ХБНГУ-ын Весбадан, Берлин хотод энэ сарын 16-наас 23-ний өдрүүдэд Дэлхийн банкны "Ухаалаг засаг" төслийн хүрээнд “Статистикийн чанарын удирдлага” сэдвээр танилцах сургалт зохион байгуулагдлаа. Сургалтад Үндэсний статистикийн хорооны Хяналт, шинжилгээ, мониторингийн хэлтсийн дарга Б.Саранчимэг, тус хэлтсийн шинжээч Д.Нямсүрэн, Үндэсний тооцоо, шинжилгээ, судалгааны газрын ахлах статистикч М.Оюунжаргал, статистикч Г.Ялалт, Олон нийттэй харилцах хэлтсийн зохион байгуулагч Л.Сарантуяа нар оролцлоо.
Сургалтаар статистикийн үйл ажиллагаанд үнэлгээ, хяналт шинжилгээ, аудит хийх, статистикийн мэдээллийг эцсийн үр дүнгээр залруулах, өөрчлөх, статистикийн бүтээгдэхүүнд гарсан алдааг шалгах, залруулах мэдээллийг урвуулан ашиглах, буруу тайлбарласан тохиолдолд хэрхэн тайлбар хийх зэргээр сонирхолтой илтгэл тавьсан юм. Мөн анхан шатны мэдээллийг боловсруулахад ашиглаж байгаа ерөнхий загвар, статистикийн мэдээллийг боловсруулах, орлуулга хийх аргууд, статистикийн байгууллагаас гаргаж байгаа мэдээллийг бусад мэдээлэл үйлдвэрлэгч байгууллагын мэдээлэлтэй уялдуулах, эцсийн үр дүнг хэрхэн баталгаажуулан гаргаж байгаа байдлыг Германы статистикийн байгууллагаас танилцуулж, харилцан ярилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Сургалтаар хуримтлуулсан мэдлэг, туршлага дээр үндэслэн ҮСХ-ноос статистикийн мэдээлэлд залруулга хийх, гарсан алдааг залруулах, мэдээллийг шалгах, боловсруулахад баримтлах гарын авлагыг боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ:ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ГАЗАР