ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ДЭМЖЛЭГ АВСАН ЭХНИЙ ИРГЭН ОРОН СУУЦНЫ ТҮЛХҮҮРЭЭ ГАРДЛАА

2017-07-07  

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв гарц нь гэр хорооллыг орон сууцжуулах гэж хотын удирдлагууд үзэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч байгаа юм. Иргэдэд орон сууц худалдан авахад тулгардаг гол асуудал нь урьдчилгаа төлбөр байдаг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулж, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас төлүүлэх боломж бий болсон билээ.

Гэр хорооллыг хөгжүүлэх санд хамрагдаж, шаардлага хангасан анхны иргэн орон сууцны түлхүүрээ хотын даргаас өнөөдөр гардан авлаа. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Н.Одончимэг өмнө нь урьдчилгаа 30 хувийн төлбөрөө төлөх боломжгүйгээс орон сууцанд хамрагдаж чаддаггүй байснаа ярьж байсан юм. Тэрбээр “Өнөөдөр маш их баярлаж байна. Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулагдсан талаар сонсоод өргөдлөө өгч бүртгүүлсэн. Энэ бол үнэхээр цаг үеэ олсон ажил гэж бодож байна. Гэр хороололд амьдардаг бид бүгд тохилог орон сууцанд орохыг хүссэн ч мөнгө хуримтлуулж чадаагүй учраас ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй байсан. Одоо бол газраа санд нийлүүлээд урьдчилгаа төлбөрөө төлүүлэх болсонд маш их баярлаж байна. Би “Шинэ өргөө” хотхонд байр авсан. Өнөөдөр түлхүүрээ авлаа. Хотын дарга, удирдлагуудад маш их баярлалаа” хэмээв.

“Хотын утааг бид зөвхөн өвөл биш жилийн 4 улиралд ярьж, анхаарах хэрэгтэй. Утааг багасгах гол ажил нь гэр хорооллыг орон сууцжуулах юм. Гэр хорооллыг хөгжүүлэх санг байгуулснаас хойш 2000 гаруй иргэн хандсан байна. Бид үүнийг судлаад, банкуудтайгаа хамтран шийдэх болно” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

Нийслэл хотод эзэндээ очиход бэлэн болсон ч иргэд худалдан авах боломжгүйгээс борлуулагдаагүй байр олон бий. Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулагдаж, иргэд урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр орон сууц худалдан авах боломжтой болсон нь барилгын зах зээл, барилгын компаниудыг ч давхар дэмжсэн ажил болж байгааг барилгын салбарынхан хэлж байна. Гэр хорооллыг хөгжүүлэх санд хамрагдах хүсэлтэй иргэд Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт хандан, өргөдлөө өгөх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?