АЙМГУУДЫН НААДМЫН ЭРГЭН ТОЙРОНД

2017-07-17  

Наадмын өдрүүдэд аймаг, аймагт үргэлжилж буй аймгийн наадмуудад түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ жил Баян-Өлгий аймгийн наадамд У.Бреке, Дундговьд аймгийн арслан Д.Дэлгэрбат нар түрүүлж хурц арслан цолд хүртсэн байна.

Бөхийн өлгий Архангай аймгийн наадамд өнгөрсөн жилийн үзүүр бөх Лхамсүрэнгийн Жамбал түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Тариат сумын харьяат аймгийн нэмэх начин Ганболдын Болдгэрэл үзүүрлэж аймгийн заан болжээ. Баяр наадмын их шөвөгт Батцэнгэл сумын харьяат цэргийн начин Батсүхийн Зоригтбаатар, Цэнхэр сумын харьяат сумын заан Будаагийн Батсайхан нар үлдэж аймгийн харцага цолд хүрсэн байна.

Баян-Өлгий аймгийн наадамд Цэнгэл сумын харьяат аймгийн арслан Улахпаны Береке түрүүлж хүрц чимэг хүртсэн бол Алтай сумын харьяат аймгийн нэмэх начин Сайнбилэгийн Бат-Үүл үзүүрлэж аймгийн заан болжээ. Мөн Буянт сумын харьяат сумын заан Айбек аймгийн харцага цол хүртсэн байна.

Анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн баяр наадамд Хутаг-Өндөр сумын харьяат жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Хутагийн Цогтгэрэл түрүүлж аймгийн арслан цол хүртэж Орхон сумын харьяат аймгийн заан Булган-Эрдэнэийн Түмэндэмбэрэл үзүүрлэн заан цолоо баталсан байна. Их шөвөгт Тэшиг сумын харьяат аймгийн начин О.Мөнх-Ирээдүй, Д.Батням нар шалгарч, аймгийн харцага цолны болзол хангажээ.

Говь-Алтай аймгийн баяр наадамд Халиун сумын харьяат аймгийн заан Даваадоржийн Буянт түрүүлж аймгийн арслан цол хүртэж, Дэлгэр сумын харьяат аймгийн харцага Дашнямын Ганцоож үзүүрлэж аймгийн заан болсон байна. Барилдааны их шөвөгт Шарга сумын харьяат аймгийн заан Эрдэнэцогтын Даваажаргал үлдэж чимэг нэмсэн бол аймгийн нэмэх начин Галбадрахын Гантулга үлдэж харцага цол хүртсэн. Мөн Дарви сумын заан Х.Дарамзагд, Б.Төрмөнх, Баатархүү нар тав давж аймгийн цолд хүрсэн байна.

Говьсүмбэр аймгийн баяр наадамд Сүмбэр сумын харьяат сумын заан Энхтөрийн Мөнхбаатар түрүүлж аймгийн арслан цолд хүрсэн бол Булган аймгийн харьяат аймгийн харцага Пүрэвдоржийн Даваадорж үзүүрлэж аймгийн заан болсон юм.  Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн заан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл, Булган аймгийн Могод сумын харьяат аймгийн заан Эрдэнэбилэгийн Энх-Амгалан нар үлдсэн байна. Энэ наадамд Өвөрхангай аймгийн харьяат сумын заан Б.Цэрэндагва, Төв аймгийн харьяат сумын заан Дэлгэрдалай, Ховд аймгийн сумын заан Уламсайхан, Сэлэнгэ аймгийн сумын заан Батмагнай нар тав давж аймгийн начин цол хүртсэн юм.

Дархан-Уул аймгийн наадамд Шарынгол сумын харьяат аймгийн заан Сүрэнжавын Очирбат түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол аймгийн харцага Ж.Мандахбаяр үзүүрлэж аймгийн заан цолны болзол хангалаа.

Дорнод аймгийн баяр наадамд Булган сумын харьяат аймгийн заан Ганхуягийн Шинэзориг түрүүлж аймгийн арслан цол хүртэж, аймгийн арслан Дашнямын Ариунмөрөн үзүүрлэж чимэг нэмжээ.Энэ наадамд Төв аймгийн харьяат аймгийн харцага Г.Өсөхбаяр их шөвөгт шалгарч цолоо баталсан байна. 

Завхан аймгийн баяр наадамд Тосонцэнгэл сумын харьяат, “Даян” дэвжээний бөх, аймгийн начин Чойжилсүрэнгийн Мөнхтогтох түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол, Ургамал сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, Хилчин спорт хороо, хилийн цэргийн 0277-р ангийн бөх, аймгийн харцага Пүрэвээгийн Өсөхбаатар үзүүрлэж аймгийн заан болжээ. Барилдааны их шөвөгт Цэцэн-Уул сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, Хилчин спорт хороо, хилийн цэргийн 0277-р ангийн бөх, аймгийн харцага Шагдарсүрэнгийн Чинтулга, Яруу сумын харьяат, Аварга БТДС-ийн бөх сумын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл нар шалгарсан байна.  Энэ наадам шинээр аймгийн начин цолыг Цэцэн-Уул сумын харьяат, сумын заан Э.Шийрэвнямбуу, Их-Уул сумын харьяат, сумын заан Н.Бямбажаргал, Идэр сумын харьяат сумын начин Б.Эх-Амгалан нар хүртсэн бол Тосонцэнгэл сумын харьяат аймгийн начин М.Амарсанаа шөвгөрч  чимэг нэмлээ.

Өвөрхангай аймгийн наадамд  Зүүнбаян-Улаан сумын харьяат аймгийн харцага Баянзулын Цэдэнсодном түрүүлж аймгийн арслан болж Бүрд сумын харьяат аймгийн заан Мөнхбатын Даваасүрэн үзүүрлэж цолоо баталсан бол Их шөвгийн дөрөвт Бүрд сумын харьяат, сумын заан Г.Цэнддорж, Хужирт сумын харьяат, сумын заан Б.Мөнх-Алдар нар шалгарч, аймгийн харцага цол хүртсэн байна. Мөн  Уянга сумын харьяат, сумын заан Адьяацэрэнгийн Батнасан, Хархорин сумын харьяат Пүрэвсүрэнгийн Авирмэд нар тав даван шөвгөрч  аймгийн начин цолд хүрсэн.

Сэлэнгэ аймгийн баяр наадамд Зүүнбүрэн сумын харьяат аймгийн заан Эрдэнэжавын Саранбаатар түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Хүдэр сумын харьяат аймгийн нэмэх начин Даваадоржийн Төрболд түрүүлж аймгийн заан цол хүртсэн байна. Энэхүү наадамд Сант сумын заан Б.Ганбаяр аймгийн харцага цол хүртэж Сант сумын харьяат сумын заан П.Алтанхуяг, Эльбрусын Бат-Эрдэнэ нар тав давж аймгийн начин цолд хүртжээ. Увс аймгийн шилдэг сумын заан Н.Ширчинхүү барилдааны дөрөвийн даваанд аймгийн заан Эрдэнэбаярт унасан байна.

Төв аймгийн баяр наадамд Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн заан Лхангаажавын Цээсүрэн түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Угтаалцайдам сумын харьяат аймгийн харцага Ганболдын Өсөхбаяр үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн байна. Энэ наадамд Сэргэлэн сумын харьяат Дархан аварга А.Сүхбатын хүү сумын заан Хангай, сумын заан Самданжамц, сумын заан У.Цэндпүрэв нар тав давж аймгийн начин цол хүртжээ.

Хөвсгөл аймгийн баяр наадамд аймгийн Цагаан-Үүр сумын харьяат аймгийн начин Нармандахын Жаргалбат түрүүлж аймгийн арслан болж Бүрэнтогтох сумын харьяат аймгийн начин Энхтөрийн Баасанжав үзүүрлэж аймгийн заан цолд хүрсэн байна. Мөн  Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат сумын заан Алагаагийн Мягмаржав ,  Тариалан сумын харьяат сумын заан Хатанзоригт  нар аймгийн харцага,  Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат аймгийн начин П.Ундрал аймгийн нэмэх начин, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат сумын заан Г.Батсүх аймгийн начин цол авчээ.

Хэнтий аймгийн баяр наадамд Баянхутаг сумын харьяат залуу бөх Одхүүгийн Цэцэнцэнгэл түрүүлж аймгийн арслан, Батширээт сумын цэргийн начин Ганцогтын Бадрах үзүүрлэж аймгийн заан цол хүртжээ. Барилдааны их шөвөгт Дэлгэрхаан сумын харьяат аймгийн нэмэх начин Д.Аззаяа, Баян-Адарга сумын харьяат сумын заан Осгондаваагийн Эрдэнэбат нар үлдэж аймгийн харцага цол хүртсэн байна. Энэ наадмын түрүү бөх Цэцэнцэнгэл улсын начин Б.Одхүүгий хүү бөгөөд өнөө жил 18 настай юм. Тэрээр 2016 онд жудо бөхийн насан хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан.

Одоо Баянхонгор аймгийн наадам энэ сарын 20-21-ний өдрүүдэд, Дорноговь аймгийн наадам энэ 28-29-ний өдрүүдэд, Өмнөговь аймгийн наадам 17-18-ны өдрүүдэд, Налайх хотын баяр наадам 21-22-ны өдрүүдэд, Багануур хотын наадам 21-22-ны өдрүүдэд тус тус болох хуваарьтай байна.

 

 

О.ДАШНЯМ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?