Ипотекийн зээл төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан бол одоо нийгмийн даатгалын сан, тэтгэврийн даатгалын сангийн хуримтлалын их үүсвэр буюу даатгуулагчдын шимтгэлийн орлогоос бүрдсэн хуримтлалаас санхүүжихээр болж байна. Энэ сан зөвхөн ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлээд зогсохгүй цаашид үр ашигтай томоохон хөтөлбөр, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болно гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Сайдын цаг" уулзалтын үеэр мэдээллээ.
Энэ дагуу төрөөс нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сан дээр төвлөрүүлэх 10 гаруй их наяд төгрөгийн төлбөр байгаа юм. Энэ төлбөрийн 30 хувь буюу 3 их наяд төгрөгийг тэтгэврийн даатгалын санд шилжүүлжээ. 2030 он хүртэл Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хуулийн дагуу уг сан ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хариуцах юм. Таван хувийн зээлээр эхний ээлжинд алслагдсан дүүрэг дэх орон сууцнуудыг санал болгож байгаа бол дараагийн ээлжинд төвийн орон сууцуудыг уг зээлд хамруулахаар төлөвлөсөн байна.
А.САЯН