ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮЕЭР АЖИЛЛАСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

2017-07-18  

Үндэсний их баяр наадмын үеэр НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэн,  Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийг хамруулж, шалгалтыг зохион байгууллаа. 2017 оны 07 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд 386 улсын байцаагч албан хаагчид болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.

Энэ жил нийт 800 нийтийн хоол, худалдаа эрхлэх зөвшөөрөл олгогдлоо. Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн хоолны чиглэлээр 400, худалдааны чиглэлээр 100, Хүй долоо худагт нийтийн хоолны 200, худалдааны 100 зөвшөөрөл олгогдсон байна. Өнгөрсөн жилүүдэд иргэд, аж ахуй нэгж байгууллагад нийтийн хоол эрхлэх зөвшөөрөл олгогдож байсан бол энэ жилээс зөвхөн аж ахуй нэгж байгууллагад нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгдөг болсноор иргэдэд эрүүл аюулгүй хоол хүнсээр үйлчлэх нөхцөл баталгааг илүү сайжрууллаа..

Нийт худалдаа үйлчилгээ эрхлэгчид, үйлчилгээний цэгүүдийн гадна талд нэр, хаягаа ил харагдахуйц байрлуулсан, худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулах эрхийн зөвшөөрөлийн мандатаа ил байрлуулах, худалдаа, үйлчилгээ  эрхлэгчид нь  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд  хамрагдсан,  тогооч нар нь мэргэжлийн үнэмлэхтэй, аж ахуйн нэгжүүд эмблем лого бүхий дүрэмт хувцас, малгайгаар жигдэрч, анонс байршуулсан. Хуушуураар үйлчлэх газрууд нь үйлчлүүлэгчдэд зориулсан сүүдрэвчтэй, сандал ширээ тавьсан, нэг удаагийн хэрэглээний бээлий, зориулалтын чимхүүр, сэрээ, халбага, нойтон болон амны сальфетка хүрэлцэхүйц байрлуулсан, хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалах хөргөгч, хөлдөөгчийг байршуулсан, гадна дотроо хогийн савтай байх шаардлага өгч, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт НМХГ-ын явуулын лаборатори ажиллаж бүтээгдэхүүнийг газар дээр нь шинжиллээ. Махны 113, айрагны 26, нийт 139 дээжийг  лабораторийн шинжилгээнд хамруулж улсын /ахлах/ байцаагчийн 14 дүгнэлт гаргалаа.

Шалгалтын явцад 707 зөрчил илрүүлж, газар дээр нь 644 зөрчил  буюу 91 хувийг арилгуулж ажиллалаа.

  • Мэдрэхүйн эрхтнээр болон лабораторийн сорилтын дүнгээр чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан нийт 243,3 кг 1 сая 423 мянга 305 төгрөгийн үнэр орж муудсан хонь, ямаа, үхрийн мах, хүнсний бүтээгдэхүүнийн аюулгүй байдлын шаардлага хангаагүй 2кг нийслэл салат, 6 ширхэг хуушуур, зөвшөөрөлгүй цэгт худалдаалсан 11 төрлийн 136 ширхэг тамхи зэрэг нийт  700 төгрөгийн бүтээгдэхүүнийг улсын /ахлах/ байцаагчийн  актаар хураан авч устгаж зөрчлийг  газар дээр нь таслан зогсоосны дүнд хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал алдагдсанаас гарч болзошгүй эрсдэлийг  бууруулж, хоол хүнс тэдгээрээр дамжих  халдвар, хордлого гарахаас урьдчилан сэргийллээ.
  • Сүхбаатарын талбайд нийт давхардсан тоогоор 108 иргэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд 31 иргэн гар дээрээс хуушуур, өндөг, зайдас, шорлог зэрэг түргэн гэмтэх бүтээгдэхүүн худалдаалахыг таслан зогсоож, 230 иргэдэд ил задгай гар дээрээс чанарын баталгаажилтгүй түргэн гэмтэх бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, илрэх хор уршгийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө
  • “Хүй долоон худагт” нийт 24 бие засах газар ажиллалаа. “UBG” компани цэвэр усны 4 автомашин, бохир усны 8 авто машин ажиллуулсан бөгөөд тогны хүчдэл муу байгаагаас усаа бүрэн татаж чадахгүй бөглөрөл үүссэн байна.
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд байгаль орчин, орчны цэвэрлэгээнд хяналт тавин ажилласан. Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, төрийн бус байгууллага, дүүргүүдийн нийтлэг үйлчилгээний газар, тохижилт үйлчилгээний газрууд зохион байгуулалт сайтай хог хаягдлыг дор бүр нь цэвэрлэж байна. ААНБ, иргэдийг дор бүрдээ хог хаягдлаа тухай бүр цэвэрлэж байх талаар зөвлөгөө өглөө.
  • Хан-Уул дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс нь хуушуур хайрах зөвшөөрөл дээрээ хорхог шорлог гэж бичсэнээс аж ахуйн нэгжүүд шорлог хийх үйлчилгээ явуулж улсын байцаагчдын ажилд хүндрэл учруулж байлаа.
  • Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлгүй 5 зайрмагны худалдаанд тог өгч ажиллуулж байсныг зогсоолоо.
  • Хан-Уул дүүргийн 62 дугаар байрлалд байсан Яг-Ган ХХК-ийн ахуйн хэрэглээний газыг зориулалтын бус газар бэхэлгээгүй байрлуулсанаас хуй салхинд баллон унаж хийн хоолойн бэхэлгээ задарсанаас гал гарч хуушуур хайрч байсан иргэний гар түлэгдэж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн.
  • Баянгол дүүргийн 5 номерт үйл ажиллагаа явуулж байсан Амила цон ХХК-ийн цахилгаан плитка шатсанаас хуушуур хайрч байсан 2 хүн гэмтэж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн.  Амила цон ХХК нь хийн баллоноо буруу байрлуулсан, хийн утсаа дутуу холбосон байснаас салхи гарч гал гарсан байна. Хийн баллоныг галын ойр байрлуулсан Ян ган ХХК, цахилгааны зөрчил гаргасан Амила цон ХХК-ийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох арга хэмжээ авлаа
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй 4 ААНБ ийн цахилгаан дамжуулах кабель утас нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон шугамыг газар дээр нь солиулан, аюулгүйн ажиллагаа хангагдаагүй 3 ААНБ ийн тоног төхөөрөмжийг стандартын дагуу холбуулан,  эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол сануулж ажилласан.
  • Хүй долоон худагт цахилгаан хэрэглэгчийн дундын  щитүүдийн аюулгүй байдлыг шалгаж  “о” шитнүүдэд  төгсгөвч хийх, хэрэглэгчийг хуучирсан кабель утас холбохгүй байх үүрэг чиглэлийг өгч, эмх замбраагүй холбосон цахилгаан хэрэгсэл кабиль утаснуудыг хэвийн байдалд оруулах талаар заавар зөвлөгөө өгч ажилласан.
  • Мөн хоол үйлдвэрлэлийн цэгүүдэд суурилуулсан шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч аж ахуйн нэгж иргэдийн хий ашиглалтын байдлыг шалгаж, холбогдох дүрмийг мөрдөж ажиллахыг зөвлөв. Мөн “Дашваанжил” ХХК-ийн инженер техникийн ажилтнуудад хэрэглэгчдэд хяналт тавьж, тогтмол үзлэг хийж мэдээлэл өгч байх үүрэг даалгаврыг өгч ажиллалаа. 55 хоол үйлдвэрлэлийн цэгийн хийн зуух болон баллон хоорондын зайн хэмжээн зөрчлийг арилгаж, хийн баллоныг унахаас сэргийлж бэхэлгээ хийлгэсэн. 20 газар ашиглалтын шаардлага хангахгүй хийн уян хоолойг ашиглаж байсныг стандартын шаардлага хангасан хийн хоолойгоор солиулсан.
  • Хүй долоон худагт ажиллаж байсан био нойлийн 6 суултуурын бохирыг соруулалгүйгээр тухайн цэгт нь асгасан байсныг UBG ХХК-иар цэвэрлэгээг хийлгэж Цасны хачир ХХК тухайн ормын 100 мкв талбайг хлорсепт, желю, жавелин мөн иодын уусмалаар халдваргүйтгэж, шавьжгүйтгэлийг бүрэн хийж гүйцэтгэлээ.
  • Мөн нийтийн бие засах газрын тогны хүчдэл муу байгаагаас усаа бүрэн татаж чадахгүй бөглөрөл үүссэн учир ““UBG” компаниa удирдлагуудад дээрхи байдлыг сайжруулж хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах талаар үүрэг даалгавар өгч зөрчлийг арилгуулж ажиллалаа.
  • Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд үйл ажиллагаа явуулж буй Дэлгэр тэс ХХК, Зөв эрдэнэ профейшнелл ХХК, Интернэшнл трансфортешин ХХК, Соёмбохүү ХХК, иргэн С.Ичинноров, н.Ариунболд, н.Шинэхүү зэрэг иргэний  234,3кг  1370655 төгрөгийн хонь, ямаа, үхрийн махыг хурааж устгалаа.
  • Хаш шонхор ХХК, Мандал агро ХХК-ийн хуушуурын цэгт бэлтгэсэн 7 кг махыг аж ахуйн нэгжийн дотоод хяналтаар газар дээр нь устгууллаа.
  • Тайхарын хүрхрээ ХХК-ийн худалдааны цэгт зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсан 11 төрлийн 136 ширхэг 437.700 төгрөгийн  үнэ бүхий тамхийг хураан авч Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг хурааж, устгах, улсын орлого болгох орон тооны бус зөвлөлд шилжүүлж ажиллалаа.
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд 29, Хүй долоо худагт 63, Үндэсний соёл амралтын хүрээлэнд 31, Чингисийн талбайд 108, нийт 192 зөвшөөрөлгүйгээр шорлог хийсэн, гар дээрхи худалдааг таслан зогсоох арга хэмжээг авч ажиллалаа.
  • Шалгалтад хамрагдсан хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний цэгүүдэд хоолны хордлого, хордлогот халдвараас сэргийлэх, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн.
  • Баяр наадмын үеэр Хүй долоо худгын ажлын хэсэгт нийтийн бие засах газрын эргэн тойронд хогтой, цэвэрлэгээ халдваргүйтгэл муу байна гэсэн гомдлын дагуу Монгол наадам цогцолборын 91927393 утсаар холбогдож нийтийн бие засах газрын цэвэрлэгээ, үйлчилгээг сайжаруулах талаар шаардлага тавьж, халдваргүйтгэлийг тогтсол хийж байх талаар зөвлөгөө өгч, эргэж тойрны хогийг цэвэрлүүлж ажиллалаа.    

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?