригчдад үйлчилж ирснийг тус байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнээс нь "уншихад " л ойлгомжтой.

Өнөөдөр, СЕХ -г хэн хэн удирддаг вэ? гэдгийг өнгөцхөн дурдая. Дарга нь Содномцэрэн. АН-ын төлөөлөгч, тус намаас УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. СЕХ-г сүүлийн 4 жил гаран хугацаанд толгойлж байна. Тус хорооны гол хүн болох ерөнхий нарийн бичгийн дарга нь Болдсайхан. МАН-ын үнэнч гишүүн, тухайн намаас нийслэл Улаанбаатар хотын тамгын газрын даргаар 10 орчим жил халаа солиогүй ажиллаж байсан нэгэн. Мөн сүүлийн 4 жил ажиллаж буй. Гишүүн Содхүү. МАН-аас УИХ-д сонгогдож байсан. Гишүүн Билигт. АН-ын засгийн газрын үед ЦЕГ-ын даргаар томилогдож байсан. Бүгд улс төрчид, улс төрийн албан тушаал эрхэлж байсан эрхмүүд тэнд төвлөрсөн. Томилгооны шалгуурыг нь, намын дээд удирдлагадаа ойр, итгэлтэй, намдаа болон намын удирдлагадаа үнэнчээр морь нохой мэт зүтгэх хүмүүс гэж ч тодорхойлж болно. Сонгуулийн ерөнхий хорооны бусад гишүүдийн нэрсийг цааш нь үргэлжлүүлэх шаардлагагүй, цаг, цаасны гарз болох нь. Гэхдээ нэг зүйлийг тодотгоход Содномцэрэн, Болдсайхан нарыг өөрчлөөд шийдлийг олохгүй. Бүтэц, томилгооны тогтолцоог бүхэлд нь эргэн харах, өөрчлөн шинэчлэх шаардлагатай болсныг удаа дараагийн сонгууль, түүний дараах үйл явц гэрчлэх болов. Өөрөөр хэлбэл, СЕХ-г удирдаж буй хүмүүс даалгавар, захиалга биелүүлэгч болсон. Содномцэрэн, Болдсайхан, Содхүү, Билэгтийн хувьд мэдлэг боловсрол, ажлын туршлага, чадвараар хэнээс дутахгүй тийм л хүмүүс. Асуудал тэдэнд биш, тогтолцоо нь бүрэн гажжээ. Өнөөгийн тогтолцоогоор шударга гэгдэх хэн ч СЕХ-нд очоод нэмэргүй болсон байна. Тэд ард иргэдэд үйлчлэхээс илүүтэйгээр эрх баригчдад үйлчилдэг тогтолцоонд шилжсэн гэдэг шүүмжлэл тасрахаа больсон. Эрх баригч намын харьяалалаар томилогдсон, намын харьяалал, гар хөл болсон ийм л хүмүүс СЕХ-ны жинхэнэ утгыг алдагдуулсан.

СЕХ анх бий болохдоо ийм арчаагүй, даалгавар биелүүлдэг төдий байгууллага байгаагүй. Улс төрийн дарамт шахалт байсан л байлгүй яахав. Гэхдээ л хамгийн анхны дарга Лхагвасүрэнгийн үед тус байгууллага хараат бус чанараа хадгалж чадаж байсныг мэдэх юм. Лхагвасүрэн даргыг ажлаа өгснөөс хойш, энэ байгууллага хараат бус чанараа аажим аажмаар гээж, МАН болон АН хамтдаа засаг барих үеэс учир утгаа бүрмөсөн алдсан гэж хэлж болно. Зөв сонголт хийе гэвэл, сонголтоо баталгаажуулья гэвэл, энэ байгууллагыг иргэдийн мэдэлд жинхэнэ утгаар нь шилжүүлэх учиртай юм. Бид юм л бол гадаадад гэж ярих, иш татах дуртай. Гадаадын жишгээс дурдвал, Сонгуулийн ерөнхий хороо "тасархай" байгууллага байдаг жишигтэй. АНУ, Герман, Хятад, Япон, Орос зэрэг орны сонгуулийн ерөнхий хорооны даргатай уулзана гэдэг бол хэн хүний хүсэх зүйл биш. Хүслээ ч биелэх боломж хомс гэдгийг тэдгээр орны заримд нь сонгуулийн ажиглагчаар ажиллахдаа анзаарч байсан. Ялангуяа сонгуулийн үеэр тухайн орны хамгийн хүршгүй, хамгийн өндөр албан тушаалтан болж хувирдаг. Байгууллага нь нэвтэршгүй хана, хамгаалалтын цаана ажил төрлөө саадгүй эрхэлж, дарга, нарийн бичгийн дарга нь зэрэг чухал албан тушаалтнуудыг давхар давхар тусгай хамгаалалтад авдаг дэг журам үйлчилдэг.

Тэгвэл Монголын нөхцөл огт өөр, тэд нар хэн ч биш, тэднийг ямар ч хамгаалалалтад авдаггүй, авах ч шаардлагагүй гэдгийг аварга, гавьяат хоёр илчиллээ. Нэг иргэн дураараа давхиад орчихдог, хурлыг нь тасалдуулаад шаардлагаа уншаад гардуулчихдаг үйлдлийг хараад тус байгууллагад итгэл үнэмшилгүй ханддагийн дээр бас урам хугарснаа нууж чадахгүй нь. Төрийн байгууллагад нэвтрэх журмыг дураараа зөрчихийг, хамгаалалтын алба нь зөрчилтэй хүмүүсийг журмаа зөрчин нэвтрүүлж болдгийг АСА-гийн бичлэгээс үзлээ. Энэ бол үлгэрлэх сайн дуурайл биш. Алдартай ч байна уу, үгүй ч байна уу, аварга ч байна уу, жулдрай банди байна уу? ингэж дураараа авирлаж болохгүй ээ. Ёс журам гэж бий. Мөрдөх л ёстой. Өндөр дээд шагнал хүртсэн Аса аварга, гавьяат Сосорбарам нар ингэж буруу үлгэр дууриал үзүүлэхийг хараад сэтгэл дундуур үлдэв. Гэхдээ л аварга, гавьяат хоёртоо талархах зүйл нэг байна. Сонгуулийн ерөнхий хорооны үнэн дүр төрх, маскийг нь тэд хуулж, хичнээн өрөвдөлтэй, арчаагүй, шийдвэргүй, өчүүхэн, жижигхэн хүмүүс тэнд суудгийг бүрэн илчлэв.

Монголын хоёр сая сонгогчийн эрхийг хамгаалах, чөлөөт сонголтыг нь баталгаажуулах билэг тэмдэг болсон Сонгуулийн Ерөнхий Хороо маань ийм жижигхэн, ийм арчаагүй, ийм өрөвдөлтэй, ийм хариугүй сул доройг илчилж өгсөнд талархлаа. Өрөвдөхөөс илүү дур гутлаа. Удирдаж буй хүмүүс нь улс төрийн ноён нуруугүй, арчаагүй, өчүүхэн байж болох. Гэхдээ байгууллага нь ноён нуруутай байх учиртай. Энэ байгууллага, энэ байгууллагыг удирдаж буй энэ хүмүүс монголчууд бидний эрхийг хамгаалж чадахгүйг АСА-гийн шууд бичлэгээс үзээд сэтгэл гонсойлоо. Биднийг, монголчуудыг дэндүү басамжилж буй мэт санагдлаа. Тэгэхээр өчүүхэн өт ,хорхойноос СЕХ-гоо хамгаалья. Ажиллаж чадахгүй, нэг нам, нийлсэн намуудын гар хөл бологчдоос үтэр түргэн салцгааж, өөрсдийнхөө сонгох эрхийг баталгаажуулья. Сонгуулийн ерөнхий хороог жинхэнэ утгаар нь байгуулах аянд мордоцгооё гэж иргэддээ уриалмаар санагдав. Ийм арчаагүй, үлбэгэр Сонгуулийн ерөнхий хороог өмөөрөх, хамгаалах ч утга учир алга. Уул нь, муу ч сайн ч гэсэн СЕХ-гоо хэн нэгэн дураараа авирлах этгээдээс өмгөөлье гэж санасан юмсан, даанч үйл ажиллагааг нь харахаар өөрчлөх цаг болж дээ гэдэг итгэл үнэмшил баталгаажлаа. Намын мэдлийн СЕХ -той байгаа цагт монголчууд сонголтдоо итгэлтэй байж чадахгүй.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Өөрчлөх л байгуул**** 2017-06-29
Ганаа: Дэндүү улстөржсөн 2017-06-29
Хишгээ:Өрбвдөлтэй юм 2017-06-29
Уншигч:Бие биентэйгээ өрсөлдөж байгаа 2 нам яаж хуйвалдана гэж. Өстөн дайсан шиг л байгаа хүмүүс ш дээ. 2017-06-30
зочин:Со дарга харин ч өт хорхойнуудын үгэнд нь орохгүй дургүйг нь хүргээд байгаа юм биш үү 2017-07-01
Зочин:Энхбат гэж энэ ****ны өт хаана том **** байна тэнд очоод дүнгэнээд байдаг болж ,controл гэж шинэхэн хувьсгалт ****ан дээр сууж ээ,хатахаар нь хаашаа нисэх бол 2017-07-01
Зочин:СЕХ өмнө нь Баттулга гэж мундаг даргатай байсан ,та асуулаа би хариулая гэдэг,тэгээд ,,,7.1 2017-07-01
зочин:Сөөнгө хоолойтой энэ нөхөр өт ялаануудынхаа үгэнд орохгүй өөдөөс нь хууль яриад байвал ингэж бичих нь зөв 2017-07-02
зочин:Хөөрхий энэ амьтан хэн гэдэг өтний захиалгаар ийм юм бичиж хэдэн зоос олж байгаа бол доо 2017-07-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?